Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00262

 

Л.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр шийдвэр,

    Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.Ц

          Хариуцагч: А.Эд холбогдох

           50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 сарын дундуур А.Э, Б.Гансүх нар уулзаж 3 сарын хугацаатай 50 сая төгрөг зээлдүүлэхийг хүссэн. Би Хас банкнаас 50сая төгрөгийг 2% хүүтэй зээлж авч өгөхөөр болсон. Би  Хас банкнаас зээл авч А.Гансүхийн дансанд шилжүүлэх гэтэл “А.Э ахын данс руу хийчих” гээд түүний дансны дугаарыг өгсний дагуу шилжүүлсэн.  Би Б.Гансүхтэй зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч  Б.Гансүх “... удахгүй өгнө... зээл бүтэхгүй байна..” гэсэн ч  олдохгүй болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А.Гансүх хэлэхдээ “...зээлийн гэрээг би хийсэн ч 50 сая төгрөгийг А.Э дансаараа авсан...” гэсэн тул шүүх  мөнгийг А.Эд өгсөн  учраас тэр хүнээсээ нэхэмжил гэсэн шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд А.Эаас 50 сая төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

       Хариуцагч тал хариу тайлбарт: Л.ЦБ.Гансүхэд 50 сая төгрөг зээлдүүлэхдээ  гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон. Уг гэрээний дагуу Л.Цмөнгийг Б.Гансүхийн захиалгын гүйцэтгэгч А.Эы дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцсон. Иймд Л.Ц, Б.Гансүх нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Өөрөөр хэлбэл, гэрээнээс үүсэх үр дагаврыг гагцхүү зээлдэгч Б.Гансүх бүрэн хариуцах үүрэгтэй. Энэ талаар Л.Цгийн нэхэмжлэлтэй Б.Гансүхэд холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие гэрчээр асуугдахдаа маш тодорхой мэдүүлсэн. Түүнчлэн Б.Гансүхийн Л.Цгоос зээлсэн 50сая төгрөг өөрийнх нь захиалан бариулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж  өмчлөлдөө шилжүүлэн авсан. Б.Гансүхийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Бурхантын 11 дүгээр гудамжны 10в тоот 141.04 м.кв амины орон сууцны үнэд шингэсэн байгаа. Б.Гансүх энэ хэргийн хариуцагч болох үедээ Дархан-Уул аймаг дахь ХААН банкны зээлийн газрын даргаар ажиллаж байсан.Б.Гансүхийн эхнэр тус банкны Дархан захын салбарт ахлах теллерээр ажиллаж байсан М.Мөнгөнтуул нар нь 2014 оны сүүлчээр А.Э миний эзэмшлийн газар дээр амины орон сууц бариулахаар гэрээ хэлцэл хийснээр уг амины орон сууцны үнэ болох 121.500.000 төгрөгийг төлж эхэлсэн. 2014 оны 11 сард Л.Цгоос 50сая төгрөгийг зээлж аваад миний дансанд шилжүүлсэн. Нийт 65 сая төгрөгийг байрны урьдчилгаанд төлснийг баталгаажуулж 2015-02- 02-ны өдөр бидний дунд хийсэн  нотариатаар гэрчлүүлсэн гэрээ бий. Түүнчлэн захиалсан АОС-ыг барьж дуусгахын тулд Ариг банкнаас авсан зээлийн үлдэгдэл 34.775.000 төгрөгийг 2016-03-31-ний өдөр Б.Гансүхийн эхнэр М.Мөнхтуул өөрийн бэлэн мөнгөөр хааж дуусгасан.  Б.Гансүх, М.Мөнхтуул нар нь надад АОС бариулсны үнэ хөлсөнд нийт 99.775.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 21.725.000 төгрөгийн хувьд Б.Гансүх, М.Мөнхтуул нар санхүүгийн хувьд хүнд байна, явцын дунд боломж гарахаар танд 10.000.000 төгрөг өгөөд тооцоо дуусгая гэдэг хүсэлт гаргасныг би  зөвшөөрсөн. Гэтэл одоо болохоор үлдэгдэл мөнгөө өгөхийг оронд байрныхаа төлбөрт төлсөн 50 сая төгрөгөө надаар төлүүлэх гэж байна. Иймд нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар А.Эаас 50.000.000 төгрөгийг гаргуулж Л.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.Эаас 408.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3599 дүгээр захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

       Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэснийг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч А.Э хяналтын гомдолдоо: Л.Цгоос миний дансанд 50 сая төгрөг шилжүүлсэн нь үнэн боловч  мөнгө хийх болсон шалтгааныг шүүх  тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Гансүх надаар Дархан сумын 2-р хороолол, Бурхантын 11-р гудамж 10в тоотод 141.04 кв.м талбай бүхий хувийн орон сууц хаус бариулахаар бичгээр гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу надад төлөх ёстой 121.500.000 төгрөгөөс 50сая төгрөгийг төлөхдөө Л.Цгоос бичгээр зээлийн гэрээ хийж, улмаар мөнгөө авах болохоор барилгын төлбөртөө тооцон миний дансруу хийхийг Л.Цд хэлж, миний хувийн дансны дугаарыг өгсөн юм билээ. Үүнийг мөнгө зээлсэн Б.Гансүх, мөнгө зээлдүүлсэн Л.Цнар хүлээн зөвшөөрдөг атал мөнгийг дансаараа авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Л.Цэнэ хугацаанд зээлийн гэрээнийхээ дагуу Б.Гансүхээс зээл, зээлийн хүү, алдангид 10 сая төгрөг авсан атлаа надаас хүү, алдангийн мөнгийг нэхэхгүй, зөвхөн үндсэн зээлээ нэхэж байгаа нь үндэслэлгүй. Бид хоёрын хооронд эрх зүйн ямар нэг эрх, үүрэг хүлээсэн харилцаа үүсээгүй. Л.Цминий дансанд 50 сая төгрөг шилжүүлэх болсон гол шалтгаан нь барилга бариулахаар захиалга өгсөн Б.Гансүхэд мөнгө зээлдүүлэх, мөнгөө хүү, алдангитайгаар өсгөж авах гол зорилготой, хүсэл сонирхолтой байсан, тийм ч учраас түүнтэй зээлийн гэрээ хийсэн, түүнд мөнгө зээлдүүлэх нь чухал байсан болохоос, бэлнээр өгнө үү, дансаар өгнө үү, зээлдэгчийн хүсэлтээр буюу түүний заавраар хэрэгцээт зүйлд нь зориулж, илүү шат дамжлагагүйгээр шууд төлбөр хийх арга, хэлбэрийг өөрсдөө сонгосон. Л.Цгийн 50 сая төгрөг зээлдэгч Б.Гансүхийн захиалан бариулсан орон сууцны барилгын материалд зарцуулагдсан тул тэрээр уг мөнгийг бүрэн хариуцах үндэслэлтэй юм. Хэн ч гэсэн “чи банк явах гэж байгаа бол миний байрны энэ сарын халаалт, гэрлийн мөнгийг төлчих, дараа нь би чамд мөнгийг нь өгчихнө” гэдэгтэй агаар нэг юм. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсгийн “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэх заалтыг баримталсан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 493.1 “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж өөрчилсөн нь хоёулаа буруу. Учир нь: Л.Цнадад мөнгө шилжүүлсэн болохоос хөрөнгө, эд зүйл шилжүүлээгүй юм. Дээрх хууль, хуулийн тайлбараар бол зөвхөн хөрөнгө шилжүүлсэн байхыг шаарддаг бөгөөд шүүхийн баримталсан хуулийн “...тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол” гэсэн заалттай нийцэхгүй байгаа тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Миний бие хөрөнгө олж авсан этгээд биш мөнгө шилжүүлснийг авсан, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэсэн хуулийн заалтаар Л.Цминий дансанд мөнгө шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, миний бие мөнгийг Л.Цд буцаан төлөх үүрэг харилцан хүлээгээгүй. Ийнхүү зохигч бидний хооронд эрх зүйн харилцаа, үр дагавар, үүрэг үүсээгүй учраас миний бие хариуцагч биш, нэхэмжлэгч мөн гэж үзсэн ч мөнгийг хариуцан төлөх үндэслэлгүй юм. Үндэсний валют төгрөг болон эд хөрөнгө хоёрын хооронд хууль зүйн том ялгаа бий. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Л.Ц2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А.Эд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2014 оны 11 сард шилжүүлсэн 50.000.000 төгрөгийг буцаан шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

        Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүрэг үүсээгүй байхад 50.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан байна.  Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулахдаа “...зээлдэгч биш этгээдэд шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй...” гэж үзжээ.

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт авагдсан баримтаар, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр Л.Ц50.000.000 төгрөгийг  Б.Гансүхэд зээлүүлэх үүрэг хүлээсэн ч мөнгийг Б.Гансүхэд бус, харин А.Эд шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогджээ. Түүнчлэн,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 497 дугаар шийдвэр гаргаж, “... Л.ЦБ.Гансүхэд 50.000.000 төгрөг зээлдүүлэхээр тохирсон  боловч мөнгийг Б.Гансүхэд өгөөгүй байна...” гэсэн агуулга бүхий үндэслэлээр Б.Гансүхэд холбогдох Л.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.   

      Л.Цгоос 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн мөнгийг хариуцагч  хүлээн авсан нь тогтоогдсон бөгөөд Б.Гансүх, А.Э нар хоорондоо маргаантай байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байна. А.Э Б.Гансүхэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй.

        Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 493 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэлийг хангасан нь оновчгүй болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  Л.Цзээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхдээ 50.000.000 төгрөгийг С.Гансүхэд бус, харин А.Эд шилжүүлсэн нь тогтоогдсон буюу зохигчдын хооронд үүрэг үүсээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэсэн нь зөв байна.

        Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 408.000 төгрөгийг А.Эд захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ