| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01258/И |
| Дугаар | 01187 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 01187
| 2016 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2016/01187 | Орхон аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 11-22 тоотод оршин суух Тайж овогт Дашпунцагийн Цэрэндаваа /ИУ:71061400/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнж 4б-05 тоотод оршин суух Хотгойд овогт Бямбажавын Даваадулам /РЭ:71030868/
1 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэрэндаваа, хариуцагч Б.Даваадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэндаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Даваадулам нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. Удаа дараа очиж уулзсан боловч өгнө гээд өгөхгүй байна. Үндсэн зээлээс 160 000 төгрөг өгсөн. Одоо үлдсэн 1 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Даваадулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Даваадулам миний бие нь Д.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2014 оны 04 дүгээр сарын 25-нд 2 000 000 төгрөгийг Цэрэндаваагаас дансаар шилжүүлэн авсан нь үнэн болно. /Жич: Албан ёсоор гарын үсэг зурж нотариатаар батлуулан тодорхой хугацаа, хүү зааж аваагүй болно. / Уг мөнгийг авснаас хойш : 2014 оны 05 дугаар сарын 25-нд найз Гэрэлчимгээр нь дамжуулан 200 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 26-нд Цэрэндаваад өөрт нь 200 000 төгрөг 2014 оны 07 дугаар сарын 26-нд мөн өөрт нь 200 000 төгрөг нийт 600 000 төгрөгийг өгсөн. Ингээд тэр оны 9 дүгээр сард өөрт минь тохиолдсон ар гэрийн гачигдал болон аргагүй байдлын улмаас /эмчилгээний зардал/ мөнгийг нь нэмж өгч чадалгүй байсаар 2016 оны 5 дугаар сар хүрсэн. Миний ямар байдалтай байсныг өөрөө сайн мэдэж байгаа. Би Цэрэндаваад мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй байгаагаа хэлж өөрийн боломжоороо төлж барагдуулъя гэж тохиролцсон. Ингээд: 2016 оны 05 дугаар сарын 12-нд 30 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 21-нд 30 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-нд 100 000 төгрөгийг өөрт нь бэлнээр 760 000 төгрөгийг төлсөн болно. Одоо бие эрүүл мэндийн асуудлаас ямар нэгэн ажил эрхлээгүй байгаа бөгөөд үлдсэн 1 240 000 төгрөгийг боломжоороо төлж барагдуулах болно. Жич: 2 000 000 төгрөгөөс өөрт нь өгсөн нийт 760 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1 240 000 төгрөгийг өөрийн болмжоор 2016 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 200 000 төгрөгийг төлж барагдуулах боломжтой байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч Д.Цэрэндаваа, хариуцагч Б.Даваадулам бид дараахь эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нийт 1 840 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 100 000 төгрөгийн хэмжээгээр, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс сар бүр 350 000 төгрөгийн хэмжээгээр Д.Цэрэндаваагийн Хаан банкны 5093135910 дугаарын дансанд төлнө.
Улсын тэмдэгтийн хураамжийг Б.Даваадуламаас 50 хувийг буюу 22 195 төгрөгийг гаргуулна гэж тохиролцов. Захирамжийг хариуцагч гүйцэтгэхгүй бол шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэнэ гээд талууд гарын үсэг зурсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэндаваа нь хариуцагч Б.Даваадуламаас 1 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Даваадулам нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 100 000 төгрөгийн хэмжээгээр, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс сар бүр 350 000 төгрөгийн хэмжээгээр Д.Цэрэндаваагийн Хаан банкны 5093135910 дугаарын дансанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хувааж хариуцахаар тохирсон байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44 390 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 22 195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Цэрэндаваагийн 1 840 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Даваадулам 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 100 000 төгрөгийн хэмжээгээр, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс сар бүр 350 000 төгрөгийн хэмжээгээр Д.Цэрэндаваагийн Хаан банкны 5093135910 дугаарын дансанд төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваадуламаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22 195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэрэндаваад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ