Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01243

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-85 тоотод оршин суух Г.Гэндэнжанхар, Г.Батсайхан

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Хүрэнбулаг багийн 4-8-88 тоотод суудаг Ламжавын Алтанцэцэг

91 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Гэндэнжанхар, Г.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-р хороолол 8-р байрны 8-р орцны 3 давхрын 88 тоотод суудаг Алтанцэцэг, утас: 99352050 энэ айлын 00-ын өрөөнөөс 2015.09.14-нд, 2016.04.05-нд, 2016.07.19-нд 3 удаа доод 2 давхрын 85 тоотод 00-ын болон ванны өрөөнүүдэд асар ихээр ус алдсан тул миний бие "Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ийн диспетчерт тухай бүрд нь дуудлага өгснөөр засварчин Ц.Олзбаяр, С.Гэрэл, Т.Барихаан, Д.Баярсайхан нар ирж Алтанцэцэгийн суудаг байр 88 тоотод 3 дахин ирж үзээд сантехникийн тоног төхөөрөмжөөс ус алдаж байгааг олж тогтоогоод иргэн Алтанцэцэгт үзүүлэхэд манайхаас ус алдаагүй 4-н давхрын айлаас ус алдсан байх гэж хэлээд маргалдаж байрныхаа 00-ын өрөөнөөс ус алдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй та нар ямар бохир заваан хүмүүс вэ? манай хүүхэд төрсөн нярай хүүхэдтэй байгаа манайхаас түргэн гар гэж хэлээд гэрээсээ хөөн гаргасны зэрэгцээгээр өндөр настан өвгөн миний бие иргэн Аптанцэцэгтэй хоёулаа асуудлаа ярилцан ойлголцоод чи надад гэртээ засвар хийлгэхэд ажлын хөлс болгон хэдэн төгрөг өгнө үү гэхэд манайхаас ус алдаагүй тантай ярих зүйл байхгүй гэж хэлээд миний зүүн талын мөрнөөс барьж түлхээд эрх чөлөөнд минь халдаж гэрээсээ хөөн гаргасанд асар их гомдолтой байна. Иймд иргэн Алтанцэцэг хүний эрх чөлөөнд халдаж доромжлох хууль эрх зүйн заалт байдгийг тодруулж надаас уучлалт гуйхыг шаардаж байна. Иргэн миний бие байрныхаа өнгө үзэмжийг засахаар засал чимэглэл хийдэг Ц.Оюуныг гуйж 3 дахин засвар хийлгэж ажлын хөлсөнд 64000 төгрөг өгсөн мөн Г.Гэндэнжанхар, Г.Батсайхан хоёрын иргэний үнэмлэхийн хуулбар, баталгаажуулахад 1500 төгрөг, Нэхэмжлэл шивүүлсэн үнэ 1700 төгрөг, Төрийн банкинд 4550 төгрөг тушааснаар бүгд 71750 төгрөгөөр хохирсон тул иргэн Алтанцэцэгээс гаргуулан авахаар нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Г.Гэндэнжанхар, Г.Батсайхан нар шүүхэд нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 9 цаг 15 минутанд дээд давхрын 88 тоотод суудаг Алтанцэцэгийнхээс ус алдахаар нь "Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ийн диспетчерт дуудлага өгсөнөөр засварчин Б.Базарсад ирж манай байранд орж үзээд 3 давхрын 88 тоотод суудаг Алтанцэцэгийн байрны ванны өрөөнд орж сантехникийн тоног төхөөрөмжинд үзлэг хийгээд ванны өрөөний угаалтуурын холигчноос  нь 4 дэх удаагаа ус алдаж байгааг тогтоож иргэн Алтанцэцэгт үзүүлэхэд ус алдаж байгааг хүлээн зөвшөөрсөн болно. 88 тоот байрны ус алдалт орой 20 цаг 40 минут хүртэл үргэлжилсэн. Иргэн Алтанцэцэг эзэмшиж сууж буй 88 тоот байрныхаа сантехникийн тоног төхөөрөмжинд хэвийн ажиллагаатай байгаа эсэхэд хяналтыг байнга тавьж байдаггүй. Ус алдсан тухай бүрд нь Эрдэнэт Ус  ДТС ОНӨХК-ийн диспетчерт дуудлага өгч засуулах иргэнийхээ үүргийг биелүүлээгүйгээс өндөр настан өвгөн эмгэн бид хоёрыг хүндрүүлж миний байрны 00, ванны өрөө хүн харахын аргагүй болж 3 удаа урсгал завсар хийлгэсэн одоо 4 дэх удаагаа засвар хийлгэхээр болсонд асар их гомдолтой байна. Иргэн Гэндэнжанхар миний бие 4 дэх удаагаа ахин засвар хийхээр боллоо. Бид хоёр тэтгэвэрийн хэдэн төгрөгнөөс өөр орлого байхгүй тэтгэвэрээрээ чадан ядан амьдарч явдаг нь үнэн тул ахин урсгал засвар хийлгэх ажлын хөлсөнд өгөх 20 000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Гэндэнжанхар Г.Батсайхан нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Хүрэнбулаг багийн 4-р хорооллын 8-р байрны 88 тоотод оршин суудаг өндөр настан юм. Гэтэл гурван давхрын айл Алтанцэцэгийн суудаг 83 тоотоос 4 удаа ус алдаж байрны минь нойл, гар нүүр угаалгын өрөөнүүд асар ихээр бохирдуулж урсгал засвар хийхээр ярилцаж тохирохоор хэлсэн боловч хүлээн аваагүй болохоор нь шүүхэд 91 750 төгрөгийн хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм. Иргэн Алтанцэцэг буруугаа хүлээж надаас уучлалт гуйж хохирлоо төлсөн. Алтанцэцэг нь байрныхаа сантехникийн тоног төхөөрөмжинд байнга хяналт тавьж дахин ус алдуулахгүй байна гэж надаас уучлал хүссэн учир хохирлоо авахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хүчингүй болгон буцаан авахаар болсон учир нэхэмжлэлийг эргүүлэн надад өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гэндэнжанхар Г.Батсайхан нар нь 91 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн зохих ажиллагааг хийсэн.

Нэхэмжлэгч Г.Гэндэнжанхар Г.Батсайхан нар нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Л.Алтанцэцэгт холбогдуулан 91 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.Гэндэнжанхар Г.Батсайхан нар нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9100 төгрөгийн 50 хувь болох 4550 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Гэндэнжанхар, Г.Батсайхан нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ