| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/13426/И |
| Дугаар | 210/МА2026/01093 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01093
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02537 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: ******* улсын дугаартай ******* маркийн автомашины гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2015 онд *******ийн нэр дээр бүртгэлтэй, ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг *******аас 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүйгээс гадна улсын дугаарыг устгуулсан байна.
Иймд *******т тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие 2013 онд ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг хадам ах *******аас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан ч огт ашиглаж байгаагүй ба 2015 онд ******* автомашиныг аваад явсан.
2025 оны 06 дугаар сард Автотээврийн үндэсний төв-өөс ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 оноос хойш замын хөдөлгөөнд огт оролцоогүй тул автотээврийн бүртгэлээс хасалт хийлгэх шаардлагатай гэсний дагуу холбогдох торгуулийг нь төлж, хасалт хийлгэсэн. ******* нь надтай огт холбогдож байгаагүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох ******* улсын дугаартай ******* маркийн автомашины гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Миний бие *******аас цэнхэр өнгөтэй, ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг өмнө нь зээлсэн мөнгөндөө авсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан ба *******т нэр шилжүүлэхийг хэлсэн боловч тэрээр тодорхой шалтгаанууд хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.
4.2 ******* нь Увс аймгийн хүний тээврийн хэрэгслийг Улаанбаатарын дугаар авч өгнө гэж нэрийг нь өөр дээрээ бүртгүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Тэрээр Авто тээврийн үндэсний төвөөс бүртгэлээ хасуул гэж худал мэдүүлсэн.
Иймд *******ээс тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээлгэж авахыг хүсэж байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч нь 2015 онд тээврийн хэрэгслийг худалдан авсан гэж тайлбарладаг боловч хэргийн материалд нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй болохыг тодорхойлсон баримт байдаггүй. Хариуцагч ******* нь 2013 онд тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр албан ёсоор бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч юм. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдаж авсан этгээд болох ******* нь хариуцагчийн хуучин нөхрийн ах нь юм. Талууд гэр бүлээ цуцлуулахдаа дундын хөрөнгийг хувааж авсан бөгөөд 2015 оноос хойш тээврийн хэрэгслийн талаар мэдээлэлгүй болсон. Тодруулбал, Автотээврийн ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сард маргаан бүхий тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоогүй байна гэх мэдэгдэл ирсэн учир хариуцагч нь 2018, 2019 оны торгууль, татварын өр төлбөрүүдийг төлж хасалт хийлгэсэн.
5.2 ******* нь 2015 оноос хойш *******тэй нэг ч удаа холбоо барьж байгаагүй бөгөөд 2025 оны 06 дугаар сараас эхэлж *******тэй холбогдсон үйл баримт байдаг. Үүнээс өмнө нь нэхэмжлэгч нь *******тэй холбогдож маргаан бүхий автомашины дугаарыг авъя гэж шаардлага тавьж байгаагүй. ******* нь маргаан бүхий автомашиныг замын хөдөлгөөнд оролцохоо больсон талаар мэдсэний дараа өөрийн нэрээс хасуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан ба хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 онд *******ийн нэр дээр бүртгэлтэй, ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг *******аас 3,500,000 төгрөгөөр худалдан авсан. Гэвч хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүйгээс гадна улсын дугаарыг устгуулсан байна. Иймд хариуцагч *******т тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгуулна гэж тодорхойлсон.
2.1 Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч ...тухайн тээврийн хэрэгслийг *******аас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан ч огт ашиглаж байгаагүй. 2025 оны 06 дугаар сард холбогдох торгуулийг нь төлж, автотээврийн бүртгэлээс хасалт хийлгэсэн. ******* нь надтай огт холбогдож байгаагүй гэж үгүйсгэн маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс уг зохицуулалтад хамаарах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
4.1 ******* улсын дугаартай байсан ******* маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* бүртгэгдсэн. 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эзэмшигчээр ******* өөрчлөн бүртгэгдсэн. /хх 43/
4.2 ******* нь 2015 онд *******аас дээрх тээврийн хэрэгслийг 3,500,000 төгрөгийн өр төлбөртөө авсан, тээврийн хэрэгслийг 2015 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон. Талууд уг үйл баримтад маргаагүй.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.
5.1 Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг *******аас 2015 онд худалдан авч эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгслийн хувьд улсын бүртгэл нь эзэмших буюу өмчлөх эрх үүссэнийг тодорхойлох зорилгогүй байдаг бөгөөд харин тээврийн хэрэгслийн бодит эзэмшлийг эзэмдэж буй этгээд нь бусад буюу гуравдагч этгээдийн эсрэг эзэмшигч болдог.
Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмших эрх үүссэн гэдгээ буюу *******аас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг дээрх тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас маргааны зүйл болж буй тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.
6. Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 769 дугаар лавлагаагаар ... ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******, ******* бүртгэлийн дугаараар тус тус хасагдсан байна гэжээ. /хх 36/
6.1 Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 7 дугаар зүйлийн 7.12.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч зөрчлөө арилгасны дараа тухайн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг буцаан сэргээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь эрх бүхий этгээдэд хүсэлт гарган, тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хүчингүй болгуулсан байх тул дээрх журамд зааснаар тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээлгэх тохиолдолд хариуцагч нь хүсэлт гаргахаар зохицуулсан байна. Иймд ******* нь тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээж, тухайн олгогдсон улсын дугаартай нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг гаргуулна гэж дурдсан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
8. Энэхүү маргаанд буюу талуудын шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жил үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой талуудын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* улсын дугаартай байсан, ******* арлын дугаартай, 1997 онд үйлдвэрлэсэн, ******* маркийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг хариуцагч *******т даалгасугай. гэж,
2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
М.БАЯСГАЛАН