| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2024/05036/И |
| Дугаар | 210/МА2026/00585 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00585
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10474 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХК-д холбогдох,
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 12.1 дэх заалт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ******* гэрээний нэмэлт өөрчлөлт ******* тоот гэрээний 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж,
******* гэрээний барьцаа төлбөр болох 500,000 доллар буюу 1,424,830,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* ХК-тай 500,000 тонн нүүрс худалдах, худалдан авах ******* дугаартай гэрээ байгуулж, бид гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд энэхүү гэрээг 2021 оны 09 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж, удаа дараа өөрчлөлт орж хугацаа сунгасан. Өнөөдрийн байдлаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон бөгөөд энэхүү гэрээний 8.2-т заасны дагуу барьцаа төлбөр болох 500,000 ам.долларыг одоог хүртэл буцааж авч чадаагүй. Бидний хувьд энэхүү гэрээний 12.1-д заасанчлан гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгээгүй асуудал байхгүй учраас барьцаа хөрөнгийг буцааж гаргуулахаар нэхэмжилсэн.
1.2. ******* ХК-аас нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2020 онд байгуулсан. Энэ үед ковид-19 цар тахлын үе байсан учраас гэрээнд заагдсан нүүрсээ бүхэлд нь авч чадаагүй. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээний заалтын дагуу нүүрс худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй бол барьцааны 500,000 ам.долларыг хурааж авна, буцааж өгөхгүй гэх агуулгатай заалт бий. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдлууд байсан. Хилийн хязгаарлалтын асуудлаас болоод нүүрсээ хугацаандаа авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Цагаан хад хилийн боомт дээр түгжрэл үүссэн, нүүрсээ татаж авч чадахгүй байдалд хүрсэн, мөнгөө төлсөн. Гэтэл нөгөө талаас хүч түрэмгийлж буюу компанийн захирал гэрээний дагуу нүүрсээ татаагүй учраас барьцаа төлбөрийг өгөхгүй гэх мэдэгдэл өгсөн. Гэвч үүний дагуу гэрээгээ сунгасан. Сүүлд 2022 оны 04 сарын 01-ний өдөр 3 дахь гэрээгээр нэмэлт өөрчлөлт байгуулахдаа хариуцагч талын санаачилгаар 500,000 ам.долларыг өгөхгүй, гэхдээ үргэлжлүүлээд нүүрсээ аваарай гэх агуулгатай нэмэлт өөрчлөлт орсон. Уг гэрээний нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн. учраас хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Учир нь нэгдүгээрт, барьцаа гэдэг зүйл үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой боловч энэ гэрээ тийм байгаагүй. Тухайлбал, нүүрснийхээ мөнгийг түрүүлж авна, мөнгөө өгөхгүй бол барьцааг өгдөггүй. Энэ тохиолдолд барьцаа шаардах ёсгүй.
1.3. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцааны гэрээг бичгээр байгуулна, мөн барьцааны гэрээнд заавал тусгагдах зүйл гээд 10 гаруй зүйл заасан бөгөөд энэ тохиолдолд барьцааны гэрээ мөн гэж заасан. Гэтэл энд худалдах, худалдан авах гэрээ явагдсан. Худалдах, худалдан авах гэрээнд барьцааны гэрээ гэсэн ойлголт байхгүй нэг л заалт байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т зааснаар хариуцагч компани үйл ажиллагаа хамтран явуулж байгаа байгууллагатай гэрээ байгуулахдаа тэгш бус нөхцөл тавих ёсгүй. Өөрөөр хэлбэл барьцааны тухай асуудлыг тулган тавьсан. Зээлээр өгсөн тохиолдолд төлбөрийг нь төлөөгүй, өгсөн тохиолдолд барьцаа байгаад тэндээс үүргийн гүйцэтгэл хангуулах л үндэслэл байсан. Түүнээс төлбөрийг нь авчхаад барьцаа авна гэх агуулга нь үндэслэлгүй, тусдаа барьцааны гэрээ байгуулах ёстой байсан.
1.4. Тулгасан шаардлага ирүүлж байгаа талаар 3 удаагийн мэдэгдэл өгөхөд хариу тайлбарт танай тал нүүрсээ татаж авах үүргээ биелүүлэхгүй учраас барьцааг авна гэдэг. Мөн 3 тайлбар албан бичиг бичгийг нотлох баримтаар өгсөн. Цагаан хад дээр бөөгнөрөл үүсээд нүүрс гаргаж чадахгүй байх тул гэрээг сунгаж өгнө үү гэх агуулгатай албан бичиг явуулахад нүүрсээ үргэлжлүүлж авна гэх хариу өгдөг. Аргагүй байдлаар хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сард сунгалт хийхдээ тулгалт хийж, барьцаа хөрөнгийг ******* ХК-д үлдэнэ гэх заалтыг нэмэлт гэрээнд оруулсан. Үүнд ******* ХК буюу Монгол Улс хохироогүй, нүүрс 500,000 тонн хэмжээнд хүрээгүй бага авсан. Учир нь Монгол Улсын хил цар тахалтай холбоотойгоор 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн, нийтэлд илэрхий үйл баримт юм. Гэрээд заасан барьцааны заалт нь Иргэний хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны хуулийг зөрчсөн. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гэрээний зарим заалт нь хүчин төгөлдөр бусд тооцож болно бусад нь шаардлага хангаж байвал гэрээ хүчинтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч компани болон ******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 12.1-д худалдан авагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 500,000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ гэж заасан. ******* дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний 1.1-д энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2021 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хүчинтэй гэж заасан, мөн ******* дугаартай үндсэн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний хүчинтэй хугацааг сунгасан, худалдан авагч талаас ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн гэрээний хүчин төгөлдөр олгогдох хугацааг сунгасан өөрчлөлт байдаг. Өөрөөр хэлбэл худалдан авагчаас ирүүлсэн хүсэлтүүд шалтгааныг хүлээн авч нүүрсийг татан авах боломжоор нь ханган ******* дугаартай гэрээний хугацааг сунгасан.
2.2. Нэхэмжлэгч компани болон ******* ХХК нь ******* дугаартай гэрээний дагуу 500,000 тонн нүүрсийг худалдан авах үүрэгтэй байснаас гэрээнд заасан нүүрсийг бүрэн татаж авна гэх үүргийг биелүүлээгүй. Гэрээнд заасан нүүрс татан авах үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор ******* ХК-ийн зүгээс 3 удаагийн мэдэгдлийг явуулсан байдаг. Манай компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *******, 2023 оны 03 дугаар сарын 11-ний ******* тоот албан бичгүүдээр гэрээг дуусгавар болсон тохиолдолд төлбөрийн болон ачилтын үүрэг биелэгдэхгүй байх тул гэрээний дагуу барьцаалбарыг буцаан олгохгүй байх нөхцөл, өртгийн талаар удаа дараа анхааруулж мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдэл хүргүүлэхээс өмнө манай компанийн зүгээс 4 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулж, нүүрс татан авах буюу гэрээний үүрэгтэй холбоотой үүргийг биелүүлэх эрхийг нь удаа дараа хангаж байсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч компани болоод ******* ХХК биелүүлээгүй тул 500,000 ам.долларыг буцаан олгоогүй.
2.3. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь зөвхөн нүүрсний төлбөр төлөх үүргээс гадна гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй байхад нүүрс ачилттай холбоотой үүрэг хүлээсэн. Энэ үүргийн биелэгдэх, биелэгдээгүй аль ч тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар гэрээний 12.1-д заалтыг тусгасан. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг хүч хэрэглэж, тулган шаардаж хийсэн гэж үзэх боломжгүй. Нүүрс авах сонгон шалгаруулалт зарлаад зарласныхаа дараа шаардлага хангасан компанид Монгол Улсын төрийн өмчийн компанитай хэрхэн гэрээ байгуулдаг талаар гэрээнийхээ нөхцөлийг танилцуулдаг. Нэхэмжлэгч талд танилцуулсны үндсэнд хэлцэл хийгдэж гэрээ байгуулагдсан. Гэтэл гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг үндэслэж гэрээ хийсний дараа, өөрсдөө холбоотой ачилтаа гүйцэтгээгүй атлаа гэрээ хүчин төгөлдөр бус байсан, та нар тулган шаардсан гэх үндэслэлийг 3-4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 12-т заасан тохиролцоо нь худалдагчаас үл хамаарах шалтгаан нь худалдан авагч нүүрс ачилт хийхгүй байх буюу үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзахгүй байх үүргээ биелээгүй буруутай тал хариуцлага хүлээх үүргийн биелэлтийг хангах зорилготой талуудын хийсэн тохиролцоо юм. Талууд гэрээгээ тохиролцоод нэмэлт гэрээ байгуулагдсан.
2.4. Хил гаалийн асуудал буюу ковид-19 цар тахлын улмаас бид нүүрсээ татаж аваагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Гэтэл ковид-19 цар тахлын хугацаа дууссан, дууссанаас хойш бид гэрээний нэмэлт өөрчлөлтийг 3 удаа сунгаж, тэр боломжийг хангасан. Бусад компаниуд нь татан авах үүргээ биелүүлээд байхад тус хамтарсан компани татан авах үүргээ биелүүлээгүй учраас 500,000 ам.долларыг гэрээний 12-т заасны дагуу олгоогүй. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч хуулийн үндэслэлгүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу эрхээ эдэлж, үүргээ хүлээж байгаа. Тус компани нь одоог хүртэл манай компанитай өөр гэрээнүүдтэй байгаа хэр нь 2020 оны гэрээний талаар нэхэмжлэгч хүсэл зоригоо буруу тодорхойлсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХК-аас 1,424,830,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 7,282,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 7,282,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д нүүрс ачилтын хуваарь нь энэ гэрээний хавсралтаар зохицуулагдана. Худалдан авагч нүүрсийг энэ гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу тээвэрлэх үүрэгтэй. гэж, 8.3-т худалдан авагч нь гэрээ байгуулагдсанаас хойш 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрт 2,764,000 ам.долларыг төлнө. Цаашид үлдэгдэл төлбөрийг 50,000 тонн тутамд урьдчилан бэлнээр эсхүл *******, ******* (аккредетив)-ийг нээж худалдагчийн нэхэмжлэлийн дүнгээр төлнө. гэж тус тус заасан. Гэрээгээр худалдан авагч нь нүүрс ачилттай холбоотой үүрэг буюу нүүрсийг гэрээнд заасан хуваарийн дагуу худалдан авч, тээвэрлэх, төлбөртэй холбоотой үүрэг буюу нүүрсээ худалдан авахдаа төлбөрийг урьдчилан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу худалдан авагчийн хүлээсэн үүргүүдийг хангахаар талууд харилцан тохиролцож гэрээний 12.1-д худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 500,000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ" гэх заалт оруулсан.
Гэрээний 13.5-д гэрээг дуусгавар болгох нь гэрээний аль нэг тал энэ гэрээг дуусгавар болгохоос өмнөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээг дуусгавар болгохоос өмнө хийсэн аливаа худалдан авалтад хамаарах төлбөрийн үүрэг, тээвэр, төлбөртэй холбоотой үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хэвээр үлдэнэ. гэж заасан. Гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн 500,000 тонн нүүрс худалдан авах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ******* ХК нь барьцааг буцаан олгоогүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс "... үнийг урьдчилан төлөх үүргийг барьцааны зүйлээр хангуулахаар зохицуулах нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасантай нийцэхгүй гэж зөвхөн төлбөр төлөх үүргийг хангахаар барьцааг хэрэглэсэн мэтээр дүгнэснээс үзэхэд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитой судлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 8.2, 12.1, 13.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд ******* дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 500,000 ам.долларыг ******* ХК-ийн дансанд шилжүүлсэн. ******* дугаартай гэрээнд заасан үүргийг хангуулахаар гэрээний хүчинтэй хугацааг удаа дараа сунгаж, талууд өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг байгуулсан. ******* дугаартай гэрээний 2-т зааснаар уг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтад заасан гэрээний гол нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, 500,000 ам.долларыг барьцаа болгон байршуулж, гэрээний анхдагч нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Тухайн гэрээний 3.4-т энэхүү гэрээ болон түүний хавсралтад заасны дагуу нийлүүлэх нүүрсний нөөцгүй болсон тохиолдолд худалдагч нь худалдан авагчид энэ тухай мэдэгдэнэ гэж заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д тусгаж өгсөн тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл нь энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй байх агуулгыг хууль тогтоогч хуульчилж өгсөн.
Талуудын хооронд байгуулагдсан ******* дугаартай Нүүрс худалдан авах гэрээний хувьд дээрх хуульд барьцаа гэж тусгасан хуулийн агуулгыг уг худалдан авах гэрээний хэлцэлд тусгаж, төлбөр төлөх үүргийн гүйцэтгэл, ачилт хийх үүргүүдийн гүйцэтгэлд хэрэглэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
4.3. Анхан шатны шүүхээс зөвхөн эд хөрөнгийг зээлээр худалдан авсан тохиолдолд барьцааны эрх үүснэ гэж хуулийн явцуу утгаар тайлбарлан хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь холбогдох хуулийн агуулгууд илүү өргөн хүрээтэй тайлбарлагдан гэрээ байгуулагдаж, гэрээний үүргүүд хэрэгжиж, цаашид Монгол Улсын бодлого шийдвэрээр уурхайн ам гэх нөхцөл хэрэгжих боломжгүй болох үед буюу уурхайн ам нөхцөлөөр (олон улсын худалдааны РАР нөхцөл) нүүрсийг худалдан авах боломж нь хязгаарлагдмагц уг гэрээний дагуу гүйцэтгэсэн бүхий л үүрэг, хэрэгжүүлсэн заалтуудыг шүүхээс холбогдох хуулийн агуулгыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, ******* ХК нь ******* дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг ******* ХХК болон ******* ХХК-тай байгуулсан бөгөөд шүүхэд зөвхөн ******* ХХК нэхэмжлэл гаргасан.
Дээрх асуудалд анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй бөгөөд хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн аваагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан, гэрээгээр нүүрс худалдаж авах, зөөх үүрэгтэй байсан бөгөөд зөөх үүргээ биелүүлээгүй учраас бид барьцааг нь авсан гэх агуулгыг гомдолд дурдсан. Энэ талаар Иргэний хуулийн 153, 156, 189, 243 дүгээр зүйлд тус тус зохицуулагдсан. Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нэг тал нь нүүрсийг худалдан авч нөгөө тал нь төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд урьдчилж төлбөрийг төлнө гэж заасан. Урьдчилж төлсөн хэмжээгээр нүүрс авч төлбөрийг төлсөн. Гэрээнд нүүрсний төлбөрийг урьдчилж авна гэж заасан байхад барьцааны тухай ойлголт байж болохгүй. Хариуцагч тайлбартаа талууд тохиролцож гэрээ байгуулсан гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг үндэслэж тайлбар гаргаж байна. Монгол Улсад төрийн өмчийн 1 давуу эрхтэй компани байдаг. Хуульд давуу байдлаа ашиглаж тулгалт хийж болохгүй гэж заасан. Гэтэл хариуцагч компани тулгалт хийсэн учраас нэхэмжлэгч компани гэрээний нэмэлт нөхцөлөөр 500,000 ам.доллар авахгүй гэж бичсэн. Нэхэмжлэгч компани үлдэгдэл нүүрсээ авахын тулд дээр дурдсан агуулгаар бичсэн. Иймд талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ учраас худалдаж авсан нүүрсний төлбөрийг төлсөн бөгөөд төлбөр төлсний дараа ачилт хийнэ. Иймд барьцаа авах шаардлагагүй байсан.
5.2. Гэрээний 3.2-т гэрээний дагуу нүүрс нийлүүлэх цэг нь уурхайн ам байна. Худалдан авагчийн тээврийн хэрэгсэл, нүүрсийг уурхайн аманд ачиж өгснөөр нүүрсний өмчлөх эрх, холбогдох бүхий заалт, үр ашгийн хэрэгсэл худалдан авагчид шилжинэ гэж заасан. Энэ нь уурхайн амнаас нүүрсээ аваагүй бол тухайн компанийн өмч гэсэн үг. Хариуцагч тал барьцаа байх ёстой гэж тайлбарлаж байна. Иргэний хуульд барьцааны тухай заасан бөгөөд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд гэж барьцааны талаар нарийвчлан зохицуулсан шаардлагыг хангаагүй.
Учир нь төлбөрийг нь төлсөн байхад барьцаа авч болохгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг барьцаат худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж бодъё. Барьцааны гэрээг тусад нь бичгээр байгуулна гэж хариуцагч тайлбарлаж байна. Талуудын байгуулсан гэрээнд барьцаа байж болох бөгөөд барьцаа нь ямар тохиолдолд байх ёстой нь чухал. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэрэв худалдан авалтын төлбөрийг төлөхгүй тохиолдолд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал байсан. Иймд тухайн заалт логикийн хувьд байж болохгүй буюу хууль зөрчсөн үйлдэл. Талуудын хооронд байгуулсан гэрээг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн шаардлагыг хангасан гэж хариуцагч тал тайлбарлаж байх боловч тус гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд барьцааны эрх, 10 дугаар зүйлд барьцааны гэрээний агуулгыг заасан. Хэрэв барьцаа гэж үзвэл тус хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхцөлийг тусгасан тохиолдолд энэ нь барьцааны асуудал болно. Гэтэл барьцаалж болохгүй эд зүйл байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлбөрөө төлсөн байхад барьцааны талаарх ойлголт байж болохгүй. Хариуцагч нүүрсийг худалдаж авах, ачих, тээвэрлэх, хугацаандаа авах үүрэгтэй гэж тайлбарлаж байна. Энэ үүрэг нь дээр дурдсанаар нүүрсийг уурхайн амнаас ачсан тохиолдолд өмчлөл худалдан авагчид очно. Хэрэв ачаагүй тохиолдолд ******* ХК-ийн өмч болно. Иймд хуваарийн дагуу аваагүй гэх тайлбар үндэслэлгүй.
5.3. Гэрээний тэгш эрх болон нэхэмжлэгч компани зөвшөөрсөн гэх агуулгаар тайлбар гаргаж байна. Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр юм. Гэвч гэрээний барьцаатай холбоотой заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжтэй. Тус гэрээ нь Иргэний хууль болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчсөн учраас хүчингүй болсон. Эд хөрөнгийг зээлээр авсан тохиолдолд барьцааны эрхийг явцуу утгаар тайлбарласан учир шаардлага хангаагүй. Учир нь өргөн хүрээтэй тайлбарлах ёстой гэж гомдолдоо дурдсан байна. Явцуу болон өргөн хүрээтэй ойлголт гэж байхгүй. Зээлээр буюу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа байна. Хэрэв төлбөрөө төлсөн бол барьцаа гэж байхгүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
5.4. Мөн уг гэрээг ******* ХХК болон ******* ХХК компанитай хамтран байгуулсан байхад ******* ХХК нэхэмжлэл гаргасан, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй гэж давж заалдах гомдолд дурдсан. Худалдан авах тал 2 компани байсан бөгөөд худалдан авсан 64,000 тонн нүүрсний төлбөрийг төлсөн байсан. Тус компанийн барьцаа хөрөнгийг ******* ХХК төлсөн. Иймд хохирсон этгээд нь төлбөрөө нэхэмжилсэн. Энэ талаарх үйл баримтыг хавтаст хэргийн 87, 88, 216 дугаар талд авагдсан баримтаар нотолно. Хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан баримтад 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлнэ гэж заасан. Тооцооны баримтад 2 компанийн нэр бичигдсэн боловч ******* ХХК-ийн тамга дарагдаж баталгаажуулсан байдаг. Хавтаст хэргийг 88 дугаар талд авагдсан баримтад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК төлбөр төлсөн учир тамгаа дарж баталгаажуулсан. Хавтаст хэргийн 216 дугаар талд авагдсан баримтад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК тамга дарсан. Энэ баримтад барьцааны 500,000 ам.долларын талаар дурдагдсан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь хариуцагч компанитай тооцоо нийлж 500,000 ам.доллар шилжүүлж байсан. Иймд тухайн төлбөрийг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульд заасан. Иймд ******* ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй, барьцааны 500,000 ам.долларыг төлөөгүй бөгөөд тухайн компани нь ******* ХК-тай тооцоо нийлээгүй. Иймд хариуцагч компанитай тооцоо нийлсэн, 500,000 ам.долларыг өгсөн ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч болсон.
Анхан шатын шүүх ******* ХХК-ийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн учир дүгнэлт хийгээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан нүүрс худалдах, худалдан авах гэрээний 12.1, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *******дугаартай ******* гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээний 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу шилжүүлсэн 500,000 ам.доллар буюу 1,424,830,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХК болон ******* ХХК, ******* ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь******* ордоос олборлосон 500,000 тонн нүүрсийг ******* ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийлүүлэх, худалдан авагч нь нүүрсний үнийг төлөх, нүүрсийг уурхайн амнаас хүлээн авахаар харилцан тохиролцжээ. /хх9-19/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.
4. Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 64,449.2 тонн нүүрс нийлүүлсэн, нэхэмжлэгч нүүрсний үнэ 4,018,455.43 ам.доллар төлсөн, барьцаа гэх утгаар 500,000 ам.доллар шилжүүлсэн үйл баримтыг хэргийн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ худалдан авсан нүүрсний үнийг төлөх үүргээ гүйцэтгэсэн тул уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлгүйгээс гадна худалдан авагч барьцаа 500,000 ам.доллар худалдагчид төлөх талуудын тохиролцоо нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ худалдан авагч гэрээний дагуу 500,000 тонн нүүрс худалдан авах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээний дагуу 500,000 ам.долларыг буцаан олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
5. Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээний 12.1, 3 дахь заалтуудыг хуульд заасан барьцааны эрхийн зохицуулалт зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ.
5.1. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний 8.2-т худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрээний барьцаа болох 500,000 ам доллар төлнө, 12.1-д худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 500,000 ам долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ.,
2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай ******* гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээний 3-т худалдан авагч нь гэрээний дагуу нүүрс татан авахтай холбоотой үүргээ биелүүлээгүй тул барьцаа төлбөр болох 500,000 ам.долларыг буцаан олгохгүй бөгөөд нийлүүлэгч талд хэвээр үлдэнэ. гэж тус тус заасан байна.
Гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд худалдан авагч нь 500,000 ам.долларыг худалдагчид урьдчилан төлөх ба гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд тухайн мөнгөн хөрөнгийг буцаан авахгүй байхаар харилцан тохиролцжээ.
5.2. Талуудын дээрх тохиролцоо нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анз буюу торгууль гэнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна.
5.3. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд худалдан авагч нь уурхайн ам нөхцөлөөр буюу дундын зуучлагчгүй үнээр нүүрс худалдан авах давуу талтай байх ба худалдан авагч сар бүр гэрээнд заасан нүүрс татан авах үүргээ зөрчсөнөөр худалдагч талд нүүрсний нийлүүлэлт тогтворгүй болох, гэрээний зүйлийн онцлогоос шалтгаалан нөөцөд удсанаар нүүрсний шинж чанар нь өөрчлөгдөх зэрэг эрсдэл үүссэн гэж хариуцагч тайлбарлаж байна.
Энэхүү эрсдэлээс хамгаалах зорилгоор талууд худалдан авагч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд торгууль төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хууль зөрчөөгүй байна.
5.4. Иймээс талуудын байгуулсан гэрээний 12.1, 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангана.
6. Мөн нэхэмжлэгчийг нүүрс худалдан авах үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
6.1. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 435,550 тонн нүүрс худалдан аваагүй үйл баримтын талаар маргаагүй бөгөөд ковид-19 цар тахлын улмаас улсын хилийн боомтын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой үлдэгдэл нүүрсийг худалдан авах боломжгүй байсан гэж тайлбарлаж байна.
6.2. Хэргийг баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан цар тахлын нөлөөгөөр нүүрсний гаалийн бүрдүүлэлт удаашралтай явагдаж байгаа ба олон улсын тээвэрлэлтийн менежментээр тээвэрлэлт явуулах тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан тухай хүсэлтийг үндэслэн талууд маргаан бүхий гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус сунгасан болох нь нэхэмжлэгчийн гэрээ сунгах тухай хүсэлт, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 20-21, 210-211/
6.3. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан хугацаанаас хойш нүүрс татан авах үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн гэрээний хугацааг 4 удаа хэсэгчлэн сунгасан байхаас гадна нэхэмжлэгч цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан хугацаанаас хойш үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал түүний гэм буруугаас болоогүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6.4. Талуудын гэрээний 3.3-т ... нүүрсийг энэ гэрээний 6.1-д ачилтын хуваарийн дагуу сар бүр худалдагч нийлүүлж, худалдан авагч хүлээн авна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 435,550 тонн нүүрсийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу гэрээнд заасан хугацаанд худалдан авах үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг нүүрс татан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр түүний урьдчилан төлсөн 500,000 ам.долларыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар торгуульд тооцож буцаан олгохгүй байх эрхтэй байна.
7. Анхан шатны шүүх худалдан авагчийн нүүрсний үнийг урьдчилан төлөх үүрэг нь гагцхүү барьцаагаар хангагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ХК-д холбогдох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний 12.1, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай гэрээний 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 500,000 ам.доллар буюу 1,424,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10474 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХК-д холбогдох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний 12.1, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай ******* гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээний 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 500,000 доллар буюу 1,424,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,282,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.БАТЧИМЭГ