| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1076/Э |
| Дугаар | 1104 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1104
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Э.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Энхбаярын Энхзаяад холбогдох 1908044071375 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “KFC” Өргөө смарт салбарт кассчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтай 4-316 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Энхбаярын Энхзаяа /РД:УХ95062501/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Энхзаяа нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн Л.Болор-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Л.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний багын найз Энхзаяа нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкээр чатлаад намайг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Титэм” плаза 2 давхарт хүрээд ир хоол идэж байна гэсэн. Би 16 цагийн хоолны газар очоод хамт хоол идээд гарсан. Тэгээд замын эсрэг талын “Болор” караоке зочид буудлын өрөөнд орж Энхзаяа, Эрдэнэбаяр бид гурав 1 шил 0.75 грамм архи хувааж уусан. Энхзаяа, Эрдэнэбаяр хоёр согтоод хоорондоо маргалдахаар нь би маргалдуулахгүйн тулд Энхзаяаг Болор буудлын 304 тоот өрөөнөөс гаргаад бид хоёр хоёулаа караокед ороод пиво уусан. Тэгээд намайг ариун цэврийн өрөөнд орсон байхад Энхзаяа түрүүлээд өрөөндөө орсон байсан. Өрөөнд нь би куртикээ үлдээсэн байсан болохоор хаалгыг нь тогшсон ба тайлж өгөхгүй болохоор нь өшиглөсөн, ресепшн ирээд та яагаад байгаа юм бэ гэхээр би куртикээ авах гээд байна гэсэн. Өрөө нь онгойхоор би Заяад уурлаад яагаад хаалга тайлж өгөөгүй юм бэ гэхэд намайг түлхсэн, би уурлаад зөрүүлээд түлхтэл, намайг нүүрэн тус газар цохисон, би зөрүүлээд цохисон, намайг үстсэн, би бас зөрүүлээд үстсэн, нэг гараараа үстээд, нөгөө гараараа нүүр маажсан. Би маажаад байхаар нүүр рүү дарахад миний баруун гарыг хазсан. Тавиач ээ миний нүүрийг битгий маажаад бай гэхэд Заяа намайг орноос унагаагаад миний дээр суусан. Миний үснээс зулгаагаад татаад үс халцалаад байсан. Тэгсэн ресепшн ороод ирэхэд чиний буруу гээд салгахгүй байсан. Би 3 сартай жирэмсэн гэж хэлэхэд хүртэл салгахгүй байсан. Заяа намайг элдвээр доромжилсон, би бас доромжилсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
2. Гэрч Э.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхзаяа бид хоёр 2018 оны 11 дүгээр сараас эхэлж тусдаа амьдарч байна. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Энхзаяа бид 2 хамт хоол идье гээд Болор-Эрдэнийг дуудаж Цамбагаравын хоолны газар хоол идээд буцаад буудалдаа ороод ойрд уулзаагүй гээд 0.75 граммын архи гурвуулаа хувааж уусан. Би өрөөндөө унтаад үлдсэн Энхзаяа, Болор-Эрдэнэ хоёр караоке орно гээд өрөөнөөс гарсан. Энхзаяа түрүүлж орж ирээд буудалд сууж байхад араас нь Болор-Эрдэнэ зөөгчтэй орж ирээд мөнгө дутуу төлсөн гээд маргаан эхэлсэн. Энхзаяа үлдэгдэл мөнгийг өгтөл Болор-Эрдэнэ чи муу хэзээ ийм болсон юм бэ?, баярхаад байна уу? гээд орон дээр сууж байхад нь үстээд дараад авсан. Энхзаяа зөрүүлээд Болор-Эрдэнийг үстээд авахаар нь би салгасан. Нөгөө зөөгч нь мөнгөө нэхээд байсан. Энхзаяа би мөнгөө өгсөн одоо энэ хүнээс ав гэтэл дахиад үстэлцээд эхэлсэн. Тэгэхэд бие биенийгээ харилцан алгадалцаад, маажилцсан, тэгэхээр нь би салгачихаад дургүй хүрээд хаяад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10336: “...Л.Болор-Эрдэнийн биед дух, хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн чихний ар хэсэг, баруун хацар, чамархайд цус хуралт, шалбаралт, үс зулгарч унасан зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 22х/,
4. Хохирогч Л.Болор-Эрдэний эмчилгээнд зарцуулсан гэх 75100 төгрөгийн баримтууд /хх-ийн 26х/,
5. Шүүгдэгч Э.Энхзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 45х/, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 46х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 47х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-49х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/,
6. Шүүгдэгч Э.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Болор-Эрдэнэ гэх эмэгтэйтэй багийн найзууд найзлаад бараг 20 жил болж байна. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Болор-Эрдэнэтэй фэйсбүүкээр холбогдоод хоёулаа уулзъя гэсэн юм. Тэгээд нөхөр Эрдэнэбаяр, Болор-Эрдэнэ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Титэм” плазад хоол идээд бид гурав 0.75 граммын архи хувааж уусан. Хоолны газраас гараад Болор караокед ороод манай нөхөр унтахаар өрөө рүүгээ орсон. Болор-Эрдэнэ бид хоёр гурав, гурав шил пиво уусан. ... зөөгч энэ эгч чинь мөнгө байхгүй гээд байна гэхээр нь би үлдэгдэл мөнгийг нь шилжүүлтэл Болор-Эрдэнэ гэнэт над руу орилоод чи яасан том болсон юм бэ? гээд үстэхээр нь би зөрүүлээд үстсэн. Хажууд байсан зөөгч охин, хамгаалагч нар салгасан. Болор-Эрдэнэ босож ирээд намайг үстээд хоолой багалзуурдсан, би биеэ хамгаалаад үстээд түлхээд, өөрөөсөө холдуулаад нүүрийг нь маажсан. Тэгээд Болор-Эрдэнэ бид 2 хоёулаа зууралцаад унасан. Би тайвшруулах гээд гар хөлийг нь бариад зэрэгцээд хэвтэж байхад цагдаа орж ирээд салгасан ба Болор-Эрдэнэ тайвшрахгүй орилоод байсан. Болор-Эрдэнэ бид 2 харилцан зодолдсон, өөр хүн оролцоогүй, түүний биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Энхзаяа нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” зочид буудлын 304 тоотод иргэн Л.Болор-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Болор-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч Э.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 16х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10438 дугаартай дүгнэлт /хх-ийн 22х/, шүүгдэгч Э.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 39-40х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Энхзаяа нь хохирогч Л.Болор-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Э.Энхзаяагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Болор-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд эмчилгээнд 81960 төгрөгийг зарцуулсан гэж холбогдох баримтыг гаргаж өгсөн хэдий ч тэрбээр “шүүгдэгч Э.Энхзаяагаас 80.000 төгрөг хүлээн авсан, цаашид гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхзаяад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Энхзаяагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байдал, шүүгдэгч Э.Энхзаяа нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулж, улмаар түүний цалин хөлс, орлогын байдал болон бага насны хүүхдүүдээ тэжээдэг зэрэг байдлыг үндэслэн оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.Энхзаяа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Энхзаяагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Энхбаярын Энхзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхзаяаг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхзаяад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Энхзаяа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Энхзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энхзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ