| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/07277/И |
| Дугаар | 210/МА2026/01094 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01094
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03178 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******гээс *******-ийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр тус бүр нь 100 төгрөгийн үнэтэй, 200 ширхэг хувьцааг нийт 20,000 төгрөгөөр худалдаж авсан. ******* нь ...компанийг түр өөрийн нэр дээр шилжүүлээд авчих, 3 сарын дараа буцаагаад шилжүүлж авна гэж хэлсэн тул би тус компанийг шилжүүлж авсан. Миний хувьд *******-ийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан ч бодит байдал дээр уг компанийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй мөн тамга, тэмдэг нь надад байдаггүй.
1.2 Тус компанийг шилжүүлж авснаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр миний Хаан банкны данс хаагдаж мөнгөн гүйлгээ хийх боломжгүй болсон. Үүний дараа тус компани нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2021/02439 дугаар захирамжаар *******т 5,000,000 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01726 дугаар захирамжаар *******-д 38,362,076 төгрөг, мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаар шийдвэрээр *******т 95,097,360 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байсан. Би компанийн нэр дээр их хэмжээний өр төлбөр үүссэн талаар огт мэдээгүй бөгөөд энэ тухай хариуцагч надад мэдэгдээгүй. Улмаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас *******-тай холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
1.3 Мөн ******* нь талуудын хооронд байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний 4.2, 4.3, 5.1, 5.2, мөн Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1, 4.2, 4.7, 5.1, 5.2-т заасныг тус тус зөрчсөн. Хариуцагч нь дээр дурдсан компанийн өр төлбөрийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд компанийн санхүүгийн тайлан, зээл, компанийн өр, татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй өр төлбөртэй эсэх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Мөн хариуцагч нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийн өр төлбөрийн талаар мэдсээр байж нуун дарагдуулж надад мэдэгдээгүй бөгөөд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1, 4.2, 4.7-д заасан үүргээ тус тус биелүүлээгүй. Үүний улмаас миний бие өөрийн хөрөнгөөр тухайн компанийн өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, *******-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Тухайн компанийг шилжүүлж өгөхдөө *******ад ...түр хугацаанд өөр дээрээ авчих, эргүүлээд би өөрөө удахгүй авна гэж хэлж байгаагүй. ******* нь өөрийн ашиг сонирхлын үүднээс *******тэй харилцан тохиролцож тухайн компанийг *******гээс шилжүүлэн авсан. Би *******ийн гуйсны дагуу өөрийн нэр дээр түр хугацаанд буюу 3 сарын хугацаанд байлгаж байгаад ******* нь ... *******-ийг маргааш *******ад шилжүүлээд өгчхөөрэй бид нар тохиролцсон цаадах чинь мэдэж байгаа гэсний дагуу түүнтэй Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж шилжүүлж өгсөн.
******* нь *******-ийг өөрөө авахыг хүлээн зөвшөөрч, компанийн тамга, тэмдэг болон улсын бүртгэлийн гэрчилгээг авсан бөгөөд тэд харилцан тохиролцсон болох нь ...захирал ******* *******-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, удахгүй буцаагаад авчихна гэхээр нь гарын үсэг зурсан, тухайн өр төлбөрийг *******, ******* нартай ярилцаж шийдвэрлэнэ гэх тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. Миний хувьд тухайн компанийн бодит эзэн бус харин түр хугацаанд нэр дээрээ байлгасан бөгөөд компанийн удирдлага, санхүү, үйл ажиллагаанд оролцоогүй тул бодит нөхцөл байдал буюу өр төлбөр үүссэн, эсхүл энэ талаар санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэх боломжгүй.
2.2 Бусдад төлөх өр төлбөртэй болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******-тай холбоотой шүүх хурал, иргэний хэрэг шийдвэрлэгдсэн гэдгийг огт мэдээгүй. Шүүхээс татаж авсан нотлох баримтуудтай танилцаад захирлаар нь байсан, өөр хүнд итгэмжлэл өгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсныг мэдсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар намайг өр төлбөртэй гэдгийг нь мэдсэн, мөн нуун дарагдуулсан гэдэгтэй холбоотой нэг ч баримт байхгүй.
2.3 ******* нь компанийн өр төлбөр, санхүүгийн талаар бодит захирлаас нь асууж тодруулаагүй, энэ талаар судлах, шалгах буюу худалдан авагчийн үүргээ өөрөө биелүүлээгүй. Өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдлаа гуравдагч этгээдийн хүсэлтээр түр хугацаанд нэр дээрээ байлгасан надаас үндэслэлгүйгээр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *******-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хэрэг маргаан нь ******* болон ******* нарын хооронд үүссэн маргаан бөгөөд маргааны зүйл болох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох эсэх асуудал юм. Тийм байхад уг хэрэг маргаанд огт хамааралгүй этгээдийг дурдаж шийдвэрийн гол үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь эрхийн доголдолтой хувьцааг шилжүүлснээс гадна талуудын хооронд байгуулагдсан хувьцааны эрх шилжүүлэх гэрээний 4.2, 4.3, 5.1, 5.2, мөн Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1, 4.2, 4.7, 5.1, 5.2-т заасныг тус тус ноцтойгоор зөрчиж компанийн өр төлбөрийн талаар мэдсээр байж нуун дарагдуулан хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлсэн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2 Мөн анхан шатны шүүх хариуцагчийг компанийн өр төлбөрийн талаар мэдэж байсан гэдэг нь нотлогдохгүй байна гэсэн боловч хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *******гээс авсан тайлбарт ...манай компани түрээслэгч нараас төлбөрөө авч чадахгүй байна удахгүй төлнө гэдэг тайлбарыг өгч гарын үсэг зурсан байхад энэхүү баримт нь өртэй байсныг нотлохгүй мэтээр тайлбарласан нь хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг *******д хүргүүлсэн байх ба тус мэдэгдэлд 38,971,836 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай мэдэгдсэн, мөн тус өдрийн зарлан дуудах хуудсаар *******г 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуудсан болох нь нотлогдож байна. Уг баримтуудаар *******г компанийн өр төлбөрийн талаар бүрэн мэдээлэлтэй буюу мэдэж байсан гэдэг нь тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй хариуцагчийг компанийн өр төлбөрийн талаар мэдээгүй байсан, компанийн хувьцааг шилжүүлж авсан нь *******тэй хамааралтай байна гэх мэтээр огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Дээр дурдсанчлан хариуцагч нь компанийн өр төлбөрийн талаар нэхэмжлэгчид хувьцаа шилжүүлж өгөхөөс өмнө мэдэж байсан нь нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 188.2, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид компанийн өр төлбөрийн талаар мэдэгдэх үүрэгтэй байсан атал хууль болон гэрээнд заасан үүргээ тус тус ноцтойгоор зөрчиж компанийн хувьцааг шилжүүлсэн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид их хэмжээний хохирлыг учруулсан байхад энэ талаар авч хэлэлцэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.3 Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргээс харвал хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхэлж, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал болох компанийн өр төлбөрийн талаар мэдсээр байж хэлэлгүйгээр нуун дарагдуулж хувьцааг шилжүүлсэн нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэрэгт авагдсан баримтуудыг бодитойгоор үнэлээгүй.
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан *******гийн мэдүүлгээс харвал -иас өөртэй нь 2022 онд утсаар ярьж 38,971,836 төгрөгийн өр төлбөрийг нэхэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ тухайгаа *******т хэлэхэд ...удахгүй төлж барагдуулна гэж байсан хэмээн мэдүүлэг өгснөөс нь харвал хариуцагч нь уг компанийн өр төлбөрийн талаар мэдэж байсан болох нь нотлогдож байна. Мөн хариуцагч нь анхан шатны шүүх хуралдааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай уулзаж, утсаар ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
4.4 ******* нь хууль, шүүхийн байгууллагад илтэд худал тайлбаруудыг өгч байсан болох нь мөн хэргийн 86 дугаар талд авагдсан мэдүүлгээр нотлогдож байгаа ба тус мэдүүлэгт ******* нь 2023 оны 05 дугаар cap хүртэл *******-ийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилласан байсан гэсэн атлаа хэргийн 105 дугаар талд авагдсан баримт болох мэдүүлгээс харвал 2022 оны 05 дугаар сард нэхэмжлэгчид компанийг шилжүүлэн тус тусдаа салцгаасан гэж тайлбарласнаас харвал хариуцагч нь хуулийн байгууллагад зөрүүтэй мэдүүлгүүд өгч худал тайлбар гаргаж байсан гэдэг нь мөн харагдаж байгаа юм. Гэтэл энэхүү нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан хэдий ч энэ талаарх тайлбарыг хийлгүйгээр хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
5.1 Миний бие тухайн үед компанийн өр төлбөрийн талаар мэдэх боломж байгаагүй. Учир нь өмнөх захирал нь тухайн компанитай холбоотой өр авлага, шүүхийн ажиллагааг өөр этгээдэд 2-3 жилийн хугацаатай итгэмжлэлээр шилжүүлэн хариуцуулсан. Мөн ******* тухайн компанийг шилжүүлж авахдаа өр төлбөр, санхүүгийн нөхцөл байдлын талаар надтай огт ярилцаагүй. Харин *******тэй ярилцаж, компанийн талаарх мэдээллийг түүнээс авч, улмаар компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг үйл баримт нь нэгдүгээр хавтаст хэргийн 186 дугаар талд авагдсан нотлох баримтад тодорхой дурдагдсан.
5.2 Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн мэдүүлэг болох нэгдүгээр хавтаст хэргийн 187 дугаар талд компанийн өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар ******* болон ******* нартай ярилцаж байж шийдвэрлэнэ гэх утгатай тайлбар өгсөн. Тухайн үед миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очиход ойролцоогоор 5,000,000-6,000,000 төгрөгийн өр байсан бөгөөд уг өр нь *******ад компанийг шилжүүлэхээс өмнө бүрэн төлөгдөж дууссан. Үүнээс өөр өр төлбөр, шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлын талаар тухайн үед надад ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй.
Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 192 дугаар талд авагдсан -тай холбоотой мэдэгдэх хуудас, дуудах хуудасны тухайд тухайн баримтыг намайг гардаж авсан гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв үнэхээр гардуулсан бол хэрэгт авагдсан нотлох баримт дээр гардан авсан хүний гарын үсэг заавал байх ёстой. Гэтэл тухайн баримтад миний гарын үсэг огт байхгүй.
5.3 Хоёрдугаар хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан нотлох баримтын тухайд миний бие компанийг шилжүүлж авахдаа ч, шилжүүлж өгөхдөө ч тухайн компанийн өр төлбөрийн талаар огт мэдээгүй гэдгээ тодорхой тайлбарласан. Мөрдөн байцаагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тантай холбогдож байсан уу гэж асуухад нь миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдоогүй, харин -иас надтай холбогдож байсан гэж хариулсан. Тухайн үед миний бие уг нөхцөл байдлыг *******т ...ийм байгууллагаас холбогдож байна, эргээд холбогдоорой гэдэг мэдээллийг дамжуулж байсан талаараа хэлсэн. Мөн -иас надтай холбогдсон хугацаа нь *******ад компанийг шилжүүлж өгснөөс нэлээн хойш, 2022 оны 10, 11 дүгээр сард холбогдсон. Мөн тухайн үед *******аас тухайн компанийн өр төлбөрийн талаар мэдсэн. Үүнээс хойш миний бие *******ад хандаж, энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, шүүх эсвэл цагдаагаар шалгуулъя, хамтдаа асуудлаа шийдвэрлүүлье гэж 2-3 удаа хэлж байсан. Гэтэл ******* ******* эгч удахгүй ирж уг асуудлыг өөрөө шийдэж өгнө гэсэн гэх мэт тайлбар өгч, тодорхой арга хэмжээ аваагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, шаардлага нь *******-ийн 100 хувийн хувьцааг хариуцагч буцаан шилжүүлэн авахыг даалгах агуулгаар тодорхойлсон тул шүүх дээрх хэлцлүүдийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгсний үндсэн дээр шаардлагыг шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хэвээр байх эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.
4.1 ******* болон ******* нар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2202 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/-г байгуулсан. Гэрээгээр худалдагч ******* нь өөрийн *******-ийн тус бүр нь 100 төгрөгийн үнэтэй, 200 ширхэг хувьцааг нийт 20,000 төгрөгөөр худалдан авагч *******ад худалдах, худалдан авагч нь гэрээнд заасан үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 4.2-т Худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй гэж, 4.7-д Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, торгуулийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. /1хх 74-75/
4.2 Мөн ******* болон ******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2202 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, эрх шилжүүлэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний хувьцаанд ногдох эрх үүргээ эрх шилжүүлэн авагч *******ад шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний 4.2-т Эрх шилжүүлэгч нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ гэж, 4.3-т Эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоотой эсэх талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэж тус тус заасан. /1хх 72-73/
4.3 Дээрх хэлцлүүдийн үндсэн дээр *******-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаар шийдвэрийн дагуу тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******гийн эрх *******ад шилжиж, ******* компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон /1хх 64-71/ байхаас гадна хэлцлийн дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний үнийг төлөөгүй талаар зохигч маргаагүй.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцлийн талаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх г.м. гэж заажээ.
5.1 Хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...******* нэг өдөр залгаад л *******тай харилцан тохиролцоод наад хүндээ компаниа шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Миний бие *******ийн хэлсний дагуу ...*******ад шилжүүлж өгсөн гэх тайлбар гаргасан. /1хх 39-40/
5.1.1 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд ******* нь ...*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг боловч 2022 оны 05 сард ******* Remax-ын захирал ажилтай би Remax-д ажилладаг байсан. Захирал ******* эгч тухайн үед *******-ийг өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчихаа буцаагаад удахгүй өөрийн нэр дээр авна, одоо миний биеийн байдал муу байна бие ээ тэнхрэхээр компаниа буцааж авна гэж тухайн үед гарын үсэг зуруулсан. Энэ компанид хувь нийлүүлж, хувь авсан зүйл байхгүй. Гарын үсэг зурснаас болоод одоо өрөнд орсноо мэдлээ гэх тайлбар гаргасан. /1хх 186/
5.1.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* гэрчээр ...би 2021 оны 04 дүгээр сараас эхлэн *******ийн тавьсан саналаар -д үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилд орж 2022 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. *******-ийн үүсгэн байгуулагч ******* болон түүний нөхөр нар нь ах эгч нь зээл авах гэж байгаа юм түр *******-ийг чи өөрийн нэр дээр шилжүүлээд авчих зээлээ авчхаад буцаагаад бид нар нэр дээрээ авчихна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2022 оны 02 дугаар сард өөрийнхөө нэр дээр түр шилжүүлж аваад 2022 оны 05 дугаар сард буцаагаад *******ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Дараа нь би 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сар хүртэл *******-ийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилласан. ...*******ыг ******* нь мөн адил түр нэр дээрээ шилжүүлээд авчих гэж хэлсэн байсан. *******ад би 2022 оны 05 дугаар сард *******-ийн нэрийг шилжүүлж өгөхөөс өмнө нь ******* надаас нэр дээрээ шилжүүлж авчихвал зүгээр юм уу өр төлбөр байгаа юм уу гэж асууж байсан. Тэгэхэд нь ******* нь өр төлбөр гэсэн зүйл надад огт мэдэгдээгүй байсан учраас тийм зүйл байхгүй байх гэж хэлж байсан гэж мэдүүлсэн./2хх 84-86/
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 105 дугаар талд ******* гэрчээр ...Миний хувьд энэ компанитай ямар нэгэн байдлаар ямар ч холбоо хамаарал байхгүй. 2022 оны 02 дугаар сард *******, гэх хүмүүс тендерт оролцож байгаа юм аа. Энэ компанийг 7 хоног түр өөрийн нэр дээр авчих, ажил дуусахаар буцаагаад өөрсдөө авчихна гэсний дагуу 2022 оны 02 сараас 2022 оны 05 сар хүртэл 3 сарын хугацаанд л зөвхөн миний нэр дээр байсан. Өр төлбөрийн талаар мэдэхгүй. Хэлсэн хугацаандаа шилжүүлж авахгүй удаад байхаар нь яаралтай энэ компанийг өөрсдийн нэр дээрээ шилжүүлж аваа гэхэд *******тай тохиролцож байгаа. Удахгүй шилжүүлээд авчихна гээд 2, 3 хоногийн дараа ******* залгаад маргааш *******ад компаниа шилжүүлээд өгчих бид хэд тохиролцсон гэсэн. Маргааш нь БЗД-н худалдааны төвийн нэг цэг дээр *******, ******* гээд *******ийн нөхөр, ******* гээд бид хэд уулзалдаж *******ын нэр дээр шилжүүлж өгсөн. гэж мэдүүлсэн.
5.1.3 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ******* гэрчээр ...******* залгаад ******* *******-ийг шилжүүлэх хэрэгтэй болчхоод байгаа юм тиймээс чи түр нэр дээрээ шилжүүлээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******гээс та яагаад *******-ийг өөр хүнд шилжүүлж өгөх гээд байгаа юм гэж асуухад манай эхнэр төрийн байгууллагад ажилладаг бөгөөд албан тушаал дэвших гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байж болохгүй гэсэн учраас өөр хүн дээр шилжүүлж өгөхгүй бол болохгүй байна гэж хэлж байсан. ... *******-ийг би нэр дээрээ шилжүүлж авснаас хойш 2022 оны 11 дүгээр сард миний ашиглаж байсан Хаан банкны дансыг битүүмжилчихсэн байсан. Би гайхаад *******, нараас асуухад ******* нь жаахан өр төлбөртэй байгаа юм удахгүй мөнгө орж ирэхээр өгчихөөр чиний данс хэвийн болно гэж хэлсэн гэж мэдүүлсэн. /2хх 87-89/
5.1.4 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* гэрчээр ...Урьд нь хамт ажиллаж байсан *******тэй 2022 оны 05 дугаар сард уулзахад компани шилжүүлээд авчхаа гээд намайг гуйсан. Уулзаж байхдаа урьд нь мөн адил хамт ажиллаж байсан *******тэй утсаар ярихад компанийг нь шилжүүлээд авчхаа гэж бас л гуйж байсан. Хамгийн гол нь ямар ч асуудалгүй ээ түр зуур шилжүүлээд авчих гээд байсан гэж тус тус мэдүүлсэн байна. /2хх 107-109/
5.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын өгсөн дээрх тайлбар, мэдүүлгээс үзвэл хариуцагч нь *******-ийн хувьцааг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь худалдан авч төлбөрийг төлөх, уг гэрээний үндсэн дээр компанийн эрх шилжүүлэх хүсэл зориг талуудад анхнаасаа байгаагүй, ийнхүү тухайн гэрээг байгуулсан нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг талууд мэдэж байсан гэж үзэхээр байх тул тэдний байгуулсан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл, ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна.
5.3 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс гэрээний үнийг хариуцагчид шилжүүлээгүй байх тул үнийг буцаан гаргуулах эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Харин уг гэрээний үндсэн дээр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу *******-ийн 100 хувийн хувьцаа хариуцагчаас нэхэмжлэгчид шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул *******-ийн 100 хувийн хувьцааг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
6. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ******* нь бусдад өр төлбөртэй байсныг хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь маргааны зүйл болж буй дээрх гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл уг маргаанд ач холбогдолгүй. Учир нь, талуудын хооронд байгуулсан тухайн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Түүнчлэн, дээрх хэлцэл нь нэгэнт хүчин төгөлдөр бус тул талуудад гэрээний үүрэг үүсэхгүй. Иймд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдлоос хариуцагч нь хууран мэхэлж хэлцэл байгуулсан, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх хэсэг үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, *******-ийн 200 ширхэг буюу 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч *******аас *******гийн нэр дээр буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч *******д даалгасугай. гэж,
2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 144,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
М.БАЯСГАЛАН