Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00707

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00884 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 44,620,796.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь автомашин худалдан авах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэй 39,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан.

1.2. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учир хуваарийн дагуу зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй.

 

Иймд үндсэн зээл 33,424,898.12 төгрөг, үндсэн хүү 10,449,358.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,540.16 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 44,620,796.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч компаниас 2021 оны 07 дугаар сард зээл гаргуулан 2003 онд үйлдвэрлэгдсэн ******* маркийн авто чирэгчийг худалдан авсан. Уг авто чирэгчээр 2 удаагийн тээвэрт яваад хил хаагдаж ажилгүй болсноор зээлийг төлөхөд хүндрэл үүсэж 2023 онд зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар барьцаа хөрөнгө болох авто чирэгчийг нэхэмжлэгч компанийн хашаанд аваачиж тавьж, хропыг нь 7,000,000 төгрөгөөр сольсон бөгөөд зээл хаагдсан гэж ойлгосон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******эс 44,620,796.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 381,054 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь барьцаа хөрөнгийг хүлээлгэж өгөөд эдийн засгийн шаардлагын дагуу хүүд 5,000,000 төгрөг төлсөн байхад түүнээс хойш жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнд зааснаас илүү хүү нэхэмжилсэн. Нэхэмжлэлд хариу тайлбар өгсөн байхад хангаж шийдвэрлэсэн.

4.2. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй орон нутагт явж байхад мэтгэлцэх боломжоор хангаагүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж, миний зээлийн мэдээллийн ангиллыг сэргээж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан товлогдсон өдөр хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.

5.2. Маргаан бүхий автомашиныг нэхэмжлэгч хүлээн аваагүй бөгөөд тус байгууллагатай хамтарч ажилладаг засварын газраас ийм автомашин манай засварын газар орж ирсэн гэх мэдээлэл ирсний дагуу нэхэмжлэгч уг автомашиныг авсан. Тухайн автомашин одоо 4 дугуйгүй, аккумляторгүй нөхцөл байдалтай байгаа бөгөөд мөн автомашины түлхүүр байдаггүй тул нэхэмжлэгч уг автомашиныг өмчлөлдөө авах боломжгүй. Хариуцагчид энэ талаар удаа дараа мэдэгдэж, автомашиныг засварлаж өгсөн тохиолдолд зээлийн хүүгийн үнийн дүнд суутган авч болно, харин автомашины одоогийн нөхцөл байдалд үнэлгээ хийх боломжгүй байна гэж хэлж байсан.

 

5.3. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо гэрээнд дурдсанаас илүү хувиар зээлийн хүү тооцож авсан гэх агуулгыг дурдсан боловч талуудын харилцан тохиролцсон 2,9 хувиар нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүг тооцож авсан нь харилцагчийн зээлийн дансны хуулгаар нотлогдоно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч нь *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,620,796.65 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, мөн хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 39,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан гэж дурджээ.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ талуудын хооронд 2021 онд байгуулагдсан зээлийн гэрээг шинэчилж, маргаан бүхий зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээ дуусгавар болсон гэж маргасан байна.

 

5. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлохоор талуудын хооронд 2021 онд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, 2023 онд шинэчлэн байгуулсан фидуцийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан байна.

 

5.1. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШЗ2026/04330 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Учир нь хариуцагчийн хүсэлтэд дурдсан талуудын хооронд 2021 онд байгуулагдсан зээлийн гэрээ, 2023 онд шинэчлэн байгуулсан фидуцийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээг тодорхойлох, үүрэг дуусгавар болсон эсэх зэрэг хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэхээр байна.

 

5.2. Мөн шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэргийн оролцогчид өөрсдийн маргаанд хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмыг зөрчсөн бөгөөд энэ нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

6. Иймд, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00884 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Ч.БАТЧИМЭГ