Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00637

 

 

******* ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11771 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 294,390,144.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* тоот Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм, Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ болон бусад дүрэм, журамд заасан үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн. Харин хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний 3.2.1-д заасан дулааны эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй", мөн 4.2-т дулааны төлбөр тооцоог худалдагч тал сарын эхний 10 хоногт багтаан нэхэмжлэл бичиж худалдан авагч талд хүргүүлэх ба худалдан авагч тал нь төлбөрийн нэхэмжлэх бичигдсэн өдрөөс хойш cap бүрийн 15-ны өдрийн дотор төлбөрийн 50 хувийг 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж тус тус заасныг зөрчиж үүргээ бүрэн биелүүлэлгүй төлбөрийн үлдэгдэлтэй байна.

1.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ биелүүлэх талаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлбөрөө тогтоосон хугацаанд төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд дулааны эрчим хүчийг түр хязгаарлах тухай мэдэгдэх хуудаснууд, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот, 2023 оны 01 дүгээр 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр төлбөр барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээ авах тухай албан бичгүүд, мөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай ******* газрын улсын байцаагчийн албан шаардлага, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай *******ны албан тоот зэргээр удаа дараа мэдэгдсэн.

Иймд 294,390,144.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани нэхэмжлэгчтэй *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулдаг. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай компани нь төлбөрийн ямар нэгэн өргүй байсан бөгөөд 12 дугаар сард *******ноос 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тогтоолоор дулааны үнийг маш өндрөөр буюу 2021 онд мөрдөж байсан 3,013.40 төгрөгөөс даруй 4 дахин их буюу 12,309.57 төгрөг болгож өөрчилснөөс 235,499,955.45 төгрөгийн төлбөр бичигдсэн..

2.2. Мөн ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай тариф батлах тухай тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн *******ТӨХК-аас худалдан авах дулааны тариф 12,309.57 төгрөг байсныг өөрчилж, дулааны тарифыг 5.495.86 төгрөг болгосон, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай тариф батлах тухай тогтоолоор 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* ТӨХК-аас худалдан авах дулааны тариф 5.495.86 төгрөг байсныг өөрчилж, дулааны тарифыг 3.759.30 төгрөг болгосон.

Дээрх дулааны тариф нь *******ноос зөвхөн манай байгууллагад зориулан баталсан тариф бөгөөд уг дулааны тариф нь аж ахуйн нэгж болгонд өөр өөрөөр батлагддаг. Манай компани нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 болон Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний 3.2.1-д зааснаар дулааны эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй, мөн гэрээний 4.2-т зааснаар худалдан авагч тал нь төлбөрийн нэхэмжлэх бичигдсэн өдрөөс хойш cap бүрийн 15-ны өдрийн дотор төлбөрийн 50 хувь, 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн үүргийг ордоог хүртэл биелүүлж байна Гэнэт их хэмжээний төлбөр гарсан нь манай байгууллагын санхүүгийн мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлж уг төлбөрийг төлөх боломжгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. *******ноос ******* ХХК-ийн дулааны тарифыг батлахдаа тус хуулийн этгээдийн гаргаж өгсөн баримтад үндэслэж, тарифыг холбогдох хууль журмын дагуу баталсан нь хууль зөрчөөгүй, тухайн асуудлаар маргаж, захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шийдвэр гарч, ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 294,390,144.72 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,127,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 294,390,144.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг заасан. Энэхүү эрхийнхээ дагуу миний бие өөрийн компанид холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг минь хангахгүйгээр хэргийг шийдвэрлэж. их хэмжээний өр төлбөрийг хариуцуулан шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

5.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ манай өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ ямар нэгэн тодорхой тайлбар, үндэслэл хийгээгүй атлаа шийдвэрт өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах болон хариуцагч миний шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар уг иргэний хэрэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүгч шийдвэрээ урьдчилаад гаргасан байсан учир хүсэлтийг хангаагүй гэж ойлгогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг шүүх илтэд зөрчиж, нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.3. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 294,127,263 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй гэдэг. Гэтэл хариуцагчийн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн авч өмгөөлөгч нарыг сольж оролцуулсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн шийдвэртээ дурдаж бичсэн байдаг.

6.2. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд зохигч эвлэрэх санал тавьж шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүгч шүүх хуралдааныг 12 дугаар сарын 18-ны өдөр товлохдоо зохигч талуудаас тухайн өдөр шүүх хуралтай эсэх талаар асуусан. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч тухайн өдөр хуралгүй гэж тайлбарласан атал 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан эрх, үүргийн хүрээнд аль ч байгууллагад төлөөлөх гэж заасны дагуу өмгөөлөгч шүүх хуралдаан товлогдсон цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй гэдгийг зөрчиж байна.

6.3. Шүүх хэргийг хэлэлцэж эхлэхээсээ өмнө талуудаас санал хүсэлт байна уу, шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэх талаар асуусан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар нэг тайлбар хэлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад буруу бичсэн техникийн шинжтэй алдаа байна гэж үзсэн учраас шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан №*******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаартай Дулааны эрчим хүч худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дулааны эрчим хүчний төлбөрт 393,862,565 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дулааны төлбөрийг хэсэгчлэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 294,390,144.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...******* ХХК-ийн дулааны тарифыг батлахдаа тус хуулийн этгээдийн гаргаж өгсөн борлуулалтын орлогын баримтад үндэслэж, тарифыг зохих журмын дагуу баталсан нь хууль зөрчөөгүй, үнэ тарифын талаар ******* ХХК-аас санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч санал ирүүлээгүй, үнэ тарифын асуудлаар маргаж, захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарч, ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул тариф баталсан тогтоол үндэслэлтэй... гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан,

шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4.1. Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №*******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаартай Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь худалдан авагчийг гэрээгээр тохирсон хугацаанд стандартын шаардлагад нийцсэн дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах, худалдан авагч нь дулааны эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /1хх-ийн 81-87/

 

4.2. Хэргийн баримтаар талууд тооцоо нийлж, №******* дугаартай гэрээний үүрэгт 16,259,258 төгрөг, №******* дугаартай гэрээний үүрэгт 73,386,357 төгрөг, №******* дугаартай гэрээний үүрэгт 143,885,011 төгрөг, №******* дугаартай гэрээний үүрэгт 8,161,654 төгрөг, №******* дугаартай гэрээний үүрэгт 50,859,283 төгрөг, №******* дугаартай гэрээний үүрэгт 50,188,188 төгрөг, №******* дугаартай гэрээний үүрэгт 27,463,408 төгрөг, №******* дугаартай гэрээний үүрэгт 23,659,406 төгрөг буюу нийт 393,862,565 гарснаас хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж, нийт 8 актын төлбөрт 294,390,144.72 төгрөг төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдсон байна. /1хх-ийн 12-27/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК нь өөрийн худалдан авсан дулаан, эрчим хүчний хэмжээ, чанарын асуудлаар маргаагүй боловч тухайн гэрээний дагуу дулааны нэгж үнийг тооцсон *******ноос баталсан үнэ тариф нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд дулааны үнэ, тарифыг хэт үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх байдал нотлогдоогүй, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу гарсан төлбөр тооцоог багасгах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

5.1. Энэ асуудлаар хариуцагч нь *******ны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар, 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0081 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2025/0282 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2025/0266 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. /2хх-ийн 25-50/

Иймд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тарифыг үндэслэн талуудын хооронд байгуулсан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний дагуу гэрээний үүрэгт ашигласан дулааны төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч төлж барагдуулах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн

5.2. Талууд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдлийн талаар гэрээний дугаар бүрээр тооцоо нийлсэн актыг баталгаажуулсан байх ба 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд өгсөн, авсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тооцоо нийлэхэд ******* ХХК нь нийт 8 актын дагуу 393,862,565 төгрөгийг үлдэгдэлтэй, эдгээр актыг үндэслэн, мөн энэ актаас хойш төлсөн төлбөрийг хасаж, нийт 294,390,144.72 төгрөгийн гэрээний үндсэн үүргийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага болон тооцооны үлдэгдлийн баталгааны хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй байна.

Дээрх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №*******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаартай дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 294,390,144.72 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг худалдан авагч төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ТӨХК нь хуулиар тогтоосон үүргээ бүрэн биелүүлсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

6. Хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүйгээс гадна шүүх хуралдааны явцад түүний гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар давж заалдах гомдол гаргасан.

 

6.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/19170 дугаартай, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/43522 дугаартай захирамжаар хариуцагчийг хууль зүйн туслалцаа авах эрхээр, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/50909 дугаартай захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн хариуцагчийн хүсэлтээр бусад үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/54622 дугаартай захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн зохигчийг эвлэрэн хэлэлцэх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба дараагийн шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн боломжтой хугацааг тодруулсны үндсэн дээр 3 хоногийн дараа товлосон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийг хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжоор шүүх хангасан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх бөгөөд хэрэг хэлэлцэх явцад шинжээч томилуулах хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Мөн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/15687 дугаартай захирамжаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа үнийн дүнг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийг дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож олгоно.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК-аас 294,390,144.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж алдаатай бичсэнийг залруулж, нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүн болох 294,390,144.72 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас 1,629,901 төгрөгийг гаргуулсан өөрчлөлт оруулж, энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангана.

 

8. Мөн хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,629,901 төгрөг төлөхөөс 2,127,263 төгрөг төлж, илүү 497,362 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 294,390,144.72 гэснийг 1,629,901 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,629,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 497,362 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.БАТЧИМЭГ