Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1457

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05068 1932 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Ц, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Айдостой маргалдан, түүний нүүр тус газар гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 05-06/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Айдосын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-10/, хохирогчийн хүсэлт /хх-н 11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10276 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Отгонбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Цын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 40-41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 22-28/, хохирлын баримтууд /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 20-21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Айдостой маргалдан, түүний нүүр тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Д.Цыг 2019 оны 08 дугаар сарын 22-нөөс 23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд иргэн Д.Айдосын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Айдосын хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 00:00 цагийн үед найз Жавхаа болон түүний эхнэр Заяагийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банана” бааранд орсон. Бааранд ороод 0.5 литрийн 2 шил пиво, 0.5 литрийн Хар Чингис нэртэй архи хувааж уусан. Намайг зодсон залуу миний он жав  Отгонбаяртай нэг ширээнд сууж байсан. Би хамт явж байсан 2 найзын хамт баарнаас гараад баарны үүдэнд намайг зодсон залуутай юм ярьж байгаад муудалцаад тэр залуу миний эрүү рүү гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг санахгүй байна. Миний эрүү хугарсан би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Цагаан футболктой залуу байсан. Гаднах төрхийг нь санахгүй байна. Би согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас ямар шалтгааны улмаас миний биед гэмтэл учруулах болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Отгонбаярын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Банана” бааранд өөрийн найз Айдос болон түүний найз гэх залуу түүний эхнэр нарын хамт үйлчлүүлж байсан. Биднийг бааранд үйлчлүүлж байхад манай ширээнд сууж байсан залуучуудын нэг болох өөрийгөө Цэкү гэж танилцуулсан залуутай танилцсан. Бид баараар үйлчлүүлж байхад Айдос согтсон байсан бөгөөд бид хамт баарнаас тамхи татахаар гарсан юм. Баарны гадаа Цэкү гэх залуу Айдосын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Айдос газарт унасан бөгөөд би татагдаад дээрээс нь унаад эргэж босоод Айдосыг босгохоор татсан. Энэ үед баарны хамгаалагч гэх хүн гарч ирээд салгасан. Цэкү гэх залуу ахин Айдосын биед гар хүрээгүй. Би Айдосыг босгоод шатан дээр суулгасан. Бид нар гадаа байж байгаад эргэж бааранд ороход Айдос нь дуугахгүй суугаад байсан бөгөөд удалгүй бид баарнаас гарсан. Бид нар Айдосын найз болох залуугийн гэрт очиж байгаад би тэндээс яваад Айдос тэр найзынхаа гэрт үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Цын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банана” бааранд 00:00 цагийн орчим найз Ариундэлгэр, Отгонбаяр нарын хамт ороод үйлчлүүлж байсан. Бааранд байж байхад Отгонбаяр нь манай цэргийн найз байна гээд ширээ рүү нь явсан. Би бие засаад буцаад явж байхад Отгонбаяр намайг дуудаж манай найзуудтай танилц гээд ширээнд дуудсан. Очиход хоёр залуу нэг эмэгтэй байсан бөгөөд цэргийн найз нь гэж байсан. Би ширээнд сууж танилцаад босоод явсан. Би пиво ууж байсан. Би гадаа тамхи татахаар гарахад Отгонбаяр хамт тамхи татахаар гарсан бөгөөд гадаа гараад байж байхад Отгонбаярын найз гэх залуу намайг цохиж нудраад чи миний найзыг юу гээд байгаа юм гэж байсан. Би Отгонбаярын хамт шатнаас буугаад хоорондоо юм яриад зогсож байхад Айдос гэх залуу миний хажуу талаас ирээд шууд мөргөсөн. Би хариу нэг удаа цохиход тэр залуу газарт унасан. Отгонбаяр намайг болиулаад найзыгаа татаж босгоод шатан дээр суулгасан. Би баар руу буцаж ороод нэг шил пиво уугаад байж байгаад харихаар явсан.” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ы өдрийн 10276 дугаар:

1. Д.Айдосын биед эрүү ясны далд хугарал, баруун хацар духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Эрүү ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, баруун хацар, духанд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 13/,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

Хохирогчид баримтаар тогтоогдсон нийт 1.208.728 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Д.Ц нь 1.200.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгч, хохирогч цаашид нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй, хохиролгүй /хх-н 11/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.