| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0270/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/247 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/247
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Төрболд
Хохирогч Д.Д
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж.Э холбогдох эрүүгийн 1921 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилээр тэнсэн харгалзах, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 зургаа сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Т овогт Ж.Э. /РД: ЖЯ/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны үүдэнд иргэн Д.Д-той гэр рүү ус алдуулсан, засварын мөнгө өг гэсэн шалтгааны улмаас маргалдаж цээжин тус газар хувцсаар нь боож заамдах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож зүүн дээд 3-р шүдний булгарал, баруун доод үүдэн шүдний сулрал буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны үүдэнд иргэн Д.Д-той маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохих эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6 дугаар байрны үүдэнд 42 тоот гэр рүүгээ орох гээд явж байхад орцныхоо үүдэнд дээд айлын Д.Д гэх өвгөнтэй таараад манай байрыг засах юу болсон бэ? манай гэрт орж ямар болгосноо хар, бүтэн жил гаруй хугацаа өнгөрөөд байхад байр засч өгсөнгүй, дээрээс ус адуулчихаад гэж хэлсэн. ...би уурлаад өвгөний араас очиж заамдаж чирээд гэртээ оруулж ус алдсаны улмаас манай гэр ямар болсон талаар харуулах гэж татаж чангаасан ба орохгүй болохоор нь энгэрээс нь заамдаж байгаад хэд хэд хүчтэй сэгсэрсэн. Тухайн үед миний хоёр гарын нударганд эрүү, шанаа нь цохигдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралданад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6 дугаар байрны 46 тоотод байх гэртээ орох гээд орцныхоо үүдэнд ирэхэд доод айлын Ж.Э гэх залуу машинтайгаа миний хажууд ирээд манай байрыг засах юу болсон бэ? гээд үгийн зөрүүгүй миний хоёр мөрнөөс татаж орцны хаалга нураагаар минь мөргүүлж, нүүр рүү маань гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд л миний даралт ихсэж, толгой манараад юу болсноо ч сайн санахгүй байна. ...2018 оны 01 дүгээр сард манай гэрээс ус алдаж тухайн үедээ Ж.Э-ын гэрийнх нь гэрэл шатсан гээд гэрэл авч өгч 100,000 төгрөг өгч байсан. Тэр цагаас хойш гэрт минь засвар хийж өг гээд хэл ам хийгээд байдаг болсон... эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 609 дугаартай:
1. Д.Д-ын биед зүүг дээд 3-р шүдний булгарал, баруун доод төвийн үүдэн шүдний сулрал, буруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлийн зүүн дээд 3-р шүдний булгарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн Засаг багийн ажлын албаны тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 21, 23, 25, 28-34 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 19210 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны үүдэнд иргэн Д.Д-той гэр рүү ус алдуулсан, засварын мөнгө өг гэсэн шалтгааны улмаас маргалдаж цээжин тус газар хувцасаар нь боож заамдах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож зүүн дээд 3-р шүдний булгарал, баруун доод үүдэн шүдний сулрал буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Д /хх-ийн 7-8 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 609 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн байх тул шүүгдэгч Ж.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Э-ын ЖЯ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Жамъянийн Ж.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Э-ын ЖЯ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН