| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2025/00034/И |
| Дугаар | 210/МА2026/01142 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/01142
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/02573 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 63,521,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь ******* Тамгын газрын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга *******ыг төрийн албанаас чөлөөлсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаар тогтоолоор *******ыг ******* Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ******* албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ******* Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.
1.2 Улмаар, *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилоогүй тул дахин шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/XT2018/01316 дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.
Дээрх захиргааны болон иргэний шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны Хөрөнгө хуваарилах тухай А/190 дугаар тушаалаар 1,655,117 төгрөг, ******* Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 7,249,601 төгрөг, нийт 8,904,718 төгрөгийг *******т ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосныг *******өөс төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлсэн
1.3 *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул тэрээр шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00837 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1091 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу ******* Тамгын газраас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 13,119,496 төгрөгийг *******т олгосон.
Мөн *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00993 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар тушаалаар 12,574,659 төгрөгийг *******т олгосон байна.
Мөн *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 528 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00682 дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* Тамгын газарт шилжүүлэх төлбөрөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13,594,777 төгрөгийг *******т олгосон.
Мөн *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03112 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу ******* Тамгын газраас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 24,232,977 төгрөгийг *******т ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна.
Дээрх 4 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу *******т нийтдээ 63,521,909 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон.
Иймд *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 63,521,909 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн дансанд оруулж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэлээ болгосон. Улсын Их хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг баталж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримт үйлчилнэ. Иймд 2016 оны 12 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой урьдчилсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг *******д үүсээгүй.
Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт зааснаар ******* эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул гэм хорын хариуцлагыг хүлээх үндэслэлгүй.
2.2 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар *******ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан *******т учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан. Тухайн байгууллагад хамаарах учир ******* уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэг болон Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******оос 63,521,909 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгосон. Улсын Их хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд 2016 оны 12 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг *******д үүсэхгүй юм.
4.2 Мөн Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасан зүйл нь Төрийн албаны эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир ******* албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Үүнийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж дүгнэсэн.
4.3 Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч *******ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтанд учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир ******* нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй.
4.4 Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаар зөвлөмжид ...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно... гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн хариу тайлбарыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн, шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд хуулийн хүрээнд бол Захиргааны ерөнхий хуулиар ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилнэ. Харин ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой цалинг зөвхөн ******* нэхэмжлэх эрхтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Б/249 дугаартай *******ын тушаалаар н.Гомбодоржийг Төрийн захиргааны удирдлагын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд Хууль эрх зүйн тасгийн ******* албан тушаал сул байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. *******ын асуудлаар өмнө нь Захиргааны хэргийн 3 шатны шүүх шийдвэрлэсэн ба Иргэний хэргийн шүүх уг асуудлыг шийдвэрлэн төрд 8,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тухайн шийдвэрийн дагуу хариуцагч ******* нь 8,900,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.
Түүнчлэн, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан алдааны улмаас төрд учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Гэвч Улсын Дээд шүүхийн тогтоолоор хариуцагч *******ыг албан үүргээ гүйцэтгэж бус, харин хууль бус шийдвэр гаргаж буруутай үйлдэл гаргасны улмаас хохирол учруулсан тул уг хохирлыг төр хариуцах үндэслэлгүй гэж үзсэн. Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг үл маргах журмаар биелүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн.
5.2 Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт зааснаар ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа нэгэнт хүчин төгөлдөр бус болсон хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй тул хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтыг эрх зүйн үндэслэлээ болгосон. Хэдийгээр хариуцагчийн хууль бус тушаал шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан хэдий ч үүнээс үүдэлтэй үйл баримт, цаг хугацааны үр дагавар нь өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилсэн шалтгаант холбоотой үр дагавар нь нэг юм.
5.3 Хариуцагч нь тухайн албан тушаалын орон тоо сул байхад өөр хүнийг томилсон. Улмаар Төрийн захиргаа, удирдлагын болон Хуулийн хэлтсийг 2 салган бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, нэг албан тушаалд нь өөр хүн томилж нөгөө албан тушаалыг сул орон тоо болгон үлдээж, *******ыг ажилд нь эгүүлэн томилоогүй байна. Хариуцагчийн уг үйлдэл нь хууль бус бөгөөд түүнийг буруутай болохыг шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон.
Уг хохирлыг ******* бус, аудитын байгууллага нэхэмжлэх ёстой гэх хууль зүйн зохицуулалт Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтад байхгүй. ******* нь төрийн албаны төв байгууллага бөгөөд ******* Тамгын газар нь төрийн захиргааны байгууллага юм. Иймд ******* нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан төрд учирсан гэм хорын хохиролд 63,521,909 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* нь ******* Тамгын газрын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга *******ыг төрийн албанаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрээр *******ыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Улмаар ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 4 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу *******т нийт 63,311,909 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон гэж тайлбарласан.
3.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...******* Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой төлбөрүүдийг төлсөн тул ******* нь нэхэмжлэх үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийг баталж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримт үйлчилнэ. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар *******ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан *******т учруулсан хохирлыг хариуцан арилгасан гэх үндэслэлээр татгалзан маргажээ.
4. Хариуцагч нь ******* Тамгын газрын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/249 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга *******ыг төрийн албанаас чөлөөлсөн.
4.1 Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын 5.1.3-т ...Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан бол, түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол нэхэмжлэгч захиргааны байгууллага нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тодруулбал, хариуцагчаар татагдсан этгээд өөр ажил, албан тушаалд шилжсэн, ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарч захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцагч-захиргааны байгууллага болно. гэж тайлбарлаж, тогтоолын 5-д Энэ тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж заасан.
4.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дээрх шаардлагыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ерөнхий харьяаллын шүүхэд гаргасан нь хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, дээрх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн цаг хугацаанаас хойш гаргасан энэхүү нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдаж байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасныг зөрчин иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
5. Ийнхүү нэхэмжлэгч нь хэргийн харьяалал зөрчин нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг зөрчсөн гэж үзнэ. Энэхүү үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зохицуулсан.
Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, *******ийн нэхэмжлэлтэй, төрд учирсан гэм хорын хохиролд 63,521,909 төгрөг гаргуулах тухай *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Давж заалдах шатны шүүх хэргийг иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/02573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, төрд учирсан гэм хорын хохиролд 63,521,909 төгрөг гаргуулах тухай *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 475,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН