Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0467

 

“ГтЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч улсын байцаагч Б.У, Ё.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор “ГтЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4, 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 211900003 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай “ГтЛ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ГтЛ” ХХК-ийн төлөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: “...Манай компани нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “ЭТТ” ХК, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Чалко” компанийн хооронд байгуулсан экспортын нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу “Чалко компанийн экспортлох зорилгоор худалдан авсан нүүрсийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Их Британийн Виржинийн арлуудын “Итэлл” компанитай тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээгээр Таван толгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд тээвэрлэж байсан. Монгол улсын нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар, ачааллаа дийлэхгүй болж, улмаар нүүрс ачсан машины урт цуваа үүсгэн эрсдэлтэй байдал бий болсон нь нийтэд илэрхий баримт бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 320 дугаар тогтоол гаргаж, нүүрсний зам дээр үүссэн урт дарааллыг зохицуулах зорилгоор тээврийг уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээс БНХАУ-ын Ганц мод боомт гэсэн чиглэлээр хийх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу манай компани “Итэлл” компанитай байгуулсан гэрээгээ шинэчлэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 05/18 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хавсралт А-гаар “Чиглэл-1: Ачилтын цэг-ЭТТ уурхай, буулгалтын цэг- Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай, Чиглэл-2: Ачилтын цэг-Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай, буулгалтын цэг- Хятад дахь Ганц мод боомтын буулгалтын талбай” гэж тохиролцож, үйлчилгээний хөлсөө шинэчлэн тохирсон байдаг. Ийнхүү Засгийн газрын 2017 оны 320 тоот тогтоолыг биелүүлэх үүднээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Эрдэнэс таван толгойн уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад дахь “Алтан говь” компанийн гаалийн хяналтын бүсэд буулгаж, улмаар уг талбай дээр буусан бүх нүүрс нь БНХАУ руу экспортод гарсан нийтэд илэрхий үйл явдал билээ.

... Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн эзэмшлийн газрын хил хязгаар нь Монгол Улсын гаалийн хил болох бөгөөд гаалийн хяналтын бүсийн хилийн доторх газар буюу талбай нь Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт хамаарахгүй, гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий дундын бүсийн нутаг дэвсгэр юм. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/44 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-ын 1.2-т “Гаалийн газар, хороо, салбар (цаашид “Гаалийн байгууллага” гэнэ)-ын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий хяналтын бүсийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаатайгаар тогтооно” ... гэж заасан байна . Эндээс үзэхэд Гаалийн хяналтын бүсэд зөвхөн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх буюу манай тохиолдолд БНХАУ руу экспортод гаргах зориулалт бүхий нүүрсийг л буулгасан. Гэтэл шүүх уг гаалийн хяналтын бүсэд буулгасан нүүрсийг экспортын бараа биш гэж үзээд, улмаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар /“0” хувиар/ албан татвар ногдуулна” гэсэн заалтад хамаарахгүй буюу “0” хувь хэрэглэхгүй гэж буруу дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Ийнхүү манай зүгээс тээвэрлэсэн нүүрсээ экспортын бүтээгдэхүүн гэж үзэж байгаа тул мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад ... гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэсэн зохицуулалт, мөн 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэсэн хоёр зохицуулалтаар уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай хүртэл хийсэн тээвэрлэлтийн үйлчилгээний орлого нь “0” хувьд хамаарна гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар нь “ГтЛ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог шалгаж, татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21190003 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар тус компанийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 120 064 807.8 төгрөгөөр хасаж баталгаажуулсан, хэргийн оролцогчид актаар ногдуулсан төлбөрийн үнийн дүн, тооцооллын асуудлаар тухайлан маргаагүй, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /0/-тай тэнцүү байх хуулийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэх эсэх асуудлаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “ГтЛ” ХХК нь Монгол Улсад оршин суугч бус хуулийн этгээд болох “Итэл” компани /Их Британи Умард Ирландын Вант улсад бүртгэлтэй/-тай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр “БНХАУ-ын “Чалко трейдинг Хонг конг” компанийн “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас худалдан авсан нүүрсийг “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын “Ганц мод” боомтын гаалийн хяналтын бүсэд” хүргэх тээврийн үйлчилгээг “Итэл” компанид үзүүлж, тээврийн үйлчилгээний хөлсийг “Итэл” компанийн Монгол Улс дахь төлөөлөгч “ТТСэТ” ХХК-иар дамжуулан авдаг болох нь тогтоогдсон.

Ийнхүү нэхэмжлэгч “ГтЛ” ХХК нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн экспортод гаргаж буй нүүрсийг тус компанийн уурхайгаас тээвэрлэн БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүсэд хүргэх тээврийн үйлчилгээг Монгол Улсад оршин суугч бус этгээд болох “Итэл” компанид үзүүлж, үйлчилгээний төлбөрийг авч буй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ ... доор дурдсан ... үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.3-д “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн ... үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан ... үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах ... үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.2-т “ ... Монгол Улсаас гадаад улсад, ... гаргасан ... ачаа тээврийн үйлчилгээ”, 12.1.4-д “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэж заасанд хамаарч байх тул нэхэмжлэгчээс албан татварын тэг хувийг хэрэглэж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлээ баталгаажуулахаар тайлагнасан нь зөв байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолоор “нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор нүүрс тээврийг Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр тус тус зохион байгуулахаар” шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч “ГтЛ” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас нүүрсийг тээвэрлэн Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хүргээд, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс дахин тээвэрлэж Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүсэд хүргэх болсон байна.

Үүнийг татварын улсын байцаагч нараас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан “...Монгол Улсын хилийн дотор салгаж тээвэрлэлт ... ” хийсэнд тооцно хэмээн маргаан бүхий актаар “ГтЛ” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг хасаж баталгаажуулсан нь дээрх хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүхээс “... Монгол Улсаас гадаад улсад гаргасан олон улсын ачаа тээврийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар ногдуулж байсныг тээвэрлэлтийн чиглэлд өөрчлөлт орж, уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын талбайд уртын тээвэрлэлт хийснийг мөн зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлт гэж үзээд 12.1.2 дахь нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь ногдуулах заалтыг хэрэглэхгүй, татварыг 10 хувиар тооцохоор байх тул төсвөөс буцаан авах татварыг бууруулж, 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр баталгаажуулсан акт үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу.

Учир нь Засгийн газрын дээрх тогтоолоор Таван толгойн нүүрсний ордоос Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүс хүртэл холбогдох гэрээний дагуу хийдэг байсан тээвэрлэлтийг Таван толгой нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомтоор “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүс хүртэл хийхээр зохион байгуулалт хийж, нүүрс тээвэрлэх чиглэлийг дотор нь хоёр салгасан байх бөгөөд нэхэмжлэгч компанийн тухайд, “Итэл” компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын “Ганц мод”-ны боомтын гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэх нүүрс тээврийн үйлчилгээгээ хэвээр үргэлжлүүлж байсан, Засгийн газрын 320 дугаар тогтоолын дагуу зөвхөн нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа нь хоёр хуваагдаж хийгдсэнээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тусдаа үйлчилгээг бий болгоогүй, дээрх гэрээний дагуу үзүүлж буй өөрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас тусдаа ажил, үйлчилгээ буюу татвар ногдох тээвэрлэлтийг салгаж үйлдээгүй, өөрөөр хэлбэл нэг үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа нь хоёр хуваагдсан болохоос Монгол Улсаас экспортод гаргаж буй ачаа тээврийн үйлчилгээнд буюу татвар ногдох зүйлд өөрчлөлт ороогүй байна.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.4-д заасан “ ... ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасан нөхцөл байдал үүсээгүй, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны боомтын гаалийн хяналтын бүс гэсэн 1 чиглэлд 1 бүхэл ачаа тээврийн үйлчилгээг “ГтЛ” ХХК нь дангаараа үзүүлсэн, Монгол Улсын хилийн дотор салгаж тээвэрлэлт хийгээгүй байхад анхан шатны шүүхээс “...Тээврийн үйлчилгээ үзүүлэх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 06/16 тоот гэрээгээр нүүрсийг уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд /уртын урт тээвэрлэлт/, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05/18 тоот гэрээгээр тээвэрлэлтийн чиглэл 1 нь уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын талбайд /уртын тээвэрлэлт/, чиглэл 2 нь Цагаан хадны Гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Ганц модны боомт /богинын тээвэрлэлт/ чиглэлд тээвэрлэлт хийсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “ГтЛ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 211900003 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120 064 807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ГтЛ” ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунжаргалын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГтЛ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН