| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1086/Э |
| Дугаар | 1101 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1101
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
хохирогч Ц.Батчимэг,
шүүгдэгч Г.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарьд овогт Гантулгын Түвшинжаргалд холбогдох 1908033171299 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, “Тэнүүн-Огоо” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, цогт уул 12 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 107-1 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Гарьд овогт Гантулгын Түвшинжаргал /РД:СВ91102035/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өрнөх Хас” караокегоор үйлчлүүлж байхдаа тус караокений бармен, нягтлан ажилтай Ц.Батчимэгийг “манайх одоо хаалаа, гар” гэж хэлснийх нь төлөө үснээс нь зулгааж, чирч зодсоны улмаас тархи доргилт, зүүн тохойд цус хуралт, зүүн гуянд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Өрнөх Хас нэртэй нийтийн караокед ажил дээрээ очиж караокег хаах гэтэл 2 дугаар ширээн дээр 3 залуу үйлчлүүлж байсан. Тэдгээр залуучууд хажуу ширээнд сууж байсан эмэгтэйчүүд рүү агсраад байхаар нь болиулсан. Удалгүй тэдгээр эмэгтэйчүүд гараад явцгаасан. Тэгээд би тэр хүмүүст манайх хаалаа гэж хэлтэл намхан махлаг залуу буюу Г.Түвшинжаргал нь хэл амаар доромжлоод байхаар нь гар гээд хөөсөн. Намайг 2 удаа үстсэн. Нэг нь караокены коридорт болсон. Нөгөөдөх нь текний ард болсон. Тухайн үед миний үснээс зулгаагаад зүүн гар өчөөд чирсэн. Тэгсэн хамт явж байсан нэг залуу бид хоёрыг салгах гээд оролдоод байсан. Камерын бичлэгт коридорт үстсэн асуудал нь харагдаж байгаа. Харин текний цаадах хэсэг нь халхлагдаад харагдахгүй байсан. Эдгээр залуус нь намайг заналхийлсэн. Сүүлд янз бүрийн асуудал гарах вий гэж айж байна. Хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 6-9х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
2. Гэрч Ц.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Өрнөх Хас нэртэй караокед ажил дээрээ байж байтал гаднаас үл таних 3 залуу согтуу орж ирээд нийтийн зааланд суугаад эхлээд 6 пиво захиалаад дуу дуулцгаасан. 02 цаг 30 минутад сүүлийн захиалгаа авчихаад манайх 03 цаг 30 минутад хаана гэж сануулаад 6 дууны захиалга авсан. Тэгсэн хамт явж байсан 1 залуу бүгдээрээ явцгаая гэсэн чинь Түвшинжаргал гэдэг залуу агсам тавиад явахгүй гээд дарамталсан маягаар яриад байсан. Тэгсэн манай эгч Батчимэг ирээд тэр хүмүүст манайх хааж байнаа гэж хэлтэл Түвшинжаргал нь “чи юу юм, дуугай бай” гээд агсам тавьж, хэл амаар доромжлоод эгч бид хоёрыг муу 2 гичий гээд хараагаад байсан. Тэдгээр залуусын нэг нь бүгдээрээ гарцгаая гэж хэлсэн ч тоогоогүй. Би коридор луу гараад цагдаад дуудлага өгөөд байж байтал эгч дотор орилохоор нь гүйгээд ортол Түвшинжаргал гээд махлаг залуу манай эгчийн үснээс зулгаачихсан чирээд цохиод хөл рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
3. Гэрч Г.Пүрэвдашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын 54-2а тоот манай гэрт Түвшинжаргал, Энхтөгөлдөр нар нь 2.5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг хувааж ууцгаасан. Би тэр пивоноос нь уугаагүй юм. Тэгээд манайхаас 24 цагийн орчимд гараад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Өрнөх Хас нэртэй караокед ороод Түвшинжаргал, Энхтөгөлдөр хоёр нийт 4 пиво уугаад дуулаад сууж байхад караокений эзэн гээд нэг охин ирээд бид гурвыг хөөгөөд ширээн дээр ирээд пивоны шил хагалсан. Тэгсэн Түвшинжаргал уурлаад чи үйлчлүүлэгчтэйгээ ингэж харьцах ёстой юм уу гээд уурлаад караокений эзэн Батчимэгтэй хэрэлдээд маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би за за гарцгаая гээд коридорт гараад зогсож байтал араас караокений эзэн Батчимэг гарч ирээд хэрүүл өдөөд байсан. Тэгсэн Түвшинжаргал утсаараа бичлэг хийнэ утсаа гаргаад ирсэн чинь Батчимэг булааж аваад өгөхгүй байсан ба Түвшинжаргал утсаа авъя гээд хоорондоо булаацалдсан. Батчимэг утсыг нь өгөхгүй караоке руу буцаж ороод текныхаа тэнд утсыг нь унагаачихаар нь би гүйж очиж аваад Түвшинжаргалд өгсөн. ...Түвшинжаргал, Батчимэг хоёр гар утас булаацалдаад ноцолдоод байхдаа Түвшинжаргал нь Батчимэгийн үснээс нь зулгаагаад байсан, би голоор нь орж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7691: “...Ц.Батчимэгийн биед тархи доргилт, зүүн тохойд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 12х/,
5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-35х/,
6. Хохирогч Ц.Батчимэгийн эмчилгээнд зарцуулсан гэх 126000 төгрөгийн баримтууд /хх-ийн 46-47х/,
7. Шүүгдэгч Г.Түвшинжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 61х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 62х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 63х/, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 46х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 65х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 66х/, Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69-71х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72х/,
8. Шүүгдэгч Г.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд баз хүргэн Пүрэвдашийн гэрт очоод манай эхнэр Пүрэвдашийн эхнэр бид дөрөв хоол хийж идээд 22 цагийн орчимд Пүрэвдаш бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уугаад эхнэр бид хоёр тэдний гэрт хононо гээд бодчихсон унтаж амрах гээд байж байтал гаднаас Пүрэвдашийн найз Төгөлдөр орж ирээд 01 цаг хүртэл юм ярьж сууж байгаад бид 3 гарч ахиж пиво уухаар болоод Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хас нэртэй нийтийн караоке ороод ширээн дээр суугаад шилтэй пиво 9 ширхгийг захиалаад дуулангаа хувааж ууцгаасан. Бид нар орохдоо барменаас нь хэдэн цагаас хаах бэ гэж асуухад 04 цагт хаана гэж хэлсэн юм. Тэгсэн бид нар пиво ууж дуусаагүй 03 цаг өнгөрч байх үед бармен ирээд хаалаа, гар гэсэн. Тэгэхээр нь би танайх 04 цагаас хаана гэсэн биз дээ ууж байгаа пиво дуусгаад гаръя гэтэл үгүй одоо гар зайл гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Та нар зайлахгүй бол манай нөхөр сонгинод том цагдаа шүү би та нарыг яаж ч чадна гээд байн байн хэлээд байхаар нь утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ гэтэл миний утсыг булаагаад авчихсан. Утсаа авах гэтэл өгөхгүй байсан. Тэгснээ миний утсыг шидчихээр нь би түүний үснээс нь хальт зулгаачихсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өрнөх хас” караокегоор үйлчлүүлж байхдаа тус караокены бармен, менежер ажилтай Ц.Батчимэгтэй “цагаасаа өмнө хаах гэлээ, гар утас булааж авлаа” гэх асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүний үснээс нь зулгааж, чирч зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Батчимэгийн мэдүүлэг /хх-иийн 6-9х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Ц.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 22х/, гэрч Г.Пүрэвдашийн мэдүүлэг /хх-ийн 25х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7691 дугаартай дүгнэлт /хх-ийн 12х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-35х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь хохирогч Ц.Батчимэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Г.Түвшинжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Тус хэрэг гарахад хохирогч болон шүүгдэгч нарын хэн алины буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэстэй буюу нэг талаас хохирогч нь тус караокег хаах цаг нь дөхсөн байхад үйлчлүүлэгч нартаа согтууруулах ундааны зүйл ихээр өгч үйлчилсэн нь үйлчлүүлэгч нарын зүгээс тухайн авсан согтууруулах ундааны зүйлээ караокег хаахаас өмнө ууж дуусахгүй, амжихгүй байх нөхцөл байдал үүсгэхэд хүргэснээс гадна үйлчлүүлэгч нарын “авсан зүйлээ ууж дуусаж байж гарна” гэсэн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн, түүнчлэн хохирогч Ц.Батчимэг нь үйлчлүүлэгч нартаа тавих ёстой шаардлагаа зохих ёсоор тавилгүй, үйлчлүүлэгч Г.Түвшинжаргалын гар утсыг түүний зөвшөөрөлгүйгээр авсан асуудлаас үүдэлтэйгээр маргааныг эхлүүлсэн, нөгөө талаас шүүгдэгч Г.Түвшинжаргал нь олон нийтийн газар зохих ёсоор биеэ авч явалгүй хэрүүл маргаан хийж, улмаар хүч хэрэглэсэн асуудал нь гэмт хэрэг гарах, хохирогчид хохирол учрах шалтгаан болжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Батчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 126.000 төгрөг, мөн Г.Түвшинжаргал нарын тус караокегээр үйлчлүүлсэн үйлчилгээний хөлс 39.500 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэх тул Г.Түвшинжаргалаас нийт 165.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “цалингийн зээл төлдөг байдлыг минь харгалзан үзэж торгуулын ялын төлөх хугацааг уртасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Түвшинжаргалыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.Түвшинжаргал нь Нийтийн тээврийн үйлчилгээний Тэнүүн-Огоо ХХК-д жолоочоор ажилладаг зэрэг байдлыг харгалзан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Г.Түвшинжаргалын авдаг цалин хөлс, цалингийн зээл төлдөг зэрэг нөхцөлүүдийг үндэслэн уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гарьд овогт Гантулгын Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Түвшинжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалаас 165500 /нэг зуун жаран таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батчимэгт олгосугай.
7. Шүүгдэгч Г.Түвшинжаргалын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Түвшинжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ