Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 01285

 

 

 

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийж  

               Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Хольдог овогт Мажигсүрэнгийн Загиржавыг /ОМ:91032437/ иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Жарантай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Орхон аймаг, Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасны дагуу Дулаан-Уул багийн иргэн Мажигсүрэнгийн Загиржавыг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү  гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлтээ дэмжиж байна.М.Загиржав нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй оюуны хомсдолтой иргэн байдаг.Эцэг эхийн асрамжинд байдаг тул иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоож өгнө үү гэв.

             Шүүх зохигчийн тайлбар болон Орхон аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, М.Загиржавын иргэний үнэмлэхний хуулбар, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, БОЭТ-ийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа зэрэг нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Мажигсүрэнгийн Загиржав нь 1991 оны 03 дугаар сарын 24-нд төрсөн 25 настай, эрэгтэй, хүнд хэлбэрийн тархины эмгэгшил, төрөлхийн хүнд хэлбэрийн оюуны хомсдол өвчний улмаас 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон болох нь Орхон аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт, Орхон аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

М.Загиржав нь дээрхи өвчний улмаас иргэний эрх үүргээ бие дааж хэрэгжүүлэх чадваргүй болох нь тогтоогдож байх тул түүнийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцох үндэслэлтэй, асран хамгаалагчаар эцэг Б.Мажигсүрэнг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар хүсэлт гаргагч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

           Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг баримтлан Хольдог овогт Мажигсүрэнгийн Загиржавыг /ОМ:91032437/ иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар эцэг Б.Мажигсүрэнг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.АРИУНЦЭЦЭГ