Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1523

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04839 1965 дугаартай хэргийг 2019 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б.Т, 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

            Яллагдагч Б.Тнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Венус” баарны кароакед иргэн Д.П маргалдаж шар айрагны шилээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Үүрийнтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Билэгжаргалийн өгсөн мэдүүлэг /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Эрдэнэбаатарын өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9932 дугаартай дүгнэлт /хх-н 25/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, хохирогчийн хүсэлт /хх-н 44/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас   Б.Тнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Венус” баарны кароакед иргэн Д.Пүрэвжавтай маргалдаж шар айрагны шилээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Тэмүгэг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д.Пүрэвжавтай маргалдаж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пүрэвжавын өгсөн: “...Би тэр хоёрын болиулах гээд Тэмүгэ маргалдаж байсан хүн рүүгээ арай илүү дайраад байхаар нь би Тэмүгэг болиулах гэхэд Тэмүгэ пивоны шилээр миний толгой руу цохисон. Миний биеийн толгойны хэсэгт гэмтэл учирсан. Б.Тэмүгэтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирол болох 400.000 төгрөгийг авсан. Тийм болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-н 9-11/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганцэцэгийн өгсөн: “...Гэтэл Тэмүгэ ах ширээн дээр байсан пивоны шил аваад Пүрэвжав ахын толгой руу цохиж, пивоны шилийг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Үүрийнтуяагийн өгсөн: “...Пивоны шил гартаа барьчихсан байж байгаад нөгөө махлаг залуугийн толгой руу пивоны шилээр цохиж хагалсан..” гэх мэдүүлэг /хх-н 17/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний 9932 дугаартай:

1. Д.Пүрэвжавын биед тархины доргилт, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 35/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тнь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.