| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 102/2017/00264/и |
| Дугаар | 001/ХТ2018/00264 |
| Огноо | 2018-02-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/00264
С.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01706 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2222 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: С.Г
Хариуцагч: “Б” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ТӨААТҮГ/-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ТӨААТҮГ-ын захирал 2017-03-30-ны өдөр Б/188 тоот тушаалаар намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн ажил үүргээ хангалттай сайн түвшинд хийж байсан бөгөөд ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2017-04-01-ний өдрөөс 2017-07- 31-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулалт цалинг нэхэмжилж байна. Би сард 1.956.668 төгрөгийн цалинтай /үндсэн цалин 1.162.282 төгрөг, удаан жил ажилласны нэмэгдэл 139.474 төгрөг, үр дүнгийн цалин 464.912 төгрөг, хоолны мөнгө 190.000 төгрөг/, гар дээрээ 1.573.980 төгрөг авдаг.Үүнийг ажилгүй байсан 4 сараар тооцож 6.295.920 төгрөг шаардаж байна. Түүнчлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: С.Г ноцтой зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-р ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3, дотоод журмын 3.3.6.12-д “нисэх буудлын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан, тухайн нэгжийн даргыг ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал үзвэл” ноцтой зөрчилд тооцно...” гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн бол” ноцтой зөрчилд тооцно заасан. С.Гын шууд удирдлагад байдаг аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд 2016 оны 1 дүгээр сараас 2017-05-19-ний өдөр хүртэл нийт 35 удаа алдаа дутагдал гаргаж, 45 хүн сахилгын шийтгэл авсан байдаг. Уг сахилгын шийтгэлд ажлаас чөлөөлсөн ажилтнуудын тоо ороогүй. С.Г нь шаардлагын хэмжээнд удирдан зохион байгуулах арга хэмжээ авч чадаагүй тул “... албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж, удирдлагаар хангаж чадаагүй, удирдах албан тушаалтны хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй...” гэж захирал үзэж ажлаас нь чөлөөлсөн. Мөн С.Гад тус албанд ажлын байр санал болгосон ч зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01706 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Гыг “Ч” ТӨААТҮГ-ын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 7.661.760 төгрөг гаргуулан С.Гад олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 137.538 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2222 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “Ч” бол улсын онцгой объект. Өглөө онгоцонд үзлэг, шалгалт хийхэд пост дээр 22 хүн байлцах шаардлагатай болдог. Гэтэл аюулгүй байдал, хамгаалалтын албаныхан ажилдаа цагтаа ирдэггүй, ээлжээ дураараа даргадаа хэлэлгүй сольдог, дур мэдэн ажлын байраа орхиод явчихдаг байсан. Төрийн захиргааны байгууллага албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэн хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрхтэй. Ийнхүү Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд алдаа дутагдал гаргаж, нэхэмжлэгчийн шууд удирдлагад байдаг 45 хүн сахилгын шийтгэл хүлээсэн нь С.Г ажлаа шаардлагын түвшинд зохион байгуулж чадаагүйтэй холбоотой. С.Гад албаны үйл ажиллагаа сайжруулах үүрэг даалгаврыг удирдах албан тушаалтны зүгээс удаа дараа өгсөн боловч сайжраагүй. Иймд төрийн захиргааны байгууллага албан хаагчийн үр дүнг үнэлэн, хариуцлага хүлээлгэн С.Гыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм. “ноцтой зөрчил” гэдгийг уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно. Талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг хөдөлмөрийн гэрээгээрээ харилцан тохиролцсон. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний 4.2.3л “Нисэх буудлын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан тухайн нэгжийн даргыг ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байна гэж “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын захирал үзвэл”, 4.2.3ү “Удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн бол” ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь нэр бүхий 45 ажилтан 35 удаа сахилгын шийтгэл хүлээсэн баримтаар нотлогддог. Нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албан даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод дурдсанаар С.Гын ажлын байрны зорилго нь “Нисэхийн аюулгүй байдлыг хангахад албаны үйл ажиллагааг нэгтгэн удирдах, бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах”-д байдаг. Нэхэмжлэгчийн албан тушаалын зорилго биелэгдэхгүй, ажилтнууд сахилгын зөрчил гаргасан нь албаны даргын үүргээ биелүүлээгүй, албан хаагчиддаа шаардлага тавьдаггүй нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон байгаа. Гэтэл шүүх ажилтнууд сахилгын зөрчил гаргасан нь албаны даргын үүргээ биелүүлээгүйгээс болсон гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнуудыг удирдан зохион байгуулах арга хэмжээ авч, албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахгүй юм бол Аюулгүй байдал, хамгаалалтын албан дарга гэх албан тушаал байх хэрэгцээ шаардлагагүй юм. С.Гад олон жил ажилласан учир ажлын байр санал болгосон ч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Г 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Буянт-ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэмцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгахыг шаарджээ. /хх1/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх15/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б/188 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3 “л”, 4.2.3 “ү” заалтыг баримтлан “...албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж, удирдлагаар хангаж чадаагүй, удирдах албан тушаалтны хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан...” гэж С.Гыг Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын ажлаас чөлөөлсөн байна.
Ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргавал ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй юм.
Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 13/01 хөдөлмөрийн гэрээний 4.2.3“л”-д “... Нисэх буудлын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан тухайн нэгжийн даргыг ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй гэж “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын захирал үзвэл...”, 4.2.3“ү”-д “... Удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн...” бол ноцтой зөрчилд тооцох талаар талууд тохиролцсон байх бөгөөд уг заалтыг ажил олгогч үндэслэн С.Гыг ажлаас нь халжээ.
а/. С.Гын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан аюулгүй байдал хамгаалалтын албаны үйл ажиллагаа ямар байдлаар доголдсон, мөн нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн ямар зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй тул хөдөлмөрийн гэрээний 4.2.3 “л”-р сахилгын шийтгэл ногдуулсныг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн, 4.2.3“л”-р “...ажилтан ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй гэж захирал...” үзэхдээ бичгээр эсхүл амаар шийдвэр гаргах эсэх нь тодорхой бус байх тул хариуцагчийн татгалзал нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байна.
Хөдөлмөрийн гэрээний 4.2.3“л”-д заасан нөхцөл бий болсон буюу “...ажилтан ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй гэж захирал үзсэн...” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үр дагаврыг үүсгэхээр байна. Гэвч энэ тухай баримт хэрэгт байхгүй тул ажил олгогчийн 2017 оны б/188 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ
б/. Удирдах албан тушаалтнаас өгсөн ямар даалгаврыг С.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн нь тодорхой бус, тушаалын энэ үндэслэлийг хариуцагч нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
2. 2016-01-07-ны өдрийн б/14, 2016-02-23-ны өдрийн б/55, 2016-02-25-ны өдрийн б/57., 2016-03-15-ны өдрийн б/79., 2016-04-06-ны өдрийн б/122, 2016-05-15-ны өдрийн б/215., 2016-06-20-ны өдрийн б/217, 2016-06-22-ны өдрийн б/219, 2016-06-23-ны өдрийн б/221, 2016-07-01-ний өдрийн б/234, 2016-07-05-ны өдрийн б/236, 2016-08-09-ны өдрийн б/287,б/288, 2016-08-24-ний өдрийн б/308, 2016-09-26-ны өдрийн б/347, б/348, б/349, б/352., б/358, 2016-09-30-ны өдрийн б/366, б/367, б/368, б/369., 2016-10-13-ны өдрийн б/391, 2016-10-17-ны өдрийн б/398, б/397, 2016-10-20-ны өдрийн б/403, б/400, б/399., 2016-11-28-ны өдрийн б/459., 2016-11-28-ны өдрийн б/461, 2016-12-15-ны өдрийн б/497, 2016-12-22-ны өдрийн б/508, б/503., 2017-01-05-ны өдрийн б/08, 2017-01-18-б/48., 2017-01-30-ны өдрийн б/37, 2017-02-17-ны өдрийн б/103., 2017-02-21-ний өдрийн б/110., 2017-03-03-ны өдрийн б/121, 2017-03-06-ны өдрийн б/129, б/130, б/133., 2017-03-07-ны өдрийн б/139, 2017-03-22-ны өдрийн б/172, 2017-03-23-ны өдрийн Б/175 нийт 45 тушаал хэрэгт авагдсан /хх 31-65, 67-78/ байх бөгөөд эдгээрийг хариуцагч тайлбарынхаа үндэслэл болгосон хэдий ч энэ нь нэхэмжлэлийг үгүйсгэж чадахгүй байна.
а/. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... С.Гын шууд удирдлагад байдаг 45 хүн сахилгын шийтгэл хүлээсэн нь нэхэмжлэгч ажлаа шаардлагын түвшинд зохион байгуулж чадаагүйтэй холбоотой...” гэх боловч 45-с 38 тушаал нь 2017-02-30-ны өдрөөс өмнөх өдрийн тушаалууд байна. С.Гын удирдлагад байдаг ажилчид сахилгын зөрчил гаргасан нөхцөл байдлыг хариуцагч илрүүлсэн, энэ нь нэхэмжлэгчийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэж ажил олгогч үзсэн тохиолдолд тухайн ажилтанд арга хэмжээ авснаас хойш нэг сарын дотор С.Гад сахилгын шийтгэл ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцэх юм. Иймд 2017-02-30-ны өдрөөс өмнө сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-г зөрчинө.
б/. Хариуцагч нь 2017 оны б/121, б/129, б/130, б/133, б/139, б/172, б/175 дугаар тушаалаар Л.Болд-Эрдэнэ, А.Батболд, Д.Шинэбаяр, Ц.Ангар, Э.Бадрал, Б.Бадрал, Г.Хан-Алтай нарт сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч энэ нь тухайн ажилтны хувийн байдалтай холбоотой зөрчил байх тул “...С.Гын удирдлагад ажилдаг ажилтан арга хэмжээ авагдсан нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй...” тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр шатны шүүх С.Гын нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01706 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2222 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 137.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ