Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01152

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08761 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинд 38,850,526 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 38,850,526 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00555 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлсэн тогтоосон боловч хариуцагч шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар нэг өдрийн ажлын цалин 359,727 төгрөгөөр тооцоход 2025.01.23-ны өдрөөс 2025.07.03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны төлбөрт 38,850,526 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү... гэсэн бол,

 

2.2. Хариуцагч нь ...нэхэмжлэгчийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Гэтэл нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00555 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-ийн ******* уурхайн даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/403 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Гэрэлт-Одыг Уурхайн мэдээлэл технологийн компьютер сүлжээний инженер-ийн ажилд эгүүлэн томилж, хариуцагчаас 64,638,452 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 9-14/

 

3.2. Улмаар хариуцагч ******* ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/819 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн томилсон байна. /х.х-ийн 15/

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Нэгэнт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00555 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ын нэг өдрийн дундаж цалинг 359,727 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байх тул зохигч энэ талаар маргах эрхгүй.

 

Тиймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажлын 112 өдрийн хугацааны цалин хөлс 40,289,424 төгрөг /359,727 х 12/ болж байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээгээр буюу 38,850,526 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гээд 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/819 тоот тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж *******ыг урьд эрхэлж байсан ажилд томилсон байх тул уг өдрөөс хойш 90 хоногийн дотор буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч нь сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байжээ.

 

Гэвч тэрээр 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь цаг хугацаа, зардал мөнгөний хувьд үр ашиггүй.

 

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маргаагүй, харин нэхэмжлэлийн үнийн дүнд маргаантай байгаа энэ тохиолдолд талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй, тийнхүү эвлэрэх эрхээ хэрэгжүүлэхээр зайлшгүй хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон гурван талт хороонд хандах ёстой гэж үзэх нь учир дутагдалтай тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хүчингүй болсон хуулийн заалт болох Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг баримталсан нь буруу болсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан эрх хэмжээний хүрээнд зөвтгөнө.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08761 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 гэснийг 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Б.МАНДАЛБАЯР