Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 01190

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/01190

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 12-р баг 16-155 тоотод оршин суух Харнууд овогт Баттөрийн Цацрал /ТИ:88022566/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-17-33 тоотод оршин суух Өөлд овогт Доржсүрэнгийн Хосбаяр  /ФД:88051230/

            Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар  сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цацрал, хариуцагч Д.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Цацрал нь Д.Хосбаяртай 2007 онд танилцаж гэр бүл болж хамтран амьдарсан. Бидний дундаас 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охин Маргад төрсөн. Нөхөр болох Хосбаяр нь байнгын согтуурч, гэр бүлдээ агсарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Маргадыг өөрийн асрамжинд авч, хүүхэддээ эцгээс нь хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Д.Хосбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Д.Хосбаяр нь 2011 онд Б.Цацралтай гэр бүл болж хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа охинтой болсон. Охиноо өнчрүүлэхгүй хамт амьдарч салах хүсэлгүй байна. Хойшид эвлэрч хамт амьдрах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Цацрал хариуцагч Д.Хосбаярт холбогдуулан охин Х.Маргадыг өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Д.Хосбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2007 онд танилцан, 2011 оноос нэг гэрт хамт амьдрах болсоноор охин Х.Маргад 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Хос чагнуур өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Зэст багийн Засаг даргын тодорхойлолт, Х.Маргадын Г-643 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

            Охин Х.Маргадын төрсөн эцэг нь хариуцагч Д.Хосбаяр мөн болох нь түүний захиргаанаас олгосон төрсний гэрчилгээгээр нотлогдох бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, хүүхдийн төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрч байна.

            Х.Маргад нь төрсөн цагаасаа эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-17-32 тоот орон сууцанд амьдарч байсан ба эцэг Д.Хосбаярын архины  хэрэглээнээс үүдэлтэй  эцэг эхийн таарамжгүй харилцаанаас болж одоо эхийн хамтаар Дархан-Уул аймагт амьдарч байгаа болно.

            Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаж байх тул шүүх хүүхдийн нас, эцэг эхийн халамж, анхаарал, ээнэгшин дассан байдал, ахуй нөхцөл, бололцоо, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, Д.Хосбаярын удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан байдал, Х.Маргадын анги удирдсан багш Н.Отгонжаргалын тодорхойлолт зэргийг харгалзан охин Х.Маргадыг эх Б.Цацралын асрамжинд байлгахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Д.Хосбаяраас тэтгэлэг гаргуулан охин Х.Маргадыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба түүний урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан олгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Маргадыг эх Б.Цацралын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  Х.Маргадыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Д.Хосбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Цацралд олгож, хариуцагч Д.Хосбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 26 092 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ