| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/29847/И |
| Дугаар | 210/МА2026/01151 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/01151
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
4,521,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 4,521,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь ...2024 оны 12 дугаар сард 168 цаг ажилласны 56 цаг нь илүү цагаар ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нэг цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж 4,521,804 төгрөг /53,831 х 1.5 х 56/-ийг гаргуулна... гэсэн бол,
2.2. Хариуцагч нь ...2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай 197/ШЗ2026/44816 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар татгалзах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь 12 сард ногдох үндсэн цалин буюу 1 хувиа авчихсан учир 0.5 хувийн тооцооллын асуудал буюу 1,507,627 төгрөгийн асуудал яригдана. Түүнээс биш 4,521,804 төгрөг нь өөрөө үндэслэлгүй... гэж маргажээ.
3. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлын байран дээрх сургалтын сургагч ажилтнаар 14 хоног ажиллаад 7 хоног амрах хуваарьтайгаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, зохигч уг гэрээнд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил амралтын цагийг 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар нэмэлт, өөрчлөлт оруулжээ /х.х-ийн 19-25/.
Талуудын хооронд 2014 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар маргаангүй. Харин 112 цаг /14x8/-аас 168 цаг хүртэл илүү ажилласан 56 цаг /14x4/-ийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх талаар маргасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс сарын ердийн ажиллах цагийг 112 цаг, үүн дээр өдрийн уртасгасан буюу илүү ажилласан 4 цаг /4х14/, тухайн сард илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл цалин хөлсийг олгох ёстой гэсэн бол, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил-амралтын горимыг 14:14 хоногоор тогтоосон, мөн ажилтан 14 хоног ажиллахдаа өдөрт 12 цаг ажиллана гэх хөдөлмөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд 14 хоногт 168 цаг ажиллаж байгаа нь илүү цагаар ажилласан гэх нөхцөл байдалд хамаарахгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болсон байгааг доорх байдлаар залруулна.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гээд 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.
Нэхэмжлэгч *******а нь 2024 оны 12 дугаар сарын цалин хөлсийг нэхэмжилсэн.
Ажил олгогчоос тогтоосон журмын дагуу 2024 оны 12 дугаар сарын цалинг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгох бөгөөд энэ өдрөөс дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацааг тоолоход 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусах ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. /х.х-ийн 13-14/
4.2. Мөн дээр дурдсан хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана гэж, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК-ийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийг хэзээ гардаж авсан нь тодорхойгүй байх боловч тухайн тэмдэглэл гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийг тоолоход 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусах бөгөөд тэрээр 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна. /х.х-ийн 11-15/
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.
Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр гарсан 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс ажлын 10 хоногийг тоолоход 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дуусах хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШЗ2025/44816 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул дээрх хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ. /х.х-ийн 15/
4.4. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.3-т Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэж, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 16-17/
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн захирамжийг 38 хоногийн дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гардаж авсан нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг шинээр эхлэн тоолох тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гардаж авсан 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш уг хугацааг тоолоход 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болж байна.
Иймд, нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авна.
5. ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 тоот тушаалаар баталсан Ажлын цагийн тухай журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1.8 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасантай нийцээгүй байна /х.х-ийн 94-98/.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 87 дугаар зүйлийн 87.2-т Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, 87.3-т Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгон гэж, мөн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заажээ.
Тодруулбал, ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч нь уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болох ба энэ тохиолдолд ажилтны нэг ээлжийн ердийн ажлын цаг өдрийн 8 цаг байх, хэрэв илүү цагаар ажиллуулах бол 4 цагаас илүүгүй хугацаагаар ажиллуулж болох бөгөөд тийнхүү илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү ажилласан нэмэгдэл цалин хөлсийг түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгохоор зохицуулсан байна.
6. Хэдийгээр уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан ердийн цагаар ажилладаг ажилтантай ижил 168 цаг ажиллаж буй боловч тэрээр 14 хоногт 168 цаг, харин ердийн цагаар ажилладаг ажилтан 20-21 хоногт 168 цаг ажиллаж буй байдал, түүнчлэн ажилтан өөрийн оршин суугаа газар, гэр бүлээсээ алслагдсан газар байрлаж ажиллаж байгаа эдгээр нөхцөл байдлыг тус тус харгалзан уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны сарын ердийн ажиллах цагийг 112 цаг байхаар тогтоож, үүнээс дээш гарсан цагт илүү цагийн хөлс олгохоор онцлог байдлаар хуульд зохицуулжээ.
7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Улсын дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах эрхийнхээ хүрээнд нэр бүхий хүмүүсийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох илүү цагийн цалин хөлсний талаарх маргааныг хянан шийдвэрлэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон.
Тиймээс дээр дурдсанаар олгоогүй үлдсэн 56 цаг /168-112/ илүү ажилласан нэмэгдэл хөлсийг ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой байтал ердийн ажлын цаг /56 x 1/-аар тооцож өгсөн байх тул олгоогүй үлдсэн илүү цагийг 0.5 дахин нэмэгдүүлсэн /56 x 0.5/-тэй тэнцэх хэмжээний нэмэгдэл цалин хөлсийг нэхэмжлэгчид олгоно.
8. Нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдаагүйн улмаас түүний 1 цагийн цалин хөлсийг дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцох боломжгүй байх боловч нэхэмжлэгч нь нэг цагийн цалин хөлсийг 53,831 төгрөг гэсэнтэй хариуцагч маргаагүй тул үүнээс илүү цагийн хөлсийг тооцоход 1,507,268 төгрөг /53,831 х 0.5 х 56/ болж байна.
9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* ХХК-аас 1,507,268 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/02167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 1,507,268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,014,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.МАНДАЛБАЯР