Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00017

 

Н.Пүрэвдоржид  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0112/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга:  Х.Золжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Н.Пүрэвдоржид  холбогдох 201622000589 дугаартай эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 06  дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хөх шүүлэнгэ овогт  Нарантуяагийн Пүрэвдорж, 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  урьд 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн,  хэрэг хариуцах чадвартай /регистрийн дугаар РМ 80041719/.

Н.Пүрэвдорж нь ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багт оршин суух Ч.Бат-Отгоны сууцны байшинд нэвтэрч эмэгтэй хүний савхин дээл, мөнгөн аяга, хивсэн гөлөм, том бууны дуран, 10 килограмм аньс жимс зэрэг эд зүйлийг хулгайлан авч 365,000 /гурван зуун жаран тав/ мянган төгрөгийн, мөн өдөр давтан үйлдлээр Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Ж.Уранчимэгийн сууцны байшингийн салхивчаар нэвтрэн 4 хос эмэгтэй хүний гутал, эрэгтэй хүний булган малгай, цүнх, эмэгтэй хүний цамц, 3 килограмм үхрийн мах, 3 килограмм ааруул, ургамлын тос, улаалзгана жимс, мэхээр зэрэг эд зүйлийг хулгайлан авч 214,800 төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын 21-23-ны хооронд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух Г.Одсүрэнгийн сууцны байшингийн салхивчаар нэвтрэн дээл, цамц, өмд, өвлийн куртик, 10кг ааруул, соёрхол нэртэй архи 3 шил, гар жин /морин кило/ зэрэг эд зүйлийг хулгайлан авч 355,000 / гурван зуун тавин тав/ мянган төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвийн 2-23 тоотод оршин суух З.Батцогтын сууцны байшингийн салхивчаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 630,000 /зургаан зуун гуч мянган / төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд байрлах С.Мөнхөөгийн эзэмшлийн Ану нэртэй зоогийн газарт нэвтэрч виски, болор нэртэй архи 2 ширхэг, соёрхол нэртэй архи 1 ширхэг, нөөтбүүк зэрэг эд зүйлийг хулгайлан авч 576,000 / таван зуун далан зургаа мянган / төгрөгийн, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сансарын 89 тоотод оршин суух Б.Байгальцэцэгийн сууцны байшингийн цонхоор нэвтэрч эмэгтэй хүний нэхий дээл, эрэгтэй хүний өвлийн куртик, гар утас, хар өнгийн гар утасны гэр, хөх цагаан өнгийн майк, хөх өнгийн малгай, саарал өнгийн годон гутал, үүргэвчтэй хар өнгийн цүнх, түрийвчтэй бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч 1,322,360 /нэг сая гурван зуун хорих хоёр мянга гурван зуун жар/ төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21-22 цагийн орчимд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зая гэгээний Гүцог дацан хийдийн гэрээс бурхан багшийн дүр бүхий гуулин бурхан, гуулин суварга, хонх, малгай, лүүжин тавихад хэрэглэдэг шашны эд зүйл зэргийг хулгайлан авч 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хөхшүүлэнгэ овогт Нарантуяагийн Пүрэвдоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдоржоос эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Н.Пүрэвдоржид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдоржоос хохирогч Н.Гансүхэд 1,230,000 төгрөг, хохирогч Ч.Бат-Отгонд 165,000 төгрөг, хохирогч Ж.Уранчимэгт 210,000 төгрөг, хохирогч З.Батцогтод 410,000 төгрөг, хохирогч С.Мөнхөөд 250,000 төгрөг тус тус гаргуулж  олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ялтан Н.Пүрэвдоржийн цагдан хоригдсон 165 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн 201622000589 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч Г.Одсүрэн, Ч.Байгальцэцэг нарт хохирол төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пүрэвдоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Пүрэвдорж давж заалдах гомдолдоо: “...миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгч туслана уу.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Н.Пүрэвдорж нь ялтай байхдаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд  4,693,160 /дөрвөн сая зургаан зуун ерэн гурван мянга нэг зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хохирогч Н.Гансүх /хх-ийн 34-35-р тал/,  Ч.Бат-Отгон /хх-ийн 27-р тал/, Ж.Уранчимэг /хх-ийн 62-р тал/, Г.Одсүрэн /хх-ийн 77-78-р тал/, З.Батцогт /хх-ийн 84-р тал/, С.Мөнхөө /хх-ийн 92-р тал/, Б.Байгальцэцэг /хх-ийн-14-р тал/ нарын мэдүүлэг, гэрч А.Хишигням, Б.Даваацэрэн, А.Энхбаяр, Ч.Юндэнбат, О.Мөнхбаатар нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан,  хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Н.Пүрэвдоржид  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоожээ. 

Н.Пүрэвдорж нь бусдын эд хөрөнгийг олон удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 4,693,160 төгрөгийн хохирол учруулсан байх ба шүүх түүнд өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ялын хэмжээний дотор  ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Н.Пүрэвдорж нь бусдын эд хөрөнгө хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн боловч засарч хүмүүжээгүйн дээр гэмт хэрэг давтан үйлдсэн байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна. Иймд ялтны “...миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгч туслана уу” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Н.Пүрэвдоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21-22 цагийн орчимд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зая гэгээний Гүцог дацан хийдийн гэрээс бурхан багшийн дүр бүхий гуулин бурхан, гуулин суврага, хонх, малгай, лүүжин тавихад хэрэглэдэг шашны эд зүйл зэргийг хулгайлан авч 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан” үйлдлийг  заасан боловч тодорхойлох хэсэгт тусгаагүй орхигдуулж, харин эд хөрөнгөө  алдсан хохирогч Н.Гансүхийн  мэдүүлгийг тусгажээ. Шүүх Н.Гансүхэд хохирол учруулсан үйлдлийг шүүх хуралдаанаар хэлэлцээд  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй орхисон байх тул шийтгэх тогтоолд нэмэлт  оруулах журмаар залруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1.Ялтан Н.Пүрэвдоржийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны  өдрийн 118  дугаар  шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь:” хэсэгт дараах нэмэлт оруулсугай. Үүнд:

а/ “гэм буруутай болох нь:” гэсний өмнө “2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21-22 цагийн орчимд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зая гэгээний Гүцог дацан хийдийн гэрээс бурхан багшийн дүр бүхий гуулин бурхан, гуулин суврага, хонх, малгай, лүүжин тавихад хэрэглэдэг шашны эд зүйл зэргийг хулгайлан авч 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан” гэж нэмсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

         ШҮҮГЧИД                                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                           Б.СОСОРБАРАМ