| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0260/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/273 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/273
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Хохирогч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Б-т холбогдох 192100 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Н.Б. /РД: ЖЙ/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны төвийн гадна иргэн Б.О-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг бий болгож 35000 юанийг залилан авч, Монгол төгрөгөөр 13.519.100 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ү.Хийн өмчлөлийн “Самсунг S8 плас” маркийн гар утасны үнийг мобайл банкаар дамжуулсан гэж хуурч, залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэгш арвижих жанцан” барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн барьцаанд тавьсан “Самсунг S8 плас” маркийн гар утсыг буцаан авахдаа “Тэгш арвижих жанцан” барьцаалуулан зээлдүүлэх газарт төлөх 318,000 төгрөгийг мобайл банкаар дамжуулсан гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилаж бусдад нийт 14,437,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны төвийн гадна иргэн Б.О-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг бий болгож 35000 юанийг залилан авч, Монгол төгрөгөөр 13.519.100 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ү.Х-ийн өмчлөлийн “Самсунг S8 плас” маркийн гар утасны үнийг мобайл банкаар дамжуулсан гэж хуурч, “Самсунг S8 плас” маркийн гар утасыг залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэгш арвижих жанцан” барьцаалан зээлдүүлэх газраас барьцаанд тавьсан “Самсунг S8 плас” маркийн гар утсыг буцаан авахдаа “Тэгш арвижих жанцан” барьцаалуулан зээлдүүлэх газарт төлөх 318,000 төгрөгийг мобайл банкаар дамжуулсан гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан 318,000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг үйлдэж бусдаас нийт 14,437,100 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1931 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...шүр захын баруун талд байх бэлнээр юань зардаг авдаг машинтай хүмүүс зогсдог газарт очоод нэг эгчтэй уулзсан. Би тэр эгчид манай ээж хил гарах гээд яаралтай юань хэрэгтэй болоод байна гэж хэлээд тэр эгчээс 35,000 юань худалдан авахаар болсон. Улмаар тэр эгчид бэлэн мөнгө байхгүй байна мөнгөө дансаар шилжүүлье гээд тооцоо нь 13,580,000 төгрөг болсон. Тэгээд би утсаа гаргаж мобайлаар шилжүүлье гээд дансны дугаарыг нь аваад утсан дээрээ шилжүүлж байгаа дүр үзүүлээд шилжүүлэг хийгдчихлээ шүү эгчээ гээд утсаа үзүүлсэн. Тухайн эгч тогтож харалгүй за за гээд миний утасны дугаарыг авч үлдсэн. Би тэр эгчээс нийт 15000 болох 2 боодол бусад нь задгай мөнгөнүүдийг тоолж Хаан банк гэсэн шошготой хар өнгийн гялгар уутанд хийгээд тэндээс такси бариад Хаан банкинд очоод 5000 юанийг солиулж, 1,900,000 орчим төгрөг болсныг 400,000 төгрөгийг өөрийнхөө 5423 данс руу хийж, 1,600,000 төгрөгийг хамаатан Т данс руу шилжүүлсэн. Учир нь би Т 1,600,000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд бусад мөнгийг нь аваад эгчийн гэр болох Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 13-08 тоот хашаанд байх эзэнгүй гэрт орж 25,000 юанийг баруун талын хураалгаастай байсан том хар цүнхэнд хийгээд 5 мянган юанийг нь аваад өөртөө байлгаж байгаад маргааш нь гарч мөн Хаан банкин дээр очоод Монгол мөнгө болгоход 1,900,000 орчим төгрөг болсныг 1,500,000 төгрөгийг бэлнээр аваад бусад мөнгийг нь данс руугаа хийлгэсэн. Бэлнээр авсан 1,500,000 төгрөгийг эгч Э хадгалуулахаар өгсөн. Би эгчид хадгалуулахаар өгөхдөө хүнээс авсан гэж хэлээгүй, хуримтлуулж байсан мөнгө маань байгаа юм гэж хэлсэн. Энэ үед юань зарсан хүн над руу яриад мөнгө чинь шилжээгүй байна шүү дээ гэхэд нь би шилжих байлгүй дээ гэж хэлж байсан юм. Улмаар тэр эгч намайг уулзъя гэж залгаад бид хоёр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Оргил зоогийн газарт уулзаад мөнгө чинь шилжиж ирээгүй байна гэхэд нь би эхлээд тань руу 580,000 төгрөгийг шилжүүлчихье гээд шилжүүлсэн, тэгээд нийт 13,000,000 төгрөг өгөх болж тэгширлээ, хэзээ өгөх юм бэ гэхэд данс руу чинь орох байлгүй дээ, би бүгдийг нь уг нь явуулсан, шилжүүлэг хийгдсэн гэж гарч ирсэн гэж худал хэлсэн. Дээрх эгчээс ийм байдлаар мөнгө залилсан асуудлыг хэн ч мэдээгүй. Тэгээд тэр цагдаад мэдэгдэнэ гээд байсан бөгөөд би Э эгчээс хадгалуулахаар өгсөн байсан 1,500,000 төгрөгийг авч тэр эгчид буцааж өгсөн. Одоо би хохирогчид 25,000 юаныг өгөх дутуу... тус 25,000 юаныг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 13-8 тоот хашаанд байх Э эгчийн гэрт хийсэн. Улмаар тус хийсэн газартаа үзэхэд тус мөнгө байхгүй олдохгүй байна. ...надад 35,000 юань солиулах Монгол мөнгө байгаагүй. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор юань сольдог эгч дээр очоод 35,000 юань хэрэгтэй байна. Монгол мөнгөөр солиулах гэсэн юм гэж худал хэлсэн. 35,000 юань ийм их мөнгө болно гэж мэдээгүй. Надад өрөндөө өгөх 1,600,000 төгрөг л хэрэгтэй байсан, гэтэл тэр эгчтэй уулзаад яагаад 35,000 юань гээд хэлснийг ойлгоогүй, гэхдээ анхнаасаа ингэж худлаа хэлээд мөнгө авчихъя гэсэн санаа зорилготой тэр эгчээс юань авсан. ...би буруу зүйл хийсэн, хохирлоо барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ... “Экспо” худалдааны төв дотор байрлах гар утасны худалдааны газарт очиж гар утас үзэж байгаад саарал өнгийн Самсунг S8 плас маркийн гар утсыг 600,000 төгрөгөөр худалдан авахаар болж тухайн утсаа боолгоод утасныхаа мөнгийг худалдаг эгчийн данс руу мобайл банкаар мөнгийг нь хийнэ гэж худал хэлсэн. ...Би тухайн утсыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тэр худалдагчаас аваад шууд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш Арвижих жанцан” барьцаалан зээлдүүлэх газарт гэрээ хийж 300,000 төгрөгөнд барьцаанд тавьсан. ...Уг ломбарданд очоод утсаа авах гэхэд нэг настай эмээ байхаар нь мобайл банкаар мөнгөө хийсэн гэж худал хэлээд барьцаанд тавьсан утсаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-118/
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 6-р баг Шүр захын баруун талд валют арилжаа хийгээд машиндаа сууж байхад нэг охин орж ирээд “ээж маань Алтан-Эмээл рүү явах болчхоод яаралтай 35000 юань хэрэгтэй болчихлоо, Монгол мөнгөөр солиулъя гэж хэлсэн. Тэгээд би тэр охинд 1 юанийг 388 төгрөгөөр бодож нийт 13.580.000 төгрөгөнд 35.000 юань өгсөн. Тэр охин дансаар мөнгийг чинь шилжүүлчихье гээд утсаа гаргаж ирээд миний дансны дугаарыг авсан. Тэгээд би түүнд данс, нэрээ хэлэхэд тэр шилжүүлчихлээ шүү гээд утсаа харуулсан, энэ үед би тогтож анзаарч хараагүй., шилжцэн байлгүй гээд тоогоогүй. Миний гар утсанд уг нь гүйлгээ хийсэн талаар мессеж ирдэг, тухайн үед мессеж ирээгүй. Тэр охин эгчээ би яараад байна гэхээр нь би түүний утсаны дугаарыг аваад явуулсан. Ингээд тэрнээс хойш дансанд мөнгө шилжиж ороогүй. Орой нь түүний надад өгсөн дугаар болох 8944 дугаар руу залгаж мөнгө шилжиж ороогүй байна гэхэд тэр эгчээ санаа зоволтгүй, ээж хил гараад явцан, манайх малтай боломжийн айл, аав маань нэг хурдан даагаа үнэтэй зарсан, маргааш ирээд таны мөнгийг өгчихнө гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд маргааш нь түүн рүү залгахад аав ирж байгаад машин нь эвдрээд хөдөө байна гэнээ би тосохоор явлаа миний утас хэсэг холбогдохгүй байж магадгүй, та битгий сандраарай гэж хэлсэн. Тэгээд би түүнд итгээд яваад байсан чинь мөнгийг маань өгч чадахгүй болоод өнөөдрийг хүрсэн. Тэгээд түүнийг өнөөдөр олж уулзаад цагдаад өгнө гэсэн чинь таны мөнгө гэрт байгаа манайд хамт очоод авчих гэхээр нь би түүнийг дагаж Зангиатын 13-8 тоот хашаанд очоод тэр гэр рүү орж мөнгөө хайгаад олдохгүй байна гэсэн. Тэгээд гэрийн хойд талын байшинд байх эгч нь надад 1.500.000 төгрөг хадгалуулсан шүү дээ юун мөнгө байсан юм гээд надад гаргаж өгсөн. мөн Б нь данснаасаа 200.000 төгрөг шилжүүлсэн. мөн өмнө нь 580.000 төгрөг шилжүүлсэн. Одоо би түүнээс Монгол мөнгөөр бодоход нийт-11.300.000 төгрөгийг авах дутуу байгаа... би тус хүнийг огт танихгүй. 2019 оны 06 сарын 25-ны өдөр машинд орж ирж суугаад яаралтай юань хэрэгтэй байна, 35.000 юанийг Монгол мөнгөөр авах гэсэн юм гээд л авсан. Мөнгийг өгөлгүй намайг залилан мэхэлсэн... БНХАУ-ын юань Монгол мөнгөөр 388 төгрөгийн ханштай байсан. Ингээд 35.000 юань нь 13.580.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Хохирогч А.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувиараа Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш Арвижих жанцан” ломбардны захирлаар ажилладаг юм. Би Улаанбаатар хот руу ажлаар явах хооронд манай ээж Я ломбарданд суусан юм. Тухайн үед нэг охин “Н.Б” ирээд ээжид маань Самсунг S8 плас маркийн гар утсыг барьцаанд тавиад явсан байсан... Улмаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд ээж Я залгаад “нэг охин гар утсаа аваад мөнгөө шилжүүлээгүй байна надад худлаа хэлээд яваад өгчихлөө” гэхээр нь гэр рүү нь очсон боловч байхгүй болохоор нь ээжээс нь дугаарыг нь аваад залгахад авахгүй байж байгаад утсаа аваад “би удахгүй шилжүүлнэ, та дансаа явуулчих, би гадуур ажилтай явж байна гэж худал хэлээд шилжүүлэхгүй байсан. Түүнээс хойш маш олон удаа залгасан боловч утсаа авалгүй өдийг хүрсэн “тэр охин утсаа барьцаанд тавиад 8 хоногийн дараа авсан учир 318,000 төгрөг болсон байсан, би хохирлоо Б гэх охиноос бүрэн авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94, 126 дугаар хуудас/,
Хохирогч Ү.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад 14 цагийн орчимд 20-25 насны охин орж ирээд өчигдөр үзсэн утсаа авъя гэж хэлээд Самсунг S8 плас маркийн гар утсыг боолгосон. Улмаар тухайн гар утасны үнэ болох 600,000 төгрөгийг тухайн охин надруу мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд нэг мессеж харуулаад зарлага гарчихлаа шүү удахгүй очих байх, орохоор нь над руу хэлээрэй гэж дугаараа үлдээгээд үнэмшилтэй болгоод яваад өгсөн. Явсны дараа огт мөнгө орохгүй байсан бөгөөд хэдэн цагийн дараа залгаад “орохгүй байна шүү” гэхэд тэр охин “банк руу залгаад асууъя, тэгээд хариу өгье” гэж хэлээд дахин алга болсон. Дахин 2 цагийн дараа би өөрөө залгаж асуухад миний данснаас хасагдсан байна. Буруу данс руу орсон бол буцаан олголт нь маргааш өглөө болох юм шиг байна, тэгэхээр маргааш өглөө өгье” гэж хэлэхээр нь итгээд маргааш болтол хүлээсэн. Маргааш нь залгахад тухайн охин утсаа авахаа больсон. Олон залгуулж байгаад 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр утсаа аваад надад хандаж сая миний данс руу буцаан олголт нь орчихлоо, би банкин дээр байна. Одоо данс руу чинь хийлээ” гэж хэлсэн боловч миний данс руу мөнгө ороогүй, тэр охин утсаа авахаа больсон. Тэгээд огт утсаа авахгүй байж байгаад цагдаагийн байгууллагад 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хандах үед цагдаа дээр нөгөө Б гэх охин зогсож байсан бөгөөд би тэр охинд хандан миний утас байна уу? Би утсаа авъя гэж хэлэхэд ломбарданд 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь 600,000 төгрөгөөр шатаж байснаас тухайн 1 дүгээр байшингийн ломбарданд очоод 315,000 төгрөг төлж өөрийнхөө гар утсыг 68 нэртэй ломбардаас авсан. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/
Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 26-ны өдөр надад 1.500.000 төгрөг өгсөн. Тэрээр мөнгө хурааж байсан юм. Мөнгө хэрэг болбол танаас авна гээд надад өгсөн. Гэтэл өнөөдөр буюу 2019 оны 06 сарын 28-ны өдөр хүний мөнгө байсан юм гээд эзнийг нь дагуулж ирж надаас 1.500.000 төгрөгийг авч өгсөн... нэг эмэгтэй хүнтэй хамт ирээд гэр дотор хар өнгийн цүнхэнд мөнгө хийсэн гээд үзэхэд тэр цүнхэнд нь мөнгө байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 21-р хуудас/,
Гэрч М.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Улмаар 2019 оны 08 сарын 19-ний өдөр нэг охин ирээд “би барьцаанд тавьсан утсаа авъя” гэж хэлээд утсыг нь гаргаж өгсөн. Тухайн үед Б утсаа худлаа оролдож байгаад би шилжүүлчихлээ шүү, удахгүй орох байх, банк хооронд явуулж байгаа учир бага зэрэг уддаг юм гэж хэлсэн. Түүнээс хойш огт мөнгө нь дансанд орж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/
Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “68” барьцаат зээлийн газарт зээлийн ажилтан юм. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20-25 орчим насны залуухан эмэгтэй орж ирээд Самсунг S8 плас маркийн гар утсыг миний утас байгаа юм. Яаралтай мөнгө хэрэг боллоо гээд 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ү.Х гэх эмэгтэй ирээд миний гар утсыг авчихаад мөнгийг нь өгөөгүй юм гэж хэлээд 315,000 төгрөг төлөөд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,
Хаан банкны Дорнод салбарын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 31-33 дугаар хуудас,
Монгол банкнаас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зарласан ханшийн мэдээ /хх-ийн 132-133 дугаар хуудас/,
Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Б-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 26-27, 28, 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 192 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б-ийн үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилаж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ү.Х-т 600,000 төгрөгийн, хохирогч А.Р 318,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирлыг барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогч Ү.Х, А.Рэгжидмаа нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.О-т 13,519,100 төгрөгийн хохирол учруулснаас 2,280,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Б-ээс 11.239.100 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б-ийн нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б-ийн гэмт хэргийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1-д заасан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Б-ийн ЖЙ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Р, Ү.Х нарт төлөх төлбөргүй болохыг болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Б-ийн /ЖЙ/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ээс хохиролд 11.239.100 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын -р баг тоотод оршин суух хохирогч Б.О /ЖЭ/-т олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН