Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 01290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2016/01290

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт овоот 16 дугаар гудамж 25 тоотод оршин суух Боржигон овогт Дуламсүрэнгийн Бямбасүрэн /ФМ:58092463/

                Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай 8 дугаар  гудамж 7 тоотод оршин суух Боржигин овогт Хандын Алтанцэцэг /ТВ:63042301/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-21-19 тоотод оршин суух Борго овогт Ганболдын Лутбаатар /ЦД:79033117/

            Гэм хорын хохиролд 650 000 төгрөг, 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: Д.Бямбасүрэн, Х.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, иргэдийн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Бямбасүрэн би Хабитат Их залуугийн засмал зам дээр саарал өнгийн таксинд “Эрдэнэс” дэлгүүрийн гаднаас сууж, хөдлөөд удаагүй “Баянхангал” дэлгүүрийн хажууд явж байхад шугамын цагаан автобус урсгал сөрж орж ирээд миний сууж явсан машиныг мөргөж, зам тээврийн осол гарсан. Би жолоочийн хажууд сууж явсан ба автобус нь миний сууж явсан машиныг жолоочийн талаар мөргөсөн. Машины өмнөөс хамгаалагч дэр гарч ирж, би бага гэмтсэн юм. Замын ослын актаар автобусны буруу гэж тогтоогдсон учраас автобус жолоодож явсан Г.Лутбаатараас төлбөрөө нэхэмжилж ав гэж цагдаагаас хэлсэн учир тус шүүхэд эмчилгээний зардал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би тэтгэвэрт байдаг ба сард 251 000 төгрөг авдаг. Хүүхэд маань гадаад явна гээд тэтгэврийн зээл 2017 оны 07 дугаар сар хүртэл авсан. Надад ямар ч мөнгө байхгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Миний зүүн талын гар, цээжин бие хавдартай, хөндүүрлэж өвдөнө. Ханиалгахаар маш их өвдөнө.Толгой таллаж, маш их өвдөнө. Нойр, хоолондоо муу байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Д.Бямбасүрэн надад хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон юм. Орхон аймгийн Бүсийн эмчилгээ оношлогооны төвийн Мэдрэлийн эмч “ ... яаралтай эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэ. Компьютер томографид харуул “ гэсэн боловч надад мөнгө байхгүй тул шинжилгээ, эмчилгээ хийлгэж чадахгүй зовж явна. Г.Лутбаатараас эмчилгээний зардалд 650 000 /3ургаан зуун тавин мянган/ төгрөгийг ИХ-ийн 497, 505-р зүйлд заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Үүнд:1.Компьютер томографид харуулах төлбөр 150 000 төгрөг, 2.Эм, эмчилгээний төлбөр картанд бичсэнээр 150 000 төгрөг, 3.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөр 350 000 төгрөг нийт 650 000 төгрөг гаргуулж, Д.Бямбасүрэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ханд овогтой Алтанцэцэг би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гарч таксинд суугаад  явж байтал Буган орд ХХК-ний жолооч Г.Лутбаатар нь таксины хажуу талаас мөргөж би тархи толгойдоо гэмтэл авсан ба улмаар зүүн нүдний дээд зовхиндоо зүсэгдэж 5 ширхэг оёдол тавиулсан. Г.Лутбаатар нь төлбөрийг өгнө гээд худал үнэн ярьж явсаар өдийг хүрч байна. Одоо болохоор шүүх цагдаагаар явж олж аваарай гэж хэлээд утсаа авахаа больсон. /Мөнгө төлсөн баримт эмнэлэгт  үзүүлсэн бичиг баримтуудыг хавсаргав./ Миний нүүрний гоо сайхныг алдагдуулсан тул 1 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн эмчилгээний зардалд 500 000 төгрөг зарцуулсан болно. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ба тархины эмрай зураг авахуулах шаардлагатай гэж эмч зөвлөсөн. Иймд Г.Лутбаатараас 1 500 000 төгрөгийг гаргуулж өгч туслана уу гэв.

 

Хариуцагч Г.Лутбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Лутбаатар холбогдох нэхэмжлэлийн шаардалагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байгаа ба шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед болсон зам тээврийн осол нь миний буруугаас болоогүй гэж бодож байна. Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь эмчилгээний зардал гэж 650 000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар томографикийн зургаа авахуулаагүй, эмчилгээ юунд хийсэн нь тодорхойгүй, аль эмнэлэгт хэдэн төгрөгөөр хэвтэж эмчлүүлсэн талаар нотлох баримт хангалттай гаргаж өгөөгүй  байна. Тухайн үед Их залуугийн засмал замаар шугамын цагаан автобусаар чиглэлд явж байхад ОРХ 48-57 маркийн ниссан сани саарал өнгийн тээврийн хэрэгслийн явж байсан сөрөг урсгалд орж мөргөөгүй, харин би автобусаараа урд явсан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлээд эгнээндээ орчихсон байхад сөрөг урсгалд явж байсан ниссан сани маркийн тээврийн хэрэгсэл миний эгнээнд орж ирж мөргөсөн байдаг. Тухайн үед би буруугүй гэж бодож байсан болохоор энэ хүнд хохирол барагдуулах шаардлагагүй гэж бодсон. Гэтэл замын цагдаагаас байцаагч ирж үзлэг хийгээд намайг буруутгаагүй мөртлөө хэзээ хойно миний буруу байсан гэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Лутбаатар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Лутбаатар миний бие Х.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би автобусны буудлаас хөдлөөд 10 метр орчмын цаана зогсож байсан тээврийн хэрэгслийг тойрч эгнээндээ ороод зогссоны дараа 48-57 ОРХ улсын дугаартай ниссан сани маркийн автомашин  эсрэг урсгалд орж эгнээндээ зогссон автобусыг ирж мөргөсөн. Мөн намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед дээрх осол болсон тул нэхэмжлэгч энэ ослоос үүдэлтэй хохирлоо Буган Орд ХХК-иас нэхэмжлэх үндэстэй юм гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, Х.Алтанцэцэг нар нь хариуцагч Г.Лутбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 650 000 төгрөг, 1 500 000 төгрөгийг  тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

            Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хабитат Их залуугийн засмал зам дээр таксинд сууж явж байхад Буган-Орд ХХК-н жолооч Г.Лутбаатар автобустай ирж мөргөсний улмаас нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд хохирол учирсан. Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн эмчилгээ хийлгэх мөнгөгүйн улмаас зайлшгүй хийгдэх эмчилгээ үйлчилгээний төлбөрт нийт 650 000 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч  Х.Алтанцэцэг эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ үйлчилгээ авсны төлбөрт 500 000 төгрөг, гоо сайхан алдагдуулсны төлбөрт 1 000 000 төгрөг нийт 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

            Хариуцагч Г.Лутбаатар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний буруутай үйлдэлээс уг осол болоогүй, намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад дээрхи осол болсон тул хохиролыг Буган-Орд ХХК хариуцах үндэстэй гэж тайлбарлаж байна.

 

            2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Буган-Орд ХХК-д жолооч ажилтай Г.Лутбаатар нь 56-46 ОРХ улсын дугаартай дэйвоо маркийн автобусны зориулалт бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ такси үйлчилгээнд явж байсан ниссан маркын суудлын автомашин мөргөснөөс машин дотор сууж явсан зорчигч Д.Бямбасүрэн, Х.Алтанцэцэг нарын биед гэмтэл учирсан байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

            Хариуцагч Г.Лутбаатар уг ослын улмаас учирсан хохиролыг шууд хариуцах этгээд биш Буган-Орд ХХК-д жолооч ажилтай, ажил үүргээ гүйцэтгэж байхад уг осол гарсан тул Буган-Орд компани хариуцна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх тул хариуцагч Г.Лутбаатар түүний өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч Г.Лутбаатар нь Буган-Орд ХХК-д автобусны жолооч ажилтай болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Орхон аймгийн Авто тээврийн төвийн 56-46 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчих маршрут, нийтийн зорчигч тээврийн 6/46 дугаартай замын хуудас, 56-46 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Буган-Орд ХХК гэсэн 0237360 дугаартай 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийг зөв тодорхойлох, нэхэмжлэлийн   шаардлагын үндэслэлээ нотлох баримтанд тулгуурлан тодорхойлох, болсон үйл явдлын цаг хугацааг зөв тодорхойлох зэрэг нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг анхаарвал зохино.

 

            Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Бямбасүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн урьдчилан төлсөн улсын тэмдэгийн хураамж 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 31 250 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэв.

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                         

  1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорын хохиролд хариуцагч Г.Лутбаатараас 650 000 төгрөг гаргуулах тухай Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага, 1 500 000 төгрөг гаргуулах тухай Х.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 31 250 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж Х.Алтанцэцэгт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                             ШҮҮГЧИД                                Б.БЯМБАСҮРЭН

 

                                                                                                             Р.ҮҮРИЙНТУЯА