Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00016

 

Э.Пүрэвчулуунд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 179/2017/0110/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Д.Оюунбилэг,

           Ялтан: Э.Пүрэвчулуун,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Э.Пүрэвчулуунд  холбогдох 201722000036 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн  2017 оны 06  дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хангай овогт Эрдэнэдаваагийн Пүрэвчулуун, 1988 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РК88010715/.

Э.Пүрэвчулуун нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Ниссан террано маркийн 58-18 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Б.Өнөртүвшинг мөргөснөөс бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хангай овогт Эрдэнэдаваагийн Пүрэвчулууныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Э.Пүрэвчулууны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Пүрэвчулуунд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Пүрэвчулууны №667771 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгаж, Эрүүгийн 2017222000036 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ: ... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт зааснаар “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх ёстой”. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг удирдлага болгосон хуулийн зүйл заалтыг баримтлахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг буюу шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх хэрэгтэй эрхтэй гэсэн заалтыг баримталж  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд …шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.

 Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Э.Пүрэвчулуун нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Ниссан террано маркийн 58-18 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Б.Өнөртүвшинг мөргөснөөс бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э. Пүрэвчулууны дээрх үйлдэл нь хохирогч Б.Өнөртүвшингийн мэдүүлэг, гэрч П.Түвшинтөгс, Ч.Баттөр нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1547 тоот дүгнэлт болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид  оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн байх ба шүүгдэгч  гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг удирдлага болгосон хуулийн зүйл заалтыг баримтлахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг буюу шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх хэрэгтэй эрхтэй гэсэн заалтыг баримталж  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь заалтыг урьд сонгосон ялыг шүүх хөнгөрүүлж буй тохиолдолд баримтлах бөгөөд шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлээгүй, Э.Пүрэвчулуунд хуульд заасан ял оногдуулсан  байх тул эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4,  325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:  а/ Шийтгэх тогтоолын  “246 дугаар зүйлийн 246.2”  гэснийг хассугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                    ШҮҮГЧИД                                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                        Б.СОСОРБАРАМ