| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/07117/И |
| Дугаар | 210/МА2026/01095 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01095
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/03494 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 90,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажлын ярилцлагад орсон. Гэтэл үүнийг ажил олгогч хууль бусаар олж авч, мэдээлэл цуглуулан 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээд ...чи манайхаас урваж *******-д ажлын ярилцлагад орсон байна, ...итгэл алдсан тул яг одоо өөрөө ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэж шаардсан. Дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод дүрэм, журам зөрчсөн үйлдэл биш байтал ажил олгогч дарамт, шахалт үзүүлж ...2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэх өгүүлбэрийг бичүүлэн авсан.
Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажил олгогчид бичгээр гаргахдаа ажил олгогчийн дарамт шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгээр гаргадаг. Гэтэл дээрх байдлаар шаардаж, дарамталж бичүүлж авсан өгүүлбэрээ үндэслэн ажлаас чөлөөлсөн.
1.2 Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр болон түүний үндэслэлийг ажилтанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу танилцуулаагүй. Харин улсын бүртгэлийн байгууллагад компанийн гүйцэтгэх захирлаас *******г чөлөөлж, гүйцэтгэх захирал *******г томилсон өөрчлөлтийг бүртгүүлэх зорилгоор боловсруулсан 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр-ийг танилцуулж, гүйцэтгэх захирлыг өөрчилсөн тухайгаа мэдэгдсэн.
Мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт нэхэмжлэгчид ажил хүлээлгэн өгөхийг даалгасан агуулгыг дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж буй үндэслэлээ дурдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн.
1.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооны хуралдааны шийдвэрээр дуусгавар болсон.
Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 315 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 90,000,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХЭШ-08/24 дугаар шийдвэрээр *******г *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр *******-д гаргасан өргөдөлдөө ...2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил хүлээлцэх хүнийг компаниас шаардаж утсаар мессеж бичсэн.
2.2 Ингээд *******гийн дээрх өргөдлийг *******-ийн хувьцаа эзэмшигч *******-ийн гүйцэтгэх захирлаар цохогдож, тус компанийн дүрмийн 5.7 болон Онцгой нөхцөл бүхий гэрээ-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд нийцнэ. Түүний өөрийнх нь хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, *******, нарыг гүйцэтгэх захирлаар томилж, ажил хүлээлцэх хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоон, шийдвэрийг бичгээр гарган, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *******-ийн хурлын зааланд *******, , ******* нар танилцаж гарын үсэг зурж, нэг хувийг *******д гардуулан өгсөн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г, хариуцагч -ийн гүйцэтгэх захиралын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч -иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 50,508,465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,491,535 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 410,492 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/132 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-д заасныг баримтлах ёстой. Тус заалтын дагуу *******гийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо хариуцагч байгууллагаас авч байсан сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлох журамтай. Түүнчлэн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын өдрийг сараар задлан тооцож, бүх нийтээр амрах баярын өдрүүдтэй давхацсан 9 өдрийг хасаж тооцоход нийт 217 ажлын өдөр байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 324,427 төгрөг*217 ажлын өдөр=70,400,659 төгрөг хариуцагчаас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 *******г 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд тухайн шийдвэрийг өөрөө гардан авч, маргаан таслах комисс болон анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс 45 удаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байдлын улмаас өөрчилж, дахин гаргаж байсан. Ийнхүү анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, зөрүүтэй байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан.
5.2 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээтэй байсан боловч цалин хөлс нь тусдаа олгогддог бөгөөд ******* болон -уудад ажиллаж байсан нөхцөлд сарын 3,000,000 төгрөгийн цалин авч байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зарим шаардлагыг буцаасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг ******* гэж тодорхойлон, улмаар тухайн байгууллагад эгүүлэн томилуулах болон цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийм нөхцөлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 6,000,000 төгрөг болон түүнээс өндөр хэмжээгээр цалин хөлсийг тооцсон нь бодит баримтад үндэслээгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сард өөр ажилд орж, сарын 2,900,000 төгрөгийн орлого олж байсан нь нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа тул анхан шатны шүүх дундаж цалин хөлсийг харгалзан дүгнэсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болгох хүсэл зоригоо ажил олгогчид бичгээр илэрхийлж 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл өгсөн. Улмаар ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил хүлээлцэх хүн асууж, ажлаа орхин явах мессеж ирүүлсэн. Мөн өргөдөлд заасан үндэслэл, хугацааны дагуу *******-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ХЭШ-02/25 дугаартай шийдвэр гарч, уг шийдвэрийн 1, 3 дахь заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар түүний хүсэлтээр дуусгавар болгосон үндэслэл, ажил хүлээлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 83 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрт тодорхой заасан. Уг шийдвэрийг бичгээр гарган *******д танилцуулж, хувийг гардуулан өгсөн.
******* нь *******-аас авсан 30,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлээ төлөхгүй байх хүсэл зорилгоор нэр төр, сэтгэл санаанд учирсан хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах зэрэг үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, өргөдлөө 30 хоногт буцаан авах боломж олгоогүй зэргээр бодит байдалд нийцэхгүй, баримтаар няцаагдсан худал тайлбар гаргасан баримтууд авагдсан байхад эдгээр нотлох баримтуудыг шүүх огт үнэлэлгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
6.2 Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх харилцааг Компанийн тухай хуульд нарийвчлан зохицуулж, гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх шийдвэрийг Хувьцаа эзэмшигчийн шийдвэр хэлбэрээр гаргана гэж заасан ба томилсон, чөлөөлсөн шийдвэрийг ажлын 15 хоногийн дотор улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээллэх үүргийг компанид хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээлж буй нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлж буй нэг алхам болохоос улсын бүртгэлд зориулж тусдаа шийдвэр гаргадаг эрх зүйн үндэслэл байхгүй.
6.3 Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн шийдвэрт *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар буюу өөрийн хүсэлтээр, ажил хүлээлцэх хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоосон агуулгыг маш тодорхой тусгасан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Хариуцагчийн зүгээс ажлаас гарах өргөдөл болон зурвас зэрэг баримтуудыг дурдсан. Гэвч эдгээр баримт нь өөрөө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бүхий баримт бичиг биш бөгөөд зөвхөн уг баримтуудад тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр өмнөх гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинээр гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өөр компанийн үйл ажиллагаанд оролцсон гэх асуудлыг мэдсэнтэй холбоотой түүнд ажлаа өгөхгүй бол энэ салбарт цаашид ажиллах боломжгүй болгоно гэх мэт байдлаар дарамт шахалт үзүүлж, байгууллагын тамгыг хүртэл авчрахыг шаардсан. Ийнхүү тухайн үед нэхэмжлэгч цаасан дээр ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгатай өргөдөл бичиж өгсөн бөгөөд өргөдөл бичсэн.
7.2 Мөн хариуцагч байгууллага өргөдөл өгснөөс ердөө хоёр хоногийн дараа шинэ гүйцэтгэх захирлыг томилсон. Шинэ гүйцэтгэх захирлыг томилсонтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан. Манай зүгээс үүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох процесс тодорхой тусгагдсан бөгөөд ажилтан өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан тохиолдолд 30 хоногийн дотор тухайн хүсэлтээ буцаан татах боломжтой, улмаар түүнээс хойш хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал, шийдвэр гаргах зохицуулалттай байдаг. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тохиолдолд гүйцэтгэх удирдлагын баг хэлэлцэж, хувьцаа эзэмшигчдэд танилцуулсны үндсэн дээр шийдвэр гаргах, улмаар улсын бүртгэлд өөрчлөлт бүртгүүлэх дараалалтай байхаар тохиролцсон.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тусдаа тушаал, шийдвэр гаргаагүй, зөвхөн шинэ гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг танилцуулсан нь хуульд нийцсэн процессоор явагдаагүй. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83, 84 дүгээр зүйлүүдийг үндэслэн гаргасан. Эдгээр заалтууд нь компанийн эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх, компанийн засаглалын харилцааг зохицуулах агуулгатай бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох шууд үндэслэл биш юм. Иймээс дээрх хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
7.3 Мөн хариуцагчийн зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс ийм шаардлага гаргаагүй бөгөөд уг асуудлын талаар анхан шатны шүүх шийдвэрт дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 90,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна.
4. *******-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХЭШ-08/24 дугаар Компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх тухай шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр *******г томилсон. /1хх 77/ Мөн өдөр талууд Х-12/24 дугаар Хөдөлмөрийн гэрээ /Онцгой нөхцөл бүхий/ байгуулсан. /1хх 6-11/
4.1 Улмаар, тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ХЭШ-02/25 дугаар Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинэ гүйцэтгэх захирлыг томилох, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд холбогдох өөрчлөлтийг бүртгүүлэх тухай шийдвэрээр *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83, 84 дүгээр зүйлийг тус тус үндэслэн *******-ийн гүйцэтгэх захирал *******г өөрийн хүсэлтээр энэ шийдвэр гарсан өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр *******-ийн гүйцэтгэх захирлаар *******г мөн өдрөөр томилж шийдвэрлэсэн байна. /1хх 22, 75/
5. Ажил олгогчийн дээрх 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ХЭШ-02/25 дугаар тушаалын агуулга нь ажилтан *******гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэсэн байна. Тодруулбал, ажилтан ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогч *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******-д овогтой миний бие тус групп компанийн охин компани болох *******, -ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Өөрийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй тул ажлаас чөлөөлж өгнө үү. Ажилласан хугацааны сарын сүүл цалинг компанийн зээлсэн зээлэнд суутгахыг зөвшөөрнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. /1хх 76/
5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны санаачилга нь түүний хүсэлтээр илэрхийлэгдэх бөгөөд энэ нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл болсон байх учиртай. Нэхэмжлэгч нь уг хүсэлтийг ажил олгогчийн дарамт шахалтаар буюу өөрийн хүсэл зоригоос гадуур бичсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
5.2 Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, түүнийг хариуцагч хүлээн авч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Түүнчлэн, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийн үгийн шууд утга болон агуулгаас үзвэл тэрээр өөрийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийг илэрхийлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
5.3 Хэдийгээр ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох дээрх шийдвэрийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байх боловч уг шийдвэр нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байхад анхан шатны шүүх ажил олгогчийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлтэй холбоотой буюу талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоогүй агуулгаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
5.4 Түүнчлэн, хариуцагчийн зүгээс дээрх шийдвэрийг нэхэмжлэгчид танилцуулсан, тэрээр гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн ажил олгогч шийдвэрийг танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй. /1хх 75/
6. Талуудын байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Х-12/24 дугаар Хөдөлмөрийн гэрээ /Онцгой нөхцөл бүхий/-ний 6.2-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг гүйцэтгэх захирлын санаачилгаар цуцалж болох ба орлох албан тушаалтныг томилох, ажил үүргийг хүлээлцүүлэх, компанийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцөлөөр хангах үүднээс гүйцэтгэх захирал нь ажлаас гарах үндэслэлээ хувьцаа эзэмшигчид 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан. /1хх 6-11/
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ажилтан 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтэй байсан болох нь тогтоогдож байна. /1хх 131-136, 145-151/ Иймд ажилтны гаргасан хүсэлтийг ажил олгогч хүлээн авч хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлснийг буруутгахгүй.
7. Хариуцагч нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо буруу тооцсон, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/03494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох, урьд эрхэлж байсан *******-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 90,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг *******-д даалгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 509,954 төгрөг, хариуцагчаас төлсөн 410,492 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
М.БАЯСГАЛАН