| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2026/00825/И |
| Дугаар | 210/МА2026/01255 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/01255
*******-ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05018 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн хүсэлттэй,
*******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга:
******* нь *******-ийн захирал БНХАУ-ын иргэн *******-тай харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Бичигтийн боомтын гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Зүүн хатавчийн боомт хүртэл нийт 6,181.25 тн нүүрсийг тээвэрлэсэн ч төлбөр 265,049.25 юанийн төлбөр төлөгдөөгүй.
Улмаар *******-д холбогдуулан 265,049.25 юань буюу 125,657,199 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тухайн хаягтаа оршин суудаггүй, төлөөлөх эрх бүхий этгээд Монгол улсын хилээр гарсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32024/26640 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал *******-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 26640 дугаар захирамжаар ********-ийн нэхэмжлэлтэй, *******-аас 77,021,884 төгрөгийг гаргуулахаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэгдэж байсан бөгөөд мөн шүүхэд *******-ийн нэхэмжлэлтэй, ********-иас 69,285,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байсан.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн *******-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байхад БНХАУ-ын иргэнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн пүүний баримтууд нь талуудын харилцан тохиролцооны дагуу хийгдсэн ажил буюу *******-ийн гаалийн хяналтын талбайгаас *******-ийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээвэрлэн ачиж буулгасныг нотлох баримт юм. Тус пүүний баримтуудад илгээгч нь *******, харин тээвэрлэгч гэх бичвэр хэсэгт ******** гэж тэмдэглэгдсэн нь гаалийн хяналтын талбайд нүүрсийг буулгасан, талбайгаас ачсан тухай нотлох баримтаар нотлогддог.
******* болон ******* нарын гаалийн хяналтын талбайгаас гэрээ болон харилцан тохиролцооны дагуу хүрэн нүүрсийг ********-ийн тээврийн хэрэгслүүдээр ачиж, буулгасан тухай цаг, минут болон тээврийн хэрэгслийн улсын дугаар, гаалийн хяналтын талбайгаас гарсан болон орсон огноо, чингэлгийн дугаар зэрэг баримтууд учир уг пүүний баримтуудад талууд гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагагүй, харин тухайн гаалийн хяналтын талбайн ажилтан пүүлэгч нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.
Гэтэл анхан шатны шүүх *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэхдээ хэрэгт байгаа баримтыг нягтлаагүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлтэд БНХАУ-ын иргэн *******-ийн нэрийг дурдсан нь түүнийг хувь хүний хувьд эрэн сурвалжлуулах зорилготой бус, харин хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохын хувьд тухайн хуулийн этгээдийн байршил, үйл ажиллагаа болон төлөөллийг тогтооход чиглэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийн агуулга, зорилгыг зөв тодорхойлолгүйгээр зөвхөн *******-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг үүгээр залруулав.
2.1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох ёстой этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа тухайн этгээдийн хариуцагчаар оролцох үндэслэлийг баримтаар нотлох үүрэггүй бөгөөд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх үүднээс ийнхүү хандах болсон зорилго, үндэслэлээ илэрхийлсэн байхад хангалттай.
Харин уг хүсэлт нь үндэслэлтэй эсэхийг үнэлж, холбогдох эрх зүйн дүгнэлтийг өгөх нь шүүхийн үүрэг болно.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/26640 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй *******-нд холбогдох 77,021,884 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Уг захирамж нь нэхэмжлэгч болон *******-ийн хооронд иргэний эрх зүйн маргаан үүссэн, тухайн хуулийн этгээдийг ирээдүйд хариуцагчаар оролцуулах шаардлага байгааг нотлох баримт болж байх тул холбогдох гомдлыг хангав.
2.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/26640 дугаар захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо *******-ийг нэхэмжлэлд заасан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 724 дүгээр байр, 31 тоот хаягаар албадан ирүүлэх ажиллагааг явуулахад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд БНХАУ-ын иргэн ******* Монгол улсын хилээр гарсан гэж дүгнэсэн.
Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд заасан Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 107 дугаар байр, 6 тоот хаяг руу 2026 онд шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хорооны засаг даргаас бүртгэлгүй гэх хариуг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогджээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт нийцэж байна.
3. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* /РД:8326797, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд БНХАУ-ын иргэн *******/-ийг эрэн сурвалжилсугай. гэж өөрчлөн найруулж,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *******-ийн оршин байгаа газар, хаягийг тогтоож нэхэмжлэгчид мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. гэх заалт нэмж,
2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.БАДРАХ