Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00708

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/00932 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК, ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,304,456,136.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ХХК, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч *******, ******* ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч *******, хариуцагч *******ХХК, ******* нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч *******ХХК, ******* ХХК, *******, ******* нар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ, ******* тоот болон ******* тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээ, мөн ******* тоот ипотекийн гэрээг байгуулж, 896,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, машин механизм худалдан авах зориулалтаар зээл авсан.

1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй үүргийн ноцтой зөрчил гаргасан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 891,566,027.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 393,842,569.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,034,538.91 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд 22,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн дансны хуулгаар зээлдэгч нарын төлбөр төлсөн байдал харагдаж байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг хэдийгээс зөрчигдөж эхэлснийг хэлж мэдэхгүй байна. Фидуцийн гэрээний зүйл болох техник хэрэгслийн өмчлөл нь манай компанийн нэр дээр шилжсэн боловч эзэмшил ашиглалт нь хариуцагч нарт байгаа тул уг шаардлагыг гаргаж байгаа.

Үндсэн зээлдэгч *******ХХК, ******* нар бөгөөд ******* ХХК, ******* нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож байгаа тул адил тэнцүү гаргуулахаар шаардаж байгаа гэжээ.

 

2. Хариуцагч *******ХХК, ******* нарын гаргасан хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч байгууллагаас 896,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, 8 ширхэг дамп техник худалдан авахаар урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг зээлээр авсан. Худалдан авсан техникийг худалдаж зээлийг төлөх зорилготой байгаа. Худалдан авсан эдгээр техник эвдрэл ихтэй ажил хийх боломжгүй болсон. Ажлыг цааш үргэлжлүүлэн хийхээр эдгээр техникийг худалдан авахаар хувь хүнээс их хэмжээний зээл авсан боловч нэмэлт ашиг олж чадаагүй. Зээлийн төлбөрт 1-2 удаа төлөлт хийсэн. Өнгөрсөн хугацаанд эвлэрнэ гэж ойлгоод л өнөөдрийг хүртэл явж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч байна, фидуцийн зүйл болох техник хэрэгслийг одоогоор ашиглахгүй байгаа, эдгээр техник хэрэгслээр зээлийн үүрэг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ цуцалсан эсэх нь тодорхойгүй, нийт зээлсэн мөнгөө гэрээний 24 сарын хугацаа дуусахаас өмнө шаардаж байгаа бол нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх хуваарьт төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байхад шууд зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тодорхой хөдлөх хөрөнгийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байгаа, гэтэл фидуцийн зүйлээр үүрэг хангуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, үүрэг биелүүлэхгүй бол фидуцийн зүйлийг шилжүүлж авах учиртай.

Зээлийн дүнг шууд бүтэн дүнгээр нь нэхэмжилж нэмээд фидуцийн зүйлээр хангуулах гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна, өмчлөлд нь байгаа фидуцийн хөрөнгөө авах эрх нь нээлттэй байхад авахгүй байгаа. Энэ зээлийн гэрээнд ипотекийн гэрээ байгуулсан байгаа боловч ипотекийн хөрөнгийн өмчлөгчийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч татгалзсан. Барьцаа хөрөнгөөр үүрэг хангуулах шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа оновчтой зөв тодорхойлоогүй, шүүхийн шийдвэрлэх шаардлага биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК, ******* нарын гаргасан хариу тайлбарын агуулга.

3.1. Тайлбар адилхан, зээлийн гэрээнд батлан даагчийн байр сууриар оролцсон. Мөн хувь хүмүүсээс их мөнгө зээлж авсан учраас уг асуудлыг шийдсээр миний үйл ажиллагаа явуулдаг компани бас дампуурсан, барьцаанд байгаа эд зүйлийг шилжүүлж өгөөд өр дуусгах саналтай байна. Нэхэмжилсэн дүнг зөвшөөрч байгаа, төлбөр төлсөн зүйл байхгүй. Мөнгөн дүнгийн талаарх маргаан байхгүй, фидуцийн зүйлээр бүтэн хангуулах боломжгүй болов уу гэж бодож байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК /РД-*******/, ******* ХХК /РД-*******/, ******* овогт *******ын ******* /РД-*******/, ******* овогт *******-н ******* /РД-*******, нараас зээлийн гэрээний үүрэгт 1,304,443,136.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК /РД-******* /-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч *******ХХК, ******* ХХК, иргэн *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт ******* ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй

******* тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох арлын ******* дугаартай, улсын *******дугаартай, ******* маркийн ачааны зориулалтай өөрөө буулгагч,

-арлын ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн механизмын зориулалттай ачигч,

-арлын ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

-арлын ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

-арлын ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

-арлын ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

-арлын ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

-арлын ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

-арлын *******дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

-******* тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох ******* дугаартай, улсын ******* дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг ******* даалгаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******ХХК, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг нэхэмжилж байгааг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй. Талуудын хооронд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж тус гэрээгээр 896,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээ дуусахаас өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа талаар хариуцагчид мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг зөрчсөн.

5.2. Мөн талууд зээлийн гэрээнд гэрээ цуцлах журмыг заасан бөгөөд гэрээний 9.3-т заасныг биелүүлээгүй. Гэрээний 9.2-т заасан ямар үндэслэлээр гэрээ цуцалж байгааг нэрлэн заагаагүй атлаа хариуцагчаас гэрээний хугацаа болоогүй байхад үндсэн зээл болон ашиглаагүй хугацаанд тооцогдох ирээдүйн хүүгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анх шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгээгүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү ямар цаг хугацаанд хамааралтай хэдэн төгрөг болох түүнийг нэхэмжлэх эрхтэй эсэх талаар огт хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д заасныг зөрчсөн байна.

Зүй нь, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцлаагүй байх зээлийн гэрээний хуваарь зөрчсөн зээлийн үндсэн төлөлт болон хуваарь зөрчсөн хүүгийн төлөлт, нэмэгдүүлсэн хүүг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх тооцон олгуулж гэрээний үүргийн хэрэгжилтийн зөрчлийг шүүхийн журмаар арилгах ёстой. Харин тухайн өдрөөс хойших хугацааны үндсэн зээл болон 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ашиглаагүй хугацаанд ногдох 415,507,598 төгрөгийн үндсэн зээл, 69,405,325 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломгүй, хариуцагчаас төлсөн 52,848,712 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй байна.

5.3. Талууд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, ******* тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээ тус тус байгуулж хөдлөх хөрөнгийг "*******" ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагчийг үүрэг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд тухайн фидуцийн зүйлүүдийг бодитоор гаргуулан авч тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Гэтэл шүүхэд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь тухайн гэрээний өөрийн мөн чанарт харш. Нэхэмжлэгч нь хариуцагчаас тус эд хөрөнгүүдийг бодитоор гаргуулах авах бүрэн боломжтой байсан бөгөөд хариуцагч нь тус хөрөнгүүдийг бодитоор гаргуулах авахад нь саад учруулсан зүйлгүй гэдгийг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тайлбарладаг.

Фидуцийн гэрээ нь барьцааны гэрээ биш. Учир нь фидуцийн гэрээгээр хөдлөх хөрөнгүүд бүгд нэхэмжлэгчийн өмчлөлд шилсэн тул нэхэмжлэгч уг шаардлагыг гаргахдаа өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан гэж үзнэ. Гэвч шүүх тус гэрээний онцлог тухайн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж буй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй үлдэнэ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн зээлээс хугацаа дуусаагүй 415,507,598 төгрөг, ашиглаагүй хугацааны хүү 69,405,325 төгрөг, нийт 484,912,923 төгрөгийг хангасан хэсэг болон, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан хэсгийг тус тус хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчээс зээлийн дансны хуулгыг тухайн үед хариуцагч талд гаргаж өгсөн. Нэхэмжлэлд дурдсанчлан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 9.2.2-т нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанаас өмнө төлөхийг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалсан.

Ийнхүү нэхэмжлэгч тал 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалсан учир нийт үндсэн зээл болон тухайн өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг шаардсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээний хугацаа дуусах өдөр хүртэлх зээлийн хүүг шаардсан гэх тайлбар үндэслэлгүй.

6.2. Хариуцагч нарын зүгээс фидуцийн зүйлийг очиж авах боломжтой байсан гэж тайлбарладаг боловч фидуцийн зүйл хаана, ямар байдалтай байсан талаар мэдэхгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө хариуцагч нар фидуцийн зүйл эвдрэл гэмтэлтэй талаар хэлсэн боловч хаана байгааг нь хэлээгүй.

Иймд, фидуцийн гэрээний үүргийг манай талын зүгээс биелүүлэх боломжгүй байсан. Талууд фидуцийн гэрээний 1.5-д зааснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн анхны шаардлагаар фидуцийн зүйлийг өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч тал тухайн эд хөрөнгүүдийг өгөөгүй. Хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг авч ирэхэд нэхэмжлэгч талын зүгээс нэмэлт зардал гарахаар байсан тул манай талын зүгээс тухайн тээврийн хэрэгслүүдийг авч ирэх боломжгүй гэж үзсэн.

6.3. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9.2.1-д гэрээг цуцлах үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Зээлийн дансны хуулгаас хариуцагч тал хэрхэн зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан үйл баримтууд харагдана. Мөн хариуцагч тал манай талын төлсөн 52,000,000 төгрөгийг зээлээс хасаагүй гэх боловч зээлийн дансны хуулгаас харж болох бөгөөд тухайн 52,000,000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт 4,433,972 төгрөг, зээлийн хүүд 36,184,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,229,000 төгрөг хасагдсан.

Хариуцагч тал хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөлт хийсэн бөгөөд тухайн өдрөөс хойш зээлийн төлөлтийг огт хийгээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,304,443,136.05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ. /хх-72/.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******ХХК, ******* ХХК, *******, ******* нартай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 896,000,000 төгрөгийг машин механизм худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, үндсэн хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 10-12/

 

3.2. Нэхэмжлэгч ******* ХК болон хариуцагч ******* ХХК нар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч ******* ХХК нь ******* арлын дугаартай, *******улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* маркийн, ******* арлын дугаартай,******* улсын дугаартай, ******* маркийн механизмын зориулалттай ачигч зэрэг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нарыг ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч тухайн хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 15-16/.

 

3.3. Нэхэмжлэгч ******* ХК болон хариуцагч ******* нар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, ******* нь өөрийн өмчлөлийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нь ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч тухайн хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 17-18/

 

3.4. Зээлийн гэрээний дагуу ******* ХК нь 896,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгч нар 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлд 4,433,972 төгрөг, зээлийн хүүд 28,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 24,848,718 төгрөг, нийт 57,282,690.6 төгрөг төлсөн.

 

3.5. ******* ХК-аас зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2024.08.10, 2024.08.19, 2025.03.27-ны өдрүүдэд өгсөн, төлбөр төлөх хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдсэн.

 

4. Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.5-д нийцсэн байна.

 

4.1. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХК нь 896,000,000 хариуцагч нарт шилжүүлсэн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгчийг биелүүлсэн гэж үзнэ.

 

4.2. Хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтаас үзэхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 891,566,027 төгрөг, зээлийн хүү 393,842,569.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,034,538.91 төгрөг, нийт 1,304,443,1136 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.

 

4.3. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, энэ тухай зээлдүүлэгч нь мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 1,304,443,136.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай тус тус нийцсэн байна.

 

5. Хариуцагчаас зээлийн тооцооллын хувьд зээлдэгч нарын төлсөн 52,848,712 төгрөгийг зээлийн төлбөрт тооцоогүй гэсэн гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтыг үндэслэн үндсэн зээл, зээлийн хүүгийн хэмжээг тооцож үзэхэд үндсэн зээл 896,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4,433,972.60 төгрөгийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 891,566,027.40 төгрөг, зээлийн хүү 446,691,287.74 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 52,848,718 төгрөгийг хасаж зээлийн хүү 393,842,569 төгрөг болох нь тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

5.1. Мөн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй байх бөгөөд талуудын мэтгэлцэх зарчмын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,304,443,136.05 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

 

5.2. Түүнчлэн, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан тул хариуцагчийн гаргасан зээлийн гэрээг цуцалснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй хугацаанд тооцогдох хүүг нэхэмжилсэн гэсэн гомдлыг хангахгүй.

 

6. Харин анхан шатны шүүх фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул давж шатны шүүхээс алдааг залруулна.

 

Тодруулбал, талуудын хооронд үүссэн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зохицуулалт болох Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан хуулийг баримталж уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

6.1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.2. Энэ маргааны тохиолдолд хариуцагч нар мөнгө төлөх үндсэн үүргийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлд 9 ширхэг ачааны зориулалттай өөрөө буулгагч, 1 ширхэг суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн байх тул үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт хамаарахгүй.

 

6.3. Мөн хариуцагч нар мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлсэн дээрх тээврийн хэрэгслүүдийг бодитойгоор гаргуулан авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуци дуусгавар болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь автомашины өмчлөх эрхийг өөртөө бүртгүүлж, эзэмшлийг хариуцагч нарт үлдээсэн, хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байна.

 

6.4. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардахын зэрэгцээ үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлага гаргасан нь учир дутагдалтай байна.

 

Тодруулбал, фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэх замаар үндсэн шаардлагаа хангуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон бол шүүх эхний ээлжинд үндсэн үүрэг буюу нэхэмжлэгчид зээлээ шаардах эрх бий эсэх, шаардлагын хэмжээ чухам хэдэн төгрөг болохыг тогтооно. Үүний дараа нэхэмжлэгч нь тухайн шаардлагыг мөнгөөр, аль эсхүл фидуцийн зүйлийн аль нэгээр хангуулах, эсхүл эхлээд мөнгөөр шаардаж, хожим мөнгөө сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлээр хангуулах нь нэхэмжлэгчийн сонголт болно.

 

Нэхэмжлэгч талаас энэ талаар тодруулахад хариуцагч тал фидуцийн зүйлийг өгье гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийг өгөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар фидуцийн зүйлийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардсан гэж үзэхээр байх тул уг үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардалд 22,000 төгрөг төлсөн талаар үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

8. Мөн нэхэмжлэгч ******* ХК болон ******* нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №******* дугаартай ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* дугаартай зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол ******* гудамж, ******* дугаар байрны, ******* тоот, 53,26 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 13-14/ Нэхэмжлэгч нь уг гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан /хх-ийн 72/ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаа дуусахаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тус тус нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй буюу зээлийн гэрээний хугацаа хэтэрсэнтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон байгааг үүгээр залруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/00932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг хасаж,

 

тогтоох 2 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ХХК, ******* ХХК, *******, ******* нарт холбогдох фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж.,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК нь ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж дугаарлан 6,750,366 гэснийг 6,609,960 гэж, тогтоох хэсгийн 4, 5, 6 гэсэн дугаарлалтыг 5, 6, 7 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,652,715 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Ч.БАТЧИМЭГ