Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00636

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11719 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 80,471,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******той орон сууц хөлслөх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******дугаар хороолол, ******* ******* гудамж, ******* хотхоны ******* дугаар байрны ******* тоотын 157,08 м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг *******, ******* нарт 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хөлслүүлсэн. Эхний гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 27 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусах бүрд шинээр гэрээ байгуулж, гэрээний хугацааг сунгасан.

Дараагийн буюу №******* дугаартай гэрээг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 сарын хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөгөөр тохиролцож уг төлбөрийг сар бүр төлөхөөр, №******* дугаартай гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 сарын хугацаатай байгуулж, сар бүр түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг төлөхөөр, №******* дугаартай гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 24 сарын хугацаатай байгуулж, 2,500,000 төгрөгийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцсон. Гэвч хөлслөгч *******, ******* нар өнгөрсөн хугацаанд орон сууц хөлсөлсөн төлбөрийг төлөөгүй.

1.2. Хөлслөгч нарын №******* дугаартай гэрээний үлдэгдэл үүрэг 5,000,000 төгрөг, №*******, №******* дугаартай гэрээнүүдийн үүргийг огт биелүүлээгүй бөгөөд уг хугацааны төлбөр 54,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний хугацааны нийт төлөөгүй төлбөр 59,000,000 төгрөг болно. Талуудын хооронд байгуулсан №*******, *******, ******* дугаартай гэрээнүүдийн 6.1-д ...талууд гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу алданги 15,309,000 төгрөг болсон.

1.3. Түүнчлэн, *******, ******* нар СӨХ-ны төлбөрийг огт төлөөгүйгээс нэхэмжлэгч 2,310,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нарын төлөөгүй түрээсийн төлбөр, алданги, СӨХ-ны төлбөр зэрэгт нийт 84,119,000 төгрөгийг төлөх нь үнэн, уг мөнгийг орон сууцны өмчлөгч *******д төлж барагдуулна гэсэн "баталгааг" 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу орон сууцны түрээсийн төлбөр, алданги, СӨХ-ны төлбөр нийт 84,119,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү.

1.4. Хариуцагч нар төлөөгүй хөлс, бусад зардлыг төлнө, үргэлжлүүлэн орон сууцны мөнгийг төлж эндээ амьдармаар байна гэсэн учир 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарыг хүртэл амьдарсан. 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бид ярилцаад орон сууц түрээслэх гэрээг дахин 9 сарын хугацаатай байгуулж, хөлсийг улирал тутамд төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нар урьдын адил орон сууц ашигласан хөлс болон бусад зардлаа (СӨХ, Юнивишн) төлөхгүй байсан тул 2025 оны 08 дугаар сарын эхний 7 хоногт орон сууцаа чөлөөлүүлж авсан. Орон сууцаа хүлээн авахад ердийн элэгдлээс илүү муутгасан байсныг өөрийн зардлаар засварласан. Иймд 2025 оны 4,5,6,7 сарын орон сууц ашигласны хөлс 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний 6.1-д зааснаар алданги 675,000 төгрөг, 1-8 сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 490,000 төгрөг, Юнивишны 5,6 сарын төлбөр 187,800 төгрөг буюу нийт 11,352,800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагч 15,000,000 төлсөн тул 80,471,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч *******тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд тухайн үед Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн байсан. Иймд, төлөвлөн хийж байсан ажил хөл хорионы улмаас зогссон. Тухайн үед үүссэн байсан нөхцөл байдлыг нэхэмжлэгчид тайлбарлаж байсан ба өнөөдрийг хүртэл тогтмол ярилцсаар ирсэн. Нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийн төлж байгаа, нэхэмжлэлд дурдсан шиг хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Бид харилцан тохиролцож цаашид төлбөрөө төлж барагдуулан гэрээний дагуу үргэлжлүүлэн орон сууцыг хөлслөх хүсэлтэй байна.

2.2. Нэхэмжлэгчид 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн нэхэмжлэгчид зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгийн цаг барьцаанд түр тавьсан гэжээ.

 

3. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос нийт 54,187,800 /тавин дөрвөн сая нэг зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, үлдсэн *******, 26,284,000 /хорин зургаан сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч *******д, ******* нарт холбогдуулан гаргасан 80,471,800 /наян сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******, ******* нарыг татаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ******* анхны нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус гардан авсан бөгөөд тэрээр шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд хариу тайлбар гаргаагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч *******ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжилсэн орон сууцны хөлс, алданги бусад зардлыг түүнээс гаргуулж шийдвэрлэх байхад шүүхэд ирж огт маргаагүй *******ийг гэрээний тал биш гэдгээр хариуцагчаас чөлөөлж, улмаар түүнээс хөлс, алданги бусад зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулиудыг зөрчсөн.

5.2. Хариуцагч нар хөлсөлсөн орон сууцанд 2019 оны 11 сараас эхлэн хүүхдийн хамт амьдарч, хамт ашиглаж байсан бөгөөд Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.1, 306.4-т зааснаар хариуцагч ******* орон сууц хөлслөх гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байсан. Талууд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлөх хөлс, алданги бусад зардлын талаар тооцоо хийж нийт 84,119,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо *******, ******* нар зөвшөөрч уг үнийн дүнг хамтран төлж барагдуулах тухайгаа баталгаа гаргаж өгсөн. /хх-14/, Шүүх уг баталгааны баримтыг огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн алдангийг шаардсан байхад алдангийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй гэж ойлгомжгүй дүгнэсэн. Алдангийг гэрээгээр тохирсны дагуу хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр нэхэмжилсэн бөгөөд өөр байдлаар алдангийг нотлох шаардлагагүй. Шүүх хуралдааны шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие алдангийг хэрхэн тооцсон талаар тодруулсан байхад шүүх анхаарч үзээгүй.

5.3. Хариуцагч нар 2025 оны 01 дүгээр сараас 07 сарыг дуустал орон сууцанд амьдарч ашигласан бөгөөд 2025 оны 1,2,3 дугаар саруудын хөлс 7,500,000 төгрөгийг болон СӨХ-ны төлбөр 2,310,000 төгрөгийг (уг үнийн дүнг нэхэмжлэгч төлсөн) хамтран төлж барагдуулах тухайгаа 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан баталгаагаар зөвшөөрсөн. Мөн талуудын хооронд байгуулсан 2024 оны №******* тоот орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон ба хариуцагч нар 2025 оны 1, 2, 3 сард орон сууцанд амьдарч ашигласан учраас уг хугацааны хөлс 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байтал шүүх аль гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон буруу болсон. Дээр дурдсан үндэслэлүүдээр болон *******, ******* нар орон сууц хөлслөх гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх нь шударга ёсонд нийцэх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хариуцагч *******эс 40,235,500 төгрөг, *******оос 40,235,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 95,471,800 төгрөг гаргуулах, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 80,471,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодруулж, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлагаас татгалзсан байна.

 

Хариуцагч ******* хариу тайлбар гаргаагүй, ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон ******* нар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 157,08 м.кв талбайтай орон сууцыг хөлслүүлэх, ******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэг сарын хөлс 1,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх8-9/

 

Талууд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг сунгаж, хөлслөгч сар бүр 2,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр, /хх10-11/

 

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээг сунгаж, хөлслөгч сар бүр 2,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр, /хх12-13/

 

2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хөлслөгч орон сууцны хөлс 2,500,000 төгрөгийг улирлаар төлөхөөр тус тус гэрээнд өөрчлөлт оруулсан байна. /хх57-58/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

 

4.1. Хариуцагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг эзэмшилдээ хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж өгсөн, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх35, 45, 46, 79/

 

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууцны хөлсний төлөгдөөгүй төлбөрийн хэмжээг 59,000,000 төгрөгөөр тодорхойлсон /хх-2/, мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны орон сууцны хөлс 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн /хх-54/ нэхэмжлэлийн хүрээнд нийт 69,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, орон сууцны үлдэгдэл хөлсийг 54,000,000 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт талуудын зарчимд нийцсэн.

 

5. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэргийн баримтаар хариуцагч нь орон сууцны хөлс 54,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч *******оос орон сууцны хөлс 54,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасанд нийцжээ.

 

6. Түүнчлэн талууд гэрээний 3.1-д хөлслөгч сар бүр орон сууцны ашиглалтын төлбөрийг хариуцах тохиролцоо Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7, 302 дугаар зүйлийн 302.4-т нийцсэн талаар шүүх зөв дүгнэсэн.

 

Нэхэмжлэгч орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2,800,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч тухайн зардал гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Харин ******* ХХК-ийн 2025 оны 5, 6 дугаар сарын үйлчилгээний төлбөрт 187,800 төгрөг төлсөн баримт /хх-56/-ыг үндэслэн ашиглалтын зардлын хэмжээг 187,800 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

 

7. Харин алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх тооцоолол тодорхойгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, алдангийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.

 

7.1. Орон сууц хөлслөх гэрээний 6.1-д талууд гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

 

7.2. Хариуцагч ******* нь гэрээний 2.1-д зааснаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл орон сууцны хөлсийг сар бүр төлөх үүрэг хүлээсэн байх боловч зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

7.3. Нэхэмжлэгч алданги тооцох хугацааг хариуцагчийн сар бүр орон сууцны хөлс төлөх хугацаагаар бус тухайн гэрээний хугацаа дууссан өдрөөс тооцож нэхэмжилсэн байх ба шүүх нэхэмжлэлийн хүрээнд алдангийг тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан орон сууцны хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийн 0,1 хувиар уг гэрээний хугацаа дууссан 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 86 хоногийн алданги 429,000 төгрөг,

 

2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх орон сууцны хөлс 24,000,000 төгрөгийн 0,1 хувийн алдангийг уг гэрээний хугацаа дууссан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 470 хоногоор тооцож 11,280,000 төгрөг,

 

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл орон сууцны хөлс 30,000,000 төгрөгийн 0,1 хувийн алдангийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 111 хоногоор тооцож 3,330,000 төгрөг, нийт 15,039,000 төгрөг байна.

 

7.4. Талууд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны хөлсийг улирлаар төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан байх боловч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан уг гэрээг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болгосон тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги 675,000 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Иймд хариуцагч *******оос алданги 15,039,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алданги гаргуулах нэхэмжлэлээс үлдэх 945,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэх бөгөөд шүүхийн шийдвэрт энэ өөрчлөлтийг оруулна.

 

8. Хариуцагч ******* нь орон сууц хөлслөгчтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба гагцхүү нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн орон сууцны хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхэд учир дутагдалтай тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Хариуцагч *******эс орон сууц хөлслөх гэрээний үүрэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******оос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг, ашиглалтын зардал 187,800 төгрөг, алданги 15,039,000 төгрөг, нийт 69,226,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,245,000 төгрөг болон *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11719 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 69,226,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,245,000 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 428,889 гэснийг 504,084 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Ч.БАТЧИМЭГ