Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01150

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2026/00601 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,040,000 төгрөг гаргуулах,

сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******д 2024 оны 11 сард БНХАУ-ын эмчилгээний гоо сайхны салон хамтран ажиллуулах санал тавьж, уг саналыг хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болсон. Ийнхүү 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,280,000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг, 12 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,200,000 төгрөг, нийт 12,040,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

1.2 Миний бие Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороонд байрлах ******* төвийн 7 давхарт байрлах ******* салоны бүх зохион байгуулалт дотор засвар, тоног төхөөрөмжийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа тохижуулан, ажиллахад бэлэн болгосон. Ийнхүү нээлтээ хийсний дараа ******* нь миний оруулсан мөнгийг өгөхгүй хөөж явуулсан. Би мөнгөө авна гэхэд тэрээр 12,040,000 төгрөг сарын дотор өгнө гэж бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 12,040,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2024 оны 11 дүгээр сард БНХАУ-ын ******* шууд борлуулалтын компанид гишүүн үүсгэхээр ******* урьсан. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* 1,280,000 төгрөгөөр уг компанид гишүүн болсноор код үүсгэж гишүүний элсэлт хийсэн. ******* над руу шилжүүлсэн мөнгийг би тухайн өдөр ы тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн.

2.2 ******* нь БНХАУ-ын компанийн Монголд дахь компанийг байгуулахыг санаачилж, салон, оффис тохижуулах, уг компанийн бараа бүтээгдэхүүн борлуулах зорилгоор 184 м.кв оффис түрээсэлж, ******* -ийг үүсгэн байгуулсан. Мөн оффис, салоны тохижилтыг өөрөө хийнэ гэсэн учир бид дэмжиж Монгол компанидаа эхний хөрөнгө оруулалт болгож хүн тус бүр 2,500,000 төгрөгийг ******* данс руу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн.

2.3 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* гишүүнчлэлийнхээ багц 10,000,000 төгрөг болгох зорилгоор 3,000,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь , мөн би зохицуулж хүнээс мөнгө зээлж 10,000,000 төгрөгийн VIP3 багц руу ******* гишүүний элсэлт хийсэн. Энэ бүх гишүүнчлэлийн 1,280,000 төгрөг болон 3,000,000 төгрөгийн үнийн дүнтэй кодтой бараа бүтээгдэхүүн тоо ширхгээрээ ирсэн. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн данснаас түр хийснийг хөрөнгө оруулалт болсон харагдуулж ******* -ийн данс руу 3,000,000 төгрөг болон 2,260,000 төгрөгийг хуваан хийснийг одоо надаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд БНХАУ-ын ******* худалдааны компанид адилхан хөрөнгө оруулалт хийж гишүүн болж элсчхээд ******* -д хөрөнгө оруулалт нэртэй миний мөнгийг данслаад надаас нэхэмжилж байна гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-ын ******* борлуулалтын компанид 1,280,000 төгрөгөөр гишүүнээр элсэж, тус компанид нэвтрэх нэртэй болсон. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* гишүүнчлэлийн багцаа нэмэгдүүлэх гэсэн юм 10,000,000 төгрөг хийх хэрэгтэй байна. мөнгө хүрдэггүй чамд мөнгө байвал нэмээд руу шилжүүлж өгөөч гэсэн бөгөөд над руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би өөрт байсан 1,900,000 төгрөгийг нэмж 4,900,000 төгрөгийг ******* багцын мөнгө гэж ы Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Иймд миний шилжүүлсэн 1,900,000 төгрөгийг *******ас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Би 3,000,000 төгрөг зээлэх талаар хэлж байгаагүй. Салон дээр бараа материал татах мөнгө дутаад цаашаа 10,000,000 төгрөг болгож өгөх ёстой гэсэн болохоос биш VIP3 багц ахиулахаар мөнгө шилжүүлээгүй. ******* тэр талаар надад юм хэлээгүй.

Салон нээж массажийг *******, нар хийгээд би доторх бүх менежментийг хариуцна гэсэн үүрэгтэй ажилд оролцсон. Ингээд компани байгуулаад, хөрөнгө, ашгаа хуваарилаад хариуцаад явна гэж ярилцсан. ******* сарын дотор мөнгийг буцаан өгнө гэж хэлсэн. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Хэрэг бүртгэлийн явцад ямар нэгэн байдлаар хэн нэгнийг айлгаж дарамталж бичүүлсэн гэх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй.

4.2 *******аас 1,900,000 төгрөгийг аваагүй тул төлөх үндэслэлгүй. ******* нь ******* -ийн 40 хувийн хувьцааг эзэмшдэг

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 12,040,000 төгрөгийг *******аас гаргаж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч аас 12,040,000 төгрөг гаргуулах тухай ******* нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******ас 1,900,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,560 төгрөг, хариуцагчаас төлсөн 45,350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч мөнгийг Компанид зарцуулсан, бараа татсан гэж тайлбарладаг боловч хэрэгт үүнийг нотлох санхүүгийн баримт, зардлын тайлан байдаггүйг шүүх өөрөө шийдвэр дээрээ хүлээн зөвшөөрсөн атлаа яг энэ нотлох баримтгүй, таамаглал бүхий нөхцөлд хариуцагчийн татгалзлыг үнэн зөв гэж үзэж нэхэмжлэгчээр үгүйсгүүлэхийг шаардсан нь хуульд нийцэхгүй.

6.2 ******* нь ******* -ийн данс руу бус, хариуцагч *******ын Хаан банкны данс руу 12,040,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь уг мөнгөөр өөрийн үүсгэн байгуулсан компани, өөрийн эрхлэн явуулах гэж байсан бизнесийн зардлыг хаасан нь түүнийг зардлаас чөлөөлж, миний хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит нөхцөлийг бүрдүүлсэн. Гэтэл шүүх ******* бус, компани хөрөнгөжсөн мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө олж авсан этгээд буюу хөрөнгөжигчийг буруу тогтоосон логик алдаа юм. Хариуцагч нь итгэмжлэлгүйгээр миний нэрийг ашиглан хуурамчаар сүлжээнд бүртгэл үүсгэсэн нь надад үүрэг үүсгэхгүй бөгөөд энэхүү үйлдэл нь хариуцагчийг төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.

6.3 Хариуцагч ******* нь 1 сарын дотор буцаан төлнө гэсэн утгатай гар бичмэлийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан гаргаж өгсөн бөгөөд уг баримт хэрэгт авагдсан. Энэхүү баримт нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээн зөвшөөрсөн бие даасан хэлцэл юм. Хариуцагч төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн баримт байсаар атал шүүх үүнийг хэрэгт ач холбогдолтой байдлаар үнэлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, эсхүл хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1,280,000 төгрөгийг *******ас ******* руу шилжүүлж, ******* нь хамтран хувьцаа эзэмшигч руу нэг минут хүрэхгүй хугацаанд багцын төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн байдаг. Уг мөнгөөр БНХАУ руу сургалтад суухаар явсан ба компанид очиж ID хаяг нээсэн гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч болон нэхэмжлэгч өөрөө тайлбарладаг.

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2,500,000 төгрөг нь ******* өөрийн данс руу хийсэн мөнгөө нэхэмжлэлд оруулж шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 3,000,000 төгрөг нь *******ас ******* руу орсон хэдий ч минутын засваргүй хамтран хувьцаа эзэмшигч руу 4,900,000 төгрөгийг гэсэн утгатайгаар шилжүүлсэн. БНХАУ-ын компанитай харьцдаг учраас ******* багцыг нэмэгдүүлэх зорилгоор болон мөнгө нэмээд шилжүүлээд өгөөч гэсэн учраас дамжуулж шилжүүлсэн гэдгийг хариуцагч тайлбарладаг. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5,200,000 төгрөг нь *******аас ******* руу 5,260,000 төгрөг хийсэн ба уг мөнгийг ******* руу шилжүүлсэн байдаг.

7.2 Дөрвөн хүн нийлж БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирж, салон байгуулах зорилгоор компани байгуулсан бөгөөд дээрх мөнгө нь салоны үйл ажиллагаанд зориулж бүгд хөрөнгө оруулсан мөнгө юм. Эхлээд данс руу хөрөнгө оруулалтын мөнгө татсан бөгөөд уг мөнгийг ******* -ийн данс руу хийсэн үйл баримт нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Иймд ******* үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

7.3 *******ын зүгээс хэдэн төгрөгийг ******* өгнө гээд -ийн захирал ******* гэж бичсэн баримт байдаг. Уг баримтаар тайлан тооцоо нийлж, ирсэн бараа бүтээгдэхүүн болон худалдаж авсан тоног төхөөрөмж, тавилгыг худалдан тооцоо нийлсэн ба бүгд хохирсон байгаа учраас уг мөнгийг нь өгнө гэсэн байдлаар бичсэн баримт учраас ******* би өөрөө төлнө гэж бичсэн гэж тайлбарлах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 1,900,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* нь *******д 2024 оны 11 дүгээр сард БНХАУ-ын эмчилгээний гоо сайхны салон хамтран ажиллуулах санал тавьж, уг саналыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаар болж 12,040,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. ******* нь миний оруулсан мөнгийг өгөхгүй намайг хөөж явуулсан. Би мөнгөө авна гэхэд 12,040,000 төгрөг сарын дотор өгнө гэж бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй гэж тайлбарласан.

2.2 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* 1,280,000 төгрөгөөр БНХАУ-ын ******* компанид гишүүнээр элссэн. ******* санаачилж Хятад компанийн Монголд дахь компанийг байгуулах, салон, оффис тохижуулах, уг компанийн бараа бүтээгдэхүүн борлуулах зорилгоор 184 м.кв оффис түрээсэлж ******* -ийг байгуулсан. ******* гишүүнчлэлийнхээ багц 10,000,000 төгрөг болгох зорилгоор 3,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн данснаас түр хийснийг хөрөнгө оруулалт болгон харагдуулж ******* -ийн данс руу 3,000,000 төгрөг болон 2,260,000 төгрөг хуваан хийсэн атлаа одоо надаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, талууд хэн аль нь хамтран ажиллахаар тохиролцон, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн агуулгаар тайлбар гаргасан. Хэрэв талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд талууд уг гэрээнээс татгалзсан, цуцалсан, дуусгавар болсон эсэх, мөн хамтран ажиллах гэрээ дуусгавар болоход хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн ашиг, алдагдал, зардлыг хэрхэн хуваарилсан талаарх үйл баримт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хамтран ажиллахаар тохиролцож, мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэсэн боловч шаардлагаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан шаардсан нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй үндэслэлд хамаарч байна.

3.1 Мөн, нэхэмжлэгчээс хариуцагчид болон ******* -д мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, нэхэмжлэгч нь ******* -ийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшдэг зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан байна. /хх 6-9, 26, 41/ Гэтэл ******* талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай эсэх үйл баримт тодорхойгүй байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс зохигч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтын талаар бүрэн мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2026/00601 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН