Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1512

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзаяа, улсын яллагч Ц.Г, шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б.Жт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05287 1983 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зах дээр иргэн Б.Ганхуягтай “Буйдан дээр зөвшөөрөлгүй суусан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар архины шилээр баруун бугалганд нь зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ганхуягийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ганхуягийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-н 8-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Мөнхдалайгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 11-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Алтан-Очирын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 13-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Тогтохын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 16-18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Жавхланбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10664 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Жавхланбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 39-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан шүүгдэгч Б.Жавхланбаярын хүсэлт /хх-н 45/, хохирогч Б.Ганхуягийн хүсэлт /хх-н 46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зах дээр иргэн Б.Ганхуягтай “Буйдан дээр зөвшөөрөлгүй суусан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар архины шилээр баруун бугалганд нь зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв. 

            Шүүхээс шүүгдэгч Б.Жг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Ганхуягийн баруун бугалганд нь архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ганхуягийн хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын өргөтгөл дээр авсан бараагаа ачуулах гэж очсон Галт гэх жолоочтой тохиролцоод авсан буйдангаа буулгаад орхисон. Тэгээд буцаад хөргөгч аваад ирнэ гэж хэлээд 18 цаг өнгөрч байхад хөргөгчөө аваад очтол үл таних залуучууд буйдан дээр суусан, тамхи татсан, буйдангийн толгой тавьдаг хэсэг дээр хөл, гараа ачсан байдалтай, архи уусан байдалтай байж байхаар нь арай дэндэж байна гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд байж байтал Мөнхдалай гэдэг залуу би ачна гээд миний буйданг өргөөд явахаар нь бид нар тохиролцсон жолоочоороо ачуулна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэнд байсан согтуу, саарал өнгийн футболктай, бакаль өмссөн, түрүүг нь эргүүлсэн залуу агсараад байсан. Тэгсэн чинь Тогтох гэдэг залуу автобус руугаа аваад зайл гэсэн. Тэгтэл нөгөө бакальтай залуу над руу хараад хүрээд ир дүрээд хаячихъя гэснээ ууж байсан архиа машины кузов дээр хага цохиод, над руу дайраад зүүн гарын булчин руу зоосон. Тэгээд тэнд байсан залуучууд салгах гэж, ноцолдож байхад нөгөө хатгадаг залуу зугтаагаад яваад өгсөн байсан. Миний зүүн гарын булчин өвдөлт ихтэй байна. Эмч үзээд 4 оёо тавьсан байна. Их хэмжээний цус алдсан болохоор толгой эргээд байна. Ийм учраас шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тэнд байсан салгасан жолооч, Н.Гантөмөр гэх залуу хэлэхдээ Галт, Алтан-Очир, Мөнхдалай Тогтох нар байсан. Өөр хэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Нарантуул захын камер байдаг гэж хэлсэн. Бичигдсэн байх” гэх мэдүүлэг /хх-н 3-4/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Мөнхдалайгийн гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-оос 03-ны шөнө “Нарантуул” зах дээр ачааны машин дээрээ хоноод өглөө сэрсэн бөгөөд тус өдөр “Нарантуул” зах амарч байсан учраас жолооч Галт, Тогтохбаяр, Жавхаа, Алтан-Очир бид 5 нийлээд 3 шил архи авч уусан. Ингээд бүгд согтсон бөгөөд 13 цагийн үед нэгэн үл таних залуу ирээд  Хөвсгөл рүү буйдан ачуулна гэж хэлээд явсан. Ингээд бид хэд үргэлжлүүлээд архий уугаад байж байтал орой 18 цагийн орчим нөгөө үл таних залуу буйданга авч ирээд Галт гэх жолоочид ачуулах гэсэн. Тэгэхээр нь би очоод надад ачуулахаа больчихсон юм уу гэсэн. Тийм ээ энэ хүн дээр ачуулахаар болсон гэж хэлсэн. Тэгэхээр бид хэд буйдан дээр суусан бөгөөд нэг мэдэхэд хүний гар зүсчихлээ гэсэн яриа гарч эхэлсэн. Би согтуу байсан болохоор яг сайн санахгүй байна. Хэн хүний гар зүсчихвээ гээд хартал Жавхаа гэх жолооч буйдан ачуулж байгаа үл таних залуугийн гарыг зүссэн байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод хувцсөөр нь гарыг боогоод түргэн иртэл зогссон. Ингээд удалгүй түргэн цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Алтан-Очирын гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-оос 03-ны шөнө “Нарантуул” зах дээр ачааны машин дээрээ хоноод өглөө сэрсэн бөгөөд тус өдөр “Нарантуул” зах амарч байсан учраас жолооч Галт, Тогтохбаяр, Жавхаа, Мөнхдалай бид 5 нийлээд 3 шил архи авч уусан. Ингээд үдээс хойш нэг үл таних залуу буйдан ачуулахаар ирсэн бөгөөд Галт ахын машины хажууд буйдангаа тавьсан. Тэгээд бид хэд тэрэн дээр нь сууж байсан бөгөөд нөгөө залуу эхнэртэйгээ ирээд та нар хүний ачуулах гэж байгаа буйдан дээр яагаад зөвшөөрөлгүй суугаад байгаа юм бэ гэж уурласан. Ингээд бид хэд сүртэй юм бэ, бид хэд хүмүүсийн юман дээр суужил байдаг шүү дээ гэж хэлсэн бөгөөд тэр газар хэрүүл маргаан гарч эхэлсэн. Тэгэхээр нь би тэр газраас холдоод яваад өгсөн бөгөөд ойр орчмоор нь утсаар яриад явж байтал нэг нь гүйж ирээд ахаа нөгөө газар чинь Жавхаа ах ачаа ачуулж байгаа ахын гар руу шилээр зүсчихсэн. Бөөн юм болж байна. Та ийшээ очоод хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би машиндаа очоод хэвтчихсэн.” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Тогтохын гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-оос 03-ны шөнө “Нарантуул” зах дээр ачааны машин дээрээ хоноод өглөө сэрсэн бөгөөд тус өдөр “Нарантуул” зах амарч байсан учраас жолооч Галт, Мөнхдалай, Жавхаа, Алтан-Очир бид 5 нийлээд 3 шил архи авч уусан. Ингээд бүгд согтсон бөгөөд 13 цагийн үед нэгэн үл таних залуу ирээд  Хөвсгөл рүү буйдан ачуулна гэж хэлээд явсан. Ингээд бид хэд үргэлжлүүлээд архий уугаад байж байтал орой 18 цагийн орчим нөгөө үл таних залуу буйдангаа авч ирээд Галт гэх жолоочид ачуулах гэсэн.  Тэр үед бид нар буйдан дээр нь сууж байсан бөгөөд бид нар дээр ирэн та нар хүний буйдан дээр зөвшөөрөлгүй суулаа гээд уурласан.  Тэгээд тэнд хэрүүл маргаан үүссэн бөгөөд удалгүй Жавхаа гэх жолооч залуу ууж байсан архиныхаа шилээ машиндаа цохиж хагалаад хагалсан шилээрээ уг үл таних залууг хатгачихсан. Тэгсэн чинь тэр залуугаас цус гарсан бөгөөд Жавхаа алга болчихсон байсан. Ингээд тэр залуугийн цусыг Мөнхдалай цамцаараа ороож тогтоогоод байж байтал түргэн, цагдаа хоёр ирээд тэр хэдийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10664 дугаартай:

1. Б.Ганхуягийн биед баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 24/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Жн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө “Нарантуул” зах дээр ачааны машин дээрээ хоноод өглөө сэрсэн бөгөөд тус өдөр “Нарантуул” зах амарч байсан учраас жолооч Галт, Мөнхдалай, Тогтох, Алтан-Очир бид 5 нийлээд 3 шил архи авч уусан. Ингээд өдөр нэг залуу ирээд буйдан өгч явуулна гээд Галт ахын машины хажууд тавьсан. Ингээд архиа уугаад байж байтал орой 18 цагийн орчим нөгөө залуу дахиад ирсэн. Тэр үед бид нар буйдан дээр нь сууж байсан бөгөөд бид нар дээр ирээд та нар хүний буйдан дээр зөвшөөрөлгүй суулаа гээд уурласан. Тэгээд тэнд хэрүүл маргаан үүссэн бөгөөд би буйданг нь цамцаа тайлаад арчиж байсан бөгөөд бүдэг бадаг санаж байна. Ингээд нэг мэдэхэд ар талын зам дээр алхаж байсан. Тэгэхээр нь буцаад машин дээрээ очтол манай хэд чи өчигдөр хүний гар архины шилээр зүсчихсэн гэж хэлсэн. Тэр үед нь би ямар ч байсан хүний гар зүсэн гэдгээ мэдсэн.  Гарын дээд хэсэгт нь архины шилээр нэг удаа зүссэн. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би тус залууд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Б.Ганхуягт хохирлыг мөнгө болох 500.000 төгрөгийг өгсөн. Мөн түүнээс уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жр нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Ж ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Б.Ганхуяг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-н 46/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Жавхланбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.