| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00868/И |
| Дугаар | 01179 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 01179
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2016/01179 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Техник Импорт Хувьцаат Компани /захирал Д.Ганцэцэг/
Хариуцагч: Конкрете бетон хийц ХХК /захирал П.Мөнхдэлгэр/
114 569 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Техник Импорт хувьцаат компани нь Конкрете бетон хийц ХХК-тай 2015 оны 03 сарын 27-ны өдрөөс 2015 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэл цемент худалдах худалдан авах гэрээг байгуулж, 1 тонн цементийг 140.000 төгрөгөөр, 5000 тонн цемент худалдахаар болсон. Гэрээний 4.4а-д худалдан авсан барааны нийт үнийг худалдагч талын дансанд шилжүүлнэ гэж заасан. Худалдагч тал барааны үнэ дансанд орсны дараа ачилтыг гүйцэтгэх байсан боловч манай компанийн зөвшөөрөлгүй ачит хийсэн байсан. Конкрете бетон хийц ХХК нь гэрээний нөхцөлийг зөрчиж төлбөр хийгээгүй байж цементийг ачиж авч явсан байсан. Иймд Конкрете бетон хийц ХХК-аас цемент худалдах худалдан авах гэрээний төлбөрт 114 569 700 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
.
Хариуцагч Конкрете бетон хийц ХХК-ийн захирал П.Мөнхдэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь Техник Импорт ХК-ний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Бид гэрээний дагуу цаг хугацаанд нь төлбөрийг хийж бараа болох цементийг авч байсан. Цемент авах үедээ Техник импорт ХК-ний зөвшөөрөлгүй ачилт хийгээгүй болно. Иймд бидний хооронд үүссэн өр авлага болох 114 569 700 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд төлбөрийг барагдуулах хугацааг хоорондоо тохиролцох болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Конкрете бетон хийц ХХК нь нэхэмжлэгч Техник Импорт ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 114 569 700 төгрөгийг төлж барагдуулна гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 730 799 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 365 399,5 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 365 399,5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Техник Импорт Хувьцаат Компанийн нэхэмжлэлийн шаардлага 114 569 700 төгрөгийг хариуцагч Конкрете бетон хийц ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 730 799 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 365 399,5 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 365 399,5 төгрөгийг хариуцагч Конкрете бетон хийц ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч Техник Импорт Хувьцаат Компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ