Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01153

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09959 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,302,500 төгрөг гаргуулах үндсэн, ажил гүйцэтгэх гэрээг ажлын гүйцэтгэлээр цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,302,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг ажлын гүйцэтгэлээр цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь ...өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүний худаг өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн тул гэрээний үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, алданги 1,050,000 төгрөг, гүний худаг өрөмдөх зөвшөөрлийн төлбөр 150,000 төгрөг, худгийн паспортын үнэ 2,500 төгрөг, нийт 3,302,500 төгрөг гаргуулна... гэсэн бол,

 

2.2. Хариуцагч нь ...нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил гэрээгээр тохирсон хэмжээнд хүрээгүй, ажлаа дутуу орхиж явсныг ******* ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд тохирсон үнийг төлсөн тул гэрээг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр цуцалж өгнө үү... гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******гийн эзэмшлийн газарт 20-30 метр гүнтэй 1 ширхэг гүний худгийн цооног өрөмдөж, 1 цагт 2-3 тонн ус шахах хүчин чадалтай 220 вт-ийн 0,37 kw насосыг суулгах, гүний худгийн цооног доторх усны насосын цахилгаан монтаж кабель холболт хийх, ус өргөх хоолой сантехникийн холболт, худгийн таглаа хийх зэрэг ажлыг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр 4,900,000 төгрөг, өрөмдлөгийн ажил дуусаж гүний насос түүний дагалдах хэрэгслүүдийг худалдан авах үед 2,100,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 9-10/

 

Зохигч өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 18 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гүний өрөмдлөгийг шаардлагатай хэмжээнд хүртэл хийж дуусмагц захиалагч *******гийн цахилгааны эх үүсвэрээс тог татаж, насос хэрэгслийг шалган хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тус компани хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн өгөөгүй байна.

 

Тодруулбал, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар өрөмдмөл худгийн техникийн паспортод ...2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/12 тоот актаар комиссын дарга *******, захиалагч *******г төлөөлж ээж ******* нарын бүрэлдэхүүнтэй комисс 3 иргэн, компани, байгууллагын нэрийн өмнөөс ашиглалтад хүлээлцүүлэв... гэсэн байх боловч үүнийг ажил хүлээлцсэн акт гэж шууд үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөх ёстой бөгөөд тийнхүү хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. /х.х-ийн 64/

 

Түүнчлэн хариуцагчийн ...нэхэмжлэгч нь дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн дараа Эко улаан нар ХХК-аас насос худалдан авч худгийг ажиллагаанд оруулсан... гэх тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй. /х.х-ийн 79/

 

Иймд, нэхэмжлэгч ******* ХХК-ийг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

5. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж, 353 дугаар зүйлийн 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн гүний худгийг 24 метр өрөмдсөн гэх тайлбар нь талуудын байгуулсан гэрээнд ...20-30 метр гүнтэй цооног өрөмдөнө... гэж заасантай нийцсэн, мөн өрөмдмөл худгийн техникийн паспортод ...цооногийн гүн 24 м... гэж тусгагдсан, харин хариуцагч нь ...анх худгийг 50 метр гүн ухахаар тохирсон, худгийн гүн тохирсон хэмжээнд хүрээгүй, гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймээс хариуцагч нь ажлын хөлс 7,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 4,900,000 төгрөгийн төлсөн, үлдэх 2,100,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгээгүй ажил болох 405,000 төгрөг /насос 320,000 төгрөг, ус өргөх хоолой 60,000 төгрөг, худгийн таг 25,000 төгрөг/-ийг хасаад 1,695,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж,

 

Мөн талуудын байгуулсан гэрээний 14-т Захиалагч тал ажлын хөлсийг гэрээнд заагдсан хугацаанд барагдуулаагүй нөхцөлд үлдэгдэл дүнгээс хоног тутамд 0.5 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн дутуу хийж гүйцэтгэсэн байхад хариуцагч *******гээс алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8-т ...үлдэгдэл 30 хувь буюу 2,100,000 төгрөгийг өрөмдлөг дуусаж гүний насос түүний дагалдах хэрэгслүүдийг худалдан авах үед бүрэн төлж барагдуулахаар тохиролцов гэж зааснаар өрөмдлөгийн ажил дууссаны дараа хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн бол нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээжээ.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн эсэх, мөн баримтаар хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байхын сацуу нэхэмжлэгчийн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд ..гэрээний үүрэг 99 хувьтай гэж үзэж байгаа, усны монтажны цахилгаан холболт хийх, ус өргөх хоолой, сантехникийн холболт, худгийн таглаа хийх ажлыг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учир хийгээгүй... гэх тайлбар гаргаснаас үзвэл нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул тус компани алданги шаардах эрхгүй. /х.х-ийн 79-80/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 1,695,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

7. Анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШЗ2026/12987 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан *******ыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг ...гэрчээс юуг тодруулах нь ойлгомжгүй... гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 52/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь гүний худгийг 24 метр ухсан эсэхийг мэргэжлийн бус этгээдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй, үүнийг гагцхүү мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилох замаар нотлох боломжтой тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

8. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч ******* ХХК нь үүргээ ноцтой зөрчсөн бол хариуцагч ******* нь гэрээг цуцалж, тийнхүү гэрээг цуцалсны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн хийж гүйцэтгэх ёстой ажлын дийлэнх хэсгийг буюу 20-30 метр гүний худгийн цооног өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэж, харин үлдэх насосыг суулгах, насосын цахилгаан холболт хийх, ус өргөх хоолой, худгийн таглаа хийх ажлыг хийж гүйцэтгээгүй талаар зохигч маргаагүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч компани нь 7,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх ёстойгоос 6,565,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, үлдэх 405,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байна.

 

Иймд, дээр дурдсан хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн гэж зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад түүний шаардах эрхэд хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримталсан байгаа нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянах эрх хэмжээний хүрээнд зөвтгөнө.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09959 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 1,695,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,607,500 төгрөгт холбогдох хэсэг болон ажил гүйцэтгэх гэрээг ажлын гүйцэтгэлээр цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...61,294 гэснийг 42,070 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,509 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Б.МАНДАЛБАЯР