Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1529

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч И.Ариунсанаа, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ургийн овог тодорхойгүй овогт Ч.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03449 1457 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Ургийн овог тодорхойгүй Ч.Б, 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

            Яллагдагч Ч.Б нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” худалдааны төвийн орчим иргэн А.Сарангийн нүүр лүү нэг удаа цохиж, биед халдан улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй..” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч А.Сарангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-9, 11-12/, гэрч Д.Болормаагийн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Л.Жаргалмаагийн өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6922 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 18/, шүүх сэтгэц эмгэг судлалын 874 дугаартай дүгнэлт /хх-н 21-24/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, Нийлэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-н 55/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас   Ч.Б нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” худалдааны төвийн орчим иргэн А.Сарангийн нүүр рүү нэг удаа цохиж, биед нь халдан улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Ч.Бийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А.Сарангийн нүүр рүү цохиж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Сарангийн өгсөн: “...Өнөөдөр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд шөнийн захын урд Сандэй плаза орох гээд явж байтал гудамжинд нэг эрэгтэй хүн шалтгаангүй нүүр рүү нэг удаа чанга цохиод намайг унагаасан. Тэгээд тэнд гадаа худалдаа эрхэлдэг хүмүүс намайг дэлгүүртэй оруулаад миний цусыг тогтоогоод байж байхад худалдагч нар нь гадаа цагдаа байна гараад хэл гэж хэлэхээр нь гартал 2 цагдаа машиндаа суулгасан байсан. Тэгээд намайг аваад бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний шуудайн дотор гар утас байгаа шүү гээд цагдаатай нь хэрэлдээд яваад байсан ба амнаас нь бол архи үнэртэхгүй байсан ба сэтгэцийн хувьд зүгээр ярьж байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд сонин сонин юм яриад сэтгэцийн эмгэгтэй хүн шиг жүжиглээд байсан." гэх мэдүүлэг /хх-н 9-11/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болормаагийн өгсөн: “...Тухайн үед би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сандэй худалдааны төвийн урд байрлах туфль гутлын дэлгүүрт ажлын байрандаа байх үед гадаа хүмүүс шуугиад эхэлсэн. Юу болж байгааг сонирхоод харсан чинь нэг эмэгтэйн нүүрнээс цус гарч байсан. Би харахаараа айгаад буцаад дэлгүүртэй орсон. Манай хажуугийн дэлгүүрийн Мишиг, Алимаа нар цохисон хүний араас явж барьж аваад цагдаа дуудаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Жаргалмаагийн өгсөн: “...Гадаа тас хийх чимээ гарч нэг эмэгтэй хүн орилсон. Би гараад харах үед нэг эмэгтэйн нүд орчмоос цус гарсан байдалтай нэг тэнэмэл байрын эрэгтэй хүн захыг чиглээд хурдан алхаад явж байсан. Тэр хүн эргэн эргэн хараад явж байгаад автобусанд суучихсан. Би хамт ажилладаг Мишиг ахтай хамт араас нь очсон. Тэнд цагдаа нар явж таараад Мишиг ах цагдаатай хамт тэр залууг автобуснаас буулгасан.” гэх мэдүүлэг /хх-н 16/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6922 дугаартай:

1. А.Сарангийн биед баруун нүдний доод зовхины шарх, зулгаралт, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 18/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Ч.Бд ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийт 105 хоног цагдан хоригдсон ба хохирогч А.Саран нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.