Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 01286

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-24-67 тоотод оршин суух Хотгойд овогт Цэдэн-Ишийн Хүрэлтөмөр  /ФД:61072418/

Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Хүрэлтөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Хүрэлтөмөр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цэдэн-Иш овогтой Хүрэлтөмөр 1961 оны 07 дугаар сарын 24-ий өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1980 онд Эрдэнэт хотын сургалтын төвд ирж суралцаж төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхайд Өрмийн туслах машинчаар ажиллаж байгаад 1982 оны 07 дугаар сард цэргийн албанд явсан. Миний ажилд орсон ажлаас халагдсан тушаалын Цэдэн-Ишийн Хүрэлбаатар гэж архивд буруу бичиж хадгалагдсан учир энэ байдлыг харгалзан үзэж Цэдэн-Ишийн Хүрэлтөмөр нэрийг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Аранжин овогт Цэдэн-Ишийн Хүрэлтөмөр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ц.Хүрэлтөмөр нь 1980 оноос 1982 оны 07 дугаар сар хүртэл Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхайд машинчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хөдөлмөрийн дэвтэрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Төрөлжсөн архивын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 331 дугаартай лавлагаа, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 103/014488 дугаартай төрсөний бүртгэлийн лавлагаа, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 810696 дугаартай Эрдэнэт сургалтын төвийн өрмийн машинистын үнэмлэхийг нотаритаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Пэлжээгийн тодорхойлолт зэргээр  тус тус батлагдаж байна.

Иймд Хотгойд овогт Цэдэн-Ишийн Хүрэлбаатарыг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хотгойд овогт Цэдэн-Ишийн Хүрэлтөмөрийг 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Хүрэлтөмөрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ