Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ХШТ/137

 

 

 

Э.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга О.Амарсанааг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1952 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолтой Э.Б-т холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

.... онд ... аймгийн ... сумын нутаг ... хэмээх газар төрсөн, ... настай, ард халх, эрэгтэй, ам бүл эхнэр ... хамт, хөрөнгөгүй, бүрэн бус дунд сургууль төгссөн, гишүүн бус, ял шийтгэлгүй, “...” медалиар шагнагдсан, ... дарга бэлтгэх курст сурч байсан, Б.

 

“Э.Б-ыг хувьсгалын утга бүхий үндэсний дуунуудын үг утгыг хортойгоор урвуулан “Яндаж болдоггүй далай шиг яасан барагддаггүй байцаа вэ

Ямар ийм цагт бид нар цэрэг болж төрөв” гэх юм уу

Мөн “Эргүүлээд самнасан хоёр үс чинь

Ишигний сүүлнээс юуны өөрцгүй

Эргээд хардаг хоёр нүд чинь

Эрээн муурын нүднээс өөргүй” гэх зэргээр дуулж байсны гадна дэлхийн хувьсгалын их удирдагчдыг доромжлон дуулж байсан” гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1952 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорих”-оор шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Тухайн үед Төмөр замын бригадын дарга нарын курст сурч байсан Б-ыг хувьсгалын утга бүхий үндэсний дуунуудын үг утгыг хортойгоор урвуулан дуулсныг гадна дэлхийн хувьсгалын их удирдагчдыг доромжлон дуулж байсан гэж БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1952 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн 51 дүгээр хурлын тогтоолоор Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьд хорих ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Э.Б нь дууны үгийг өөрчлөн дуулж, улс төрийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, харин үгсийн толгой холбож өөрчлөн дуулсан гэх мэдүүлгүүдээс төр засгийн эсрэг ямар нэгэн санаа зорилгыг агуулаагүй байхад зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулж шийтгэсэн, хэргийн зүйлчлэл тохироогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болох нь тодорхой байна. Энэ хэргийн улмаас улс, нийгэмд ямар хор хохирол учруулсныг тогтоосон эсэхийг болон гэмт хэрэг санаатай үйлдсэнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй ба гэрч нарыг Э.Б-той нүүрэлдүүлэн байцаалгүй бодит үнэнийг тогтоолгүйгээр ял шийтгэжээ. Э.Б мэдүүлэхдээ "... Л мэтийн хүмүүс намайг гүтгэснийг лавтай мэдэх байна, би үүнийг хаана ч хэлнэ. Т намайг шууд гүжирдсэнээс болж би сургуулиас хөөгдөхөд хүрч байсан, би Зөвлөлтийн мэргэжилтнийг доромжлоогүй” гэж мэдүүлсэн ба Э.Ж-с гэрчийн мэдүүлгийг 1952 оны 6 дугаар сарын 18-ны өдөр буюу Э.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах /1952 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баривчилсан/-аас өмнө авсан байна. Дээрх мэдүүлгүүдийн үнэн эсэхийг тогтоогоогүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, сэжигтэн этгээдийг баривчлахаас өмнө гэрчийг байцаасан байна. Э.Б-т ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд заасан хувьсгалын эсэргүү утга агуулгатай зүйл буюу тухайн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гаргасныг нотлох баримт хавтаст хэрэг цугларсан баримтуудад байхгүй байна. Э.Б-ын гэм буруутай үйлдлийн санаа зорилгыг нь хангалттай баримтаар тогтоогоогүй байж, улс төрийн зорилгоор хилсээр гэм буруутайд тооцож, хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1952 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Э овогтой Б-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт гаргасан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн коллеги Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэж Э.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн тухай прокурорын дүгнэлт үндэслэл бүхий байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Б нь “... хувьсгалын утга бүхий “Ган зам”, “Эх орон” зэрэг дуунуудын үг, утгыг хортойгоор урвуулан өөрчилж дуулснаас гадна дэлхийн хувьсгалын их удирдагчийг доромжлон дуулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1952 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор "... Б-ыг нь хувьсгалын агуулга бүхий дууны үг, утгыг хортойгоор урвуулан өөрчилж "... яндаж болдоггүй далай шиг яасан барагддагүй байцай вэ, ямар ийм цагт бид нар цэрэг болж төрөв" гэх юмуу мөн "... эргүүлээд самнасан хоёр үс чинь ишигний сүүлнээс юуны өөргүй" гэх зэргээр дуулж байсны гадна дэлхийн хувьсгалын их удирдагчийг доромжлон дуулсан зэрэг хэргийн холбогдол нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн ба бусад гэрч нарын тодорхойлолт зэргээр нэгэнт батлагдсан тул хууль ёсоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьсугай” гэж шийдвэрлэсэн байна.

 

Мөрдөн байцаалтын 11039 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд Э.Б нь  “... ямар нэг санаа бодолтойгоор дээрх дуунуудыг урвуулан дуулсан зүйл надад алга. Хар буруу санаагүй энэ дуунуудыг өөрчлөн дуулсан минь үнэн, санамсаргүй л дуулсан.

 

Дээр мэдүүлснээс өөр хийсэн хэрэг надад байхгүй, миний хийж үйлдсэн хэргийн тухай баримт байгаа бол түүнийг хүлээе, нам засгийн чухал компанит ажилд саад хийхийг оролдсон зүйл байхгүй, харин төрөл бүрийн ажилд чадвал түрүүнд  явахыг боддог. 1951 оны 11 дүгээр сугалааг 80 төгрөгөөр захиалсан, мөн Солонгос явуулах бэлэглэлийн тухай мах комбинатынхны уриалгыг хүлээн авч 7 хоногоор бэлэглэсэн, би энэ үед 400 төгрөгийн цалин авдаг байсан цалингийнхаа 50 хувь 200 төгрөгөөр захиалсан. Ер нь би бодохдоо намайг дайсагнан үзэж байна, Л мэтийн хүмүүс гүтгэсэн гэж би лавтай мэдэж байна би үүнийг хаа ч хэлнэ.

 

Т намайг Зөвлөлт улсын мэргэжилтнийг яаж инженер болсон юм бэ гэж шууд гүжирдсэн бөгөөд үүнээс болж миний бие сургуулиас хөөгдөхөд хүрч байсан. Би зөвлөлтийн мэргэжилтнийг доромжлоогүй, тэр ч байтугай намайг бослого удирдсан гэж гүтгэж байсан удаатай” гэж мэдүүлжээ.

 

Тухайн үед мөрдөгдөж байсан 1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд "... БНМАУ-ын ардын хувьсгалт төрийг буюу түүний арга хэмжээнүүдийг унагах, бусниулах, сулруулахыг уриалсан ухуулга буюу ятгалгыг хийх, хувьсгалын эсэргүү зорилгоор худал цуурхлуудыг дэлгэрүүлэх, тэрчлэн Эрүүгийн хуулийн 60-аас 65 хүртэл мөн 67 ба 69 дүгээр зүйлүүдэд дурдсан хувьсгалын эсэргүү хэргүүдийг үйлдүүлэхээр уриалах, бас хувьсгалын эсэргүү утга бүхий бичиг зохиолуудыг дэлгэрүүлэх, гаргах, хадгалах явдлуудыг гаргавал гурван жилээс доош бус хугацаагаар хорьж шийтгэнэ.

Эдгээр дурдсан гэмт хэргүүдийг үйлдэхдээ олон нийтийн хөдөлгөөн самууны үед буюу мөн олон түмний шашин шүтлэгийн буюу үндэсний заншлуудыг ашигласан буюу дайн байлдааны үед үйлдсэн байвал Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлд заасан шийтгэлийг хүлээлгэнэ” гэжээ.

 

Гэтэл Э.Б-ын дууны үгийг өөрчлөн дуулсан үйлдэлд 1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд заасан “... ардын хувьсгалт төрийг буюу түүний арга хэмжээнүүдийг унагах, бусниулах, сулруулахыг уриалсан ухуулга буюу ятгалгыг хийх, хувьсгалын эсэргүү зорилгоор худал цуурхлуудыг дэлгэрүүлэх" гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байхаас гадна гэрч Э.Ж, Б.Ч, Ч.Л болон өөрийнх нь 7 удаагийн мэдүүлэгт үндэслэсэн гэх боловч гэмт хэргийн талаар хөндлөнгийн хэн нэгэн өөр этгээд гэрчилж батлаагүй, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

 

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Э.Б-ын гэмт санаа зорилго тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон нотлох баримт үгүй атал зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн тухай прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэдэгт 1942 оны "Эрүүгийн хууль"-ийн 55-69, 137 дугаар зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүс хамаарна” хэмээн тодорхойлсон ба Э.Б-ын шийтгүүлсэн гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”-т хамаарч байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэх үндэслэл мөн тул Э.Б-т засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт 6 жил хорих ял оногдуулсан БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. БНМАУ-ын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1952 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Э.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-ыг цагаатгасугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

 

          ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                       

                                                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                      Б.ЦОГТ