| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/03650/И |
| Дугаар | 210/МА2026/00714 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00714
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10563 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******т тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 267,341,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Төмөр замын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь УТҮГ-ын захиалан бариулж буй тус байгууллагын ажилчдын орон сууцыг барьж байсан *******-тай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр *******,*******,,т 70.96 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар гэрээний төлбөрт 177,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яам болон УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээг ******* болон УТҮГ-ын хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Энэ нь орон сууц захиалгын гэрээ байгуулах үндэслэл болсон боловч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ, түүний хийж гүйцэтгэсэн ажил хууль зөрчсөн буюу холбогдох зөвшөөрөл авахгүйгээр хийгдсэн.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн ерөнхий архитектор 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгыг 9 давхар байхаар төлөвлөсөн байхад хариуцагч нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн барилгын ажлын гэрээгээр 10 давхар орон сууцны барилга гэрээнд тусгаж, улмаар явцын дунд 12 давхар болгохоор харилцан тохиролцсон. Энэ нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж хариуцагч УТҮГ нь уг гэрээний 2.2-т заасан ...барилга барих хүсэлт гаргах, архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулах, барилгын загвар зураг гаргах, батлуулах зэрэг Барилгын тухай хууль, нарийвчилсан журамд заасан захиалагчийн үүргийг биелүүлээгүй. Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т Захиалагч нь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх үүргээ зөрчсөн. Улмаар ******* нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа тухайн барилгыг 9 давхар байхаар төлөвлөгдсөн архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж 11 давхарт орон сууцны захиалга авч, батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн.
Түүнчлэн, ******* нь УТҮГ-тай байгуулсан ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д нэрсийн жагсаалтад багтсан ажилтны гэрээнээс татгалзах эрхийг холбогдох хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хязгаарлах, мөн жагсаалтад багтаагүй ажилтантай А талын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулах, харилцан тохиолцож орон сууц худалдан борлуулахыг хориглоно гэж тохиолцсон. Гэтэл уг заалтыг зөрчин маргаан бүхий орон сууцанд нэмэлтээр захиалга авч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, энэ талаар УТҮГ-аас зөвшөөрөл аваагүй гэж маргасан. Иймээс хариуцагч *******-тай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ нь хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
1.2. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргаж байна. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч *******-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр 177,400,000 төгрөгийг гэрээнд заасан журмын дагуу бүрэн төлсөн. Гэтэл барилгын захиалагч болох УТҮГ-аас *******-тай байгуулсан Зам, тээврийн хөгжлийн яам болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-г цуцалж, цаашид өөр гүйцэтгэгчээр барилгын ажлыг хийлгэхээр болсон. Уг гэрээ цуцлах хүртэл гүйцэтгэгч нь орон сууцны эхний 4 давхрын ажлыг гүйцэтгээд байсан бөгөөд ийнхүү гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн 177,400,000 төгрөгийг зарцуулсан.
УТҮГ-аас гэрээг цуцлан *******-ийн гүйцэтгэсэн 4 давхрын барилгын ажлыг цаашид өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр болж, *******-ийн гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь УТҮГ дангаараа өмчилж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын ажилд нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө бодитоор шингэн орсон бөгөөд баригдсан 4 давхрыг дангаараа авч байгаа тохиолдолд барилгад хөрөнгө оруулсан этгээдийн хөрөнгийг, хөрөнгийн салган өгөх боломжгүй тохиолдолд үнийн дүнг буцаан төлөх ёстой. Иймээс нэхэмжлэгчийн орон сууцны барилгад бодитоор оруулсан 177,400,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн УТҮГ-аас гаргуулна.
1.3. Нэхэмжлэгч нь *******-тай байгуулсан гэрээний төлбөрийг өөрийн Голомт банкны ******* тоот нэг жилийн 9.6 хувийн хүүтэй хадгаламжаа цуцлан төлсөн. Тиймээс 2025 оны 06 дугаар сар хүртэл 38 сарын хүү 53,929,600 төгрөг, мөн орон сууц ашиглалтад оруулж хүлээлгэх хугацаа буюу 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл 30 сарын түрээсийн төлбөр болох 36,012,200 төгрөг, нийт 89,941,800 төгрөгийг бодит хохирол учирсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө хэмээн заасан. ******* нь УТҮГ-тай байгуулсан гэрээний заалтыг зөрчин, тухайн орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан давхраас дээш нэмэлт давхарт захиалга авч хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан.
Иймд ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг хариуцагч УТҮГ-аас, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 89,941,800 төгрөгийг хариуцагч *******-аас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь *******-иар барилга бариулж байсан бөгөөд барилгыг 4 давхар хүртэл барьж байх явцад Төмөр замын газраас гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн мөнгө манай компанийн дансанд ороогүй, харин ХХК-ийн дансанд орсон. ХХК-ийн дансны хуулгаар барилгын үйл ажиллагаанд орж ирсэн мөнгийг зарцуулсан. Төмөр замын газар гэрээг цуцлаагүй бол манай компани барилгыг барьж дуусган ашиглалтад оруулах байсан. Тиймээс хариуцагч Төмөр замын газрын санаачилгаар тухайн ажлыг зогсоосон тул алданги, олох байсан орлого, түүнтэй холбоотой асуудлыг тухайн байгууллага хариуцах ёстой.
Төмөр замын газраас гэрээгээр 9 давхар барилга барих ёстой байхад 12 давхар болгож барьсан гэх хариу тайлбар гаргасан боловч хэргийн 46 дугаар талд 12 давхар болгох талаар удаа дараа хүсэлт явуулсан байдаг. Хохирол 89,000,000 төгрөгөөс 53,929,600 төгрөг хадгаламжид байх боломжтой мөнгө гэж хүүгийн зардлыг манай компани хүлээн зөвшөөрч байна. Харин гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас тухайн барилга хойшилсон тул захиалагчийн хувьд түрээсийн төлбөрөө төлөөд явах байсан тул түрээсийн зардлыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Төмөр замын газрын татгалзал, тайлбарын агуулга:
3.1. УТҮГ болон хариуцагч *******-ийн хооронд Зам, тээврийн хөгжлийн яам болон УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан. Гэрээгээр Баянгол дүүргийн*******ны газар нутагт байрлах нэгж талбарын дугаартай, 1261 м.кв талбай бүхий өөрийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга бариулах, нөгөө талаас хариуцагч ******* нь евро стандартад нийцсэн, чанартай, бүрэн тохижилттой, 1 блок 10 давхар, нийт 80 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах, дэд бүтэц, гадаад талбай, нэвтрэх гарцыг засварлан тохижуулах, гэрээний хавсралтад заасан үнээр манайхаас цохолт хийсэн нэр бүхий ажилтнуудтай гэрээ байгуулж орон сууцыг худалдан борлуулах, зохих журмын дагуу хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, цаашлаад гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй ******* нь манай 80 захиалагч болох төрийн албан хаагчдыг хохироосон.
Манай талаас 2023 оны 04 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж суурь гэрээ болон орон сууц захиалан бариулах 80 захиалагчийн гэрээ цуцлагдсан. ******* нь суурь гэрээний 5.4-т орон сууц худалдан авах хүсэлт гаргасан ажилтнуудын нэрсийн жагсаалтыг хүлээн авч, борлуулалтын алба тэдгээр ажилтнуудтай гэрээ байгуулан захиалгыг баталгаажуулна гэж заасны дагуу манай төв болон Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн нэр бүхий 80 төрийн албан хаагчтай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний хүрээнд захиалагч тус бүрээс 30-100 хувийн урьдчилгаа төлбөр авч хөрөнгө босгож зоорь, 1-4 давхрын барилга угсралтын ажлын гүйцэтгэсэн. Нийт 80 захиалагч болох төрийн албан хаагчдаас 2,635,289,631 төгрөгийн хөрөнгийг оруулсан бөгөөд зоорь, 4 давхар каркасыг үнэлүүлж төсөв гаргуулахад 2,357,031,821 төгрөгийн ажил хийгдсэн болох нь тогтоогдсон. Тиймээс нэхэмжлэгчийн шаардаж буй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 177,400,000 төгрөг нь манай барилгын угсралтын ажилд зарцуулагдаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.
3.2. Хариуцагч ******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг эхлүүлж зоорь, 1-4 давхрын угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт байна. Дээр дурдсан суурь гэрээний дагуу УТҮГ-ын газар дээр 1 блок 10 давхар нийт 80 айлын орон сууц барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээний талууд тохиролцсон, ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг хангаагүй мөн архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд байхгүй давхруудыг бусдад худалдан борлуулсан. Тодруулбал, тус орон сууц нь 10 давхраар төлөвлөгдсөн байхад 11, 12 давхарт гэх нэрийдлээр энгийн иргэдийг хохироож орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компани тухайн байрны 11, 12 давхарт манай ажилтнуудаас өөр иргэдэд байр худалдан борлуулах талаар захиалагч тал болох УТҮГ-т мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаагүй нь хуульд зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан төдийгүй залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч нь *******-тай гэрээ байгуулахдаа хайхрамжгүй хандаж төлбөрийг гуравдагч этгээдийн данс руу шилжүүлж, бусдыг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлсэн нь баримтаар нотлогдсон. Гэтэл уг гэрээний оролцогч бус УТҮГ-аас төлбөр шаардаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй төдийгүй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө нь УТҮГ-ын дансанд ороогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, уг төлбөрийг өөр компанийн дансанд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа нь уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг баримтууд нотолж байна.
Суурь гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь дур мэдэн захиалагчид мэдэгдэлгүй дээрх 80 айлаас гадуур нэхэмжлэгч *******тэй гэрээ байгуулж, гэрээний оролцогч бус этгээд болох Цог золбоо ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлсэн байхад улсын төсвийн байгууллага болох УТҮГ-ыг хариуцагчаар татаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Энэхүү орон сууцны барилгын ажилд улсын төсвийн хөрөнгөөс нэг ч төгрөг гаргаагүй ба зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яам, УТҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн нийт 80 албан хаагчийн төлсөн 2,635,289,631 төгрөгийн хөрөнгөөр тухайн барилгын 4 давхар каркасыг зоорины давхрын хамт барьж, 300,000,000 төгрөгийн илүү төлөлт УТҮГ-ыг Засгийн газрын 2025 оны 73 дугаар тогтоолоор татан буугдсан болно. Барилгын тухай хуулийн 37.5-д ... техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж иргэдээс залилан мэхлэх замаар хөрөнгө төвлөрүүлсэн ******* нь *******д учруулсан хохирлыг барагдуулах ёстой.
Иймд ******* болон *******-ийн хооронд байгуулсан гэрээний оролцогч бус этгээдээр төлбөр шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хууль болон нотлох баримтуудыг үндэслэн УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч *******-аас 231,329,600 төгрөг гаргуулан *******д олгож, үлдэх шаардлага болон хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,652,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,652,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн УТҮГ-ын 10 давхар 80 айлын орон сууцыг хариуцагч ******* ажил гүйцэтгэх гэрээний дагуу 4 давхар хүртэл зоорины давхрын хамт барьсан, нэхэмжлэгч *******гээс туслан гүйцэтгэгч ХХК-д шилжүүлсэн 177,400,000 төгрөг уг барилгын 1-4 давхар, зоорийн давхарт барилгын материал, барилгын угсралтын ажлын хөлсөнд шингээж, барилгын зоорийн болон 1-4 давхарт орсон талаар үндэслэл бүхий зөв дүгнэлтийг хийсэн. Харин дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хэн үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгах асуудлыг шүүхээс үндэслэл бүхий шийдвэрлээгүй. Учир нь *******гийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг ******* зүй бусаар ашиглаагүй, ХХК маргаан бүхий барилгын зоорийн давхар болон 4 хүртэл давхрын каркасыг барих ажлын хөлс, барилгын материалд зарцуулагдсан болох нь талуудын тайлбар, ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогддог.
Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө маргаан бүхий барилгын зоорийн давхар болон 4 хүртэл давхрын карказыг барихад бодитоор шингэн орсон, уг хөрөнгийг УТҮГ буюу одоогийн ******* өмчлөн авсан. Тиймээс ******* барилгад хөрөнгө оруулсан этгээдийн хөрөнгийг, хөрөнгийг салган өгөх боломжгүй тохиолдолд үнийн дүнг буцаан өгөх ёстой. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах үндэслэл, шалтгаан нөхцөлийг бий болгоход УТҮГ-ын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Тодруулбал, анх гэрээ байгуулах үед маргаан бүхий барилгын ажил эхэлсэн УТҮГ-ын ажилчдын орон сууцны барилгад нэмэлт захиалга авч байгаа гэсэн тул тухайн барилгын ажлыг гүйцэтгэгч *******-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-д Зам, тээврийн хөгжлийн яам болон ийн ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээнд үндэслэж байгаа талаар тусгасан. Гэтэл гэрээний хэрэгжилтийн хугацаанд орон сууцны барилга зөвшөөрөл, зураг төсөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй баригдаж эхэлсэн талаар хэрэгт цугларсан баримтын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн.
Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичигт УТҮГ нь орон сууцны барилга байгууламжийг батлагдсан зураг төсөлгүйгээр гүйцэтгэж байгаа зөрчил гаргасан, мөн тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг барилгын ажлыг эхэлснээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан. Хариуцагч *******-ийн шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан бичигт тухайн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл байхгүй талаар мэдэгдсэн. Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилгын ажлын дүрмийн 3.1.1-т Барилгын тухай хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн техникийн нөхцөл авах, зураг төсөл боловсруулах ажлын захиалга өгөх, зураг төсөлд магадлал хийлгэх, барилгын ажлын зөвшөөрөл авах үүргийг захиалагч буюу УТҮГ-т тусгайлан зааж өгсөн.
Мөн захиалагч УТҮГ болон гүйцэтгэгч ******* нар тухайн барилгыг 12 давхар барихаар эхлүүлж байсан нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зам, тээврийн хөгжлийн сайдын Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн бичиг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн барилгын экспертизийн тайлан, Эдшил ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд тусгагдсан. Маргаан бүхий орон сууцны үндсэн захиалагч болох УТҮГ нь Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажлыг эхлүүлсэн, тухайн барилгыг 12 давхар байхаар төлөвлөж байсан зэрэг буруутай үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр бус орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах үндэслэл болсон тул гэрээний үр дагаврыг УТҮГ буюу одоогийн ******* хариуцан арилгах үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж үндэслэлгүйгээр шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг хариуцагч УТҮГ буюу одоогийн Төмөр замын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
УТҮГ нь 10 давхар барилга байсан гэж ярьдаг ч тухайн барилгын хундам 12 давхар барилга баригдахаар даацтай цутгагдсан. Барилгын хундам цутгагдсан ч Төмөр замын газраас өөр компани оруулан 12 давхар барилга барьсан. Уг газарт 12 давхар барилгын даацын хундам цутгагдаагүй бол шинээр орсон компани 12 давхар барилга барих боломжгүй. Анхнаасаа УТҮГ болон ******* нарын хооронд тохиролцон 12 давхар барилга босгоно гэсний үндсэнд манай компани 12 давхрын даац бүхий хундам цутган 4 давхрын каркасын ажлыг хийсэн. Шинжээчийн дүгнэлтэд 4 давхар каркас 12 давхрын барилга байгууламж барих боломжтой, даацын хундам чанартай баригдсан гэх дүгнэлт гаргасан.
Манай байгууллага *******гийн 177,400,000 төгрөгийг аваагүй, ХХК нь 1-4 давхрын каркасын ажилд зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдсон байдаг. 80 айлын орон сууц гэж ярьсан боловч тухайн орон сууцны м.кв талбайн үнэ зах зээлийн үнээс хамаагүй бага үнээр зарагдсан. Тухайн үеийн удирдлагууд барилгыг 10 давхар хүртэл бариад 11, 12 дугаар давхарт гаднаас захиалга авч зарлагаа нөхнө гэх агуулгаар тохиролцсон. Гэвч ******* манайх ийм агуулгатай зүйл яриагүй гэх байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Төмөр замын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга:
Зам, тээврийн газрын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Улаанбаатар Төмөр замын албан хаагчид, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв УТҮГ-ын албан хаагчид, Зам, тээврийн яамны албан хаагчдын нийт 80 айлын барилгыг барихаар шийдвэрлэсэн. Тухайн газарт Улаанбаатар төмөр замын хуучин дохиолол холбооны хуучин барилга байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авч нураагаад сонгон шалгаруулалт зарлаж цэвэрлэж буулгах ажлыг хийсэн. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв УТҮГ-аас *******-ийг сонгож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа 4 давхар карказ барихад ковидын үе учраас бидэнд санхүүжилтийн мөнгө байхгүй та нар 30 хувийн төлбөрөө өг гэдэг. Тухайн барилгын санхүүжилт улсын төсөв буюу УТҮГ, Улаанбаатар төмөр зам, Зам, тээврийн яам болон төсвийн мөнгөнөөс гараагүй. Эдгээр 80 айл урьдчилгаа 30 хувиар бүрдүүлсэн санхүүжилтээр барилгын 4 давхар карказ баригдсан.
Барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй гэхэд бид эрх бүхий этгээдийг төсөвчнөөр бодуулахад 2,600,000,000 төгрөг орсон бөгөөд илүү төлөлт 300,000,000 төгрөг болсон баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд ******* гэх хүний мөнгө энэ тооцоолсон мөнгөнд ороогүй. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа 30 хувийн санхүүжилтээр 4 давхар барилгын каркас баригдсан, энэ нь төсөвчний бодсон тооцооллын баримтаар батлагдсан. Барилга яагаад 12 давхар болсон нь м.кв талбайг 1,650,000 төгрөг гэдэг байсан бол 2023 он болоход сүүлийн компаниуд м.кв талбайг 3,500,000 төгрөг болсон гэдэг бөгөөд бид алдагдлаа нөхөхийн тулд 12 давхар болгоод м.кв талбайг 2,500,000 төгрөг болговол барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэх саналыг хэлсэн. Тиймээс арга буюу м.кв талбайн үнийг нэмээд 12 давхар болгох барилгын ажлын зургийг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, *******тэй гэрээ байгуулах үед 10 давхрын зурагтай 1 давхартаа 8 айлтай 80 айлын орон сууцыг төлөвлөсөн байсан. Эдгээр 80 айл нь *******-ийн дансанд мөнгөө хийсэн.
Тухайн үед ХХК байгаагүй бөгөөд энэ компанийн дансанд нэг ч албан хаагч мөнгө шилжүүлээгүй. Дараагийн байгууллага барилгыг үргэлжлүүлэн барьж байхад ******* гэх хүн шүүхэд хандсан. *******тэй гэрээ байгуулсан тухай захиалагчид мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулсан. ХХК *******-ийн туслан гүйцэтгэгчээр орсон. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь уг барилгын ажилд улсын төсвийн хөрөнгө ороогүй, *******тэй гэрээ байгуулах үед барилга 10 давхар байхад гэрээ байгуулсан этгээд 11, 12 давхар гэж хууран мэхэлж гэрээ байгуулсан тул анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь анх хариуцагч *******, ХХК, Б.Цэгмид нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 177,400,000 төгрөг, алданги, хохирол 54,369,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК, Б.Цэгмид нарт холбогдох шаардлагаас татгалзаж, УТҮГ-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, үндэслэлгүй хөрөнгөжсөн 177,400,000 төгрөгийг УТҮГ-аас, хохирол 89,941,800 төгрөгийг *******-аас тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч УТҮГ бүхэлд нь, хариуцагч ******* зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг байгуулсантай холбогдуулан УТҮГ-ыг татан буулгасан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Төмөр замын газрыг оролцуулсан байна. /3-р хх-ийн 65-66/
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 тоот захирамжаар Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, газар эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий 1261 м.кв газрыг орон сууц, конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар УТҮГ-т эзэмшүүлсэн. /2-р хх-ийн 29-35/
3.2. УТҮГ нь *******-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээр УТҮГ нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, 1261 м.кв /га/ газарт 1 блок, 10 давхар нийт 80 айлын орон сууцны хорооллын барилгыг *******-иар бариулах, УТҮГ-аас хүргүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу ******* нь ажилтнуудтай 1 м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр тооцон орон сууц захиалгын гэрээг байгуулсны үндсэн дээр худалдан борлуулах, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. /1-р хх-ийн 209-213/
3.3. Дээрх барилгын ажил гүйцэтгэхэд ******* нь Цогзолбоо констракшн ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, энэ гэрээгээр гүйцэтгэгч Цогзолбоо констракшн ХХК нь *******, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Богд-Ар хотхоны каркас угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч ******* нь ажлын хөлсөнд 1,733,830,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. /2-р хх-ийн 147-151/
3.4. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитекторын баталсан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн МЗХ2022/08-30 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт *******,*******ны нутаг дэвсгэр,-2 /16051/ бүсчлэлд орон сууцны 16а дугаар байрны урд талд орон сууц, контор зориулалтаар эзэмших эрх олгосон 0.1261 га газарт 650 м.кв талбайд багтаан тухайлсан зураг төсөлтэй /зоорьтой/ 9 давхар барилга гэжээ. /1-р хх-ийн 170/
3.5. ******* барилгын ажлыг гүйцэтгэхдээ орон сууцны барилга байгууламжийг батлагдсан зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн зөрчилд нь Мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авсан. /2-р хх-ийн 45/
3.6. УТҮГ нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч *******-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. /1-р хх-ийн 208/
3.7. УТҮГ нь *******-тай байгуулсан гэрээг цуцлагдах хүртэл тус компанийн хийж гүйцэтгэсэн зоорь, 1-4 давхрын барилга угсралтын ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин Д.Батмөнхөөр хийлгэхэд 2,357,031,821 төгрөгөөр тодорхойлогдсон гэж, мөн орон сууц захиалан бариулах гэрээнд тусгасан 80 айлаас орон сууцны урьдчилгаа төлбөрт 2,635,289,631 төгрөгийг ******* авсан гэж тус тус тайлбарласан. /1-р хх-ийн 178-190/
3.8. Мөн хариуцагч УТҮГ-аас хариуцагч *******-ийн гүйцэтгэсэн орон сууцны зоорь, 1-4 давхрын барилгын давхруудын багана, дам нуруу хучилтын бетоны бат бэхийг шалгуулж, Эдшил ХХК-иар дүгнэлт гаргуулж, улмаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг ...650 м.кв талбайд багтаан зоорьтой 12 давхар орон сууцны барилга гэж баталсан. /1-р хх-ийн 24-27/
3.9. Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн яам болон УТҮГ-аас ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Барилга угсралтын ажилд хөрөнгө оруулж, ажил гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны газар нутагт байрлах нэгж талбарын дугаартай, 1261 м.кв талбай бүхий газарт зоорины давхар болон 4 давхар каркас угсралтын ажлын гүйцэтгэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яам, УТҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 2-р хх-ийн 106-110/
4. ******* нь *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* нь *******,*******, 02 дугаар хороолол, Богд-Ар хотхон ...блок 11 давхар, 1104 хаягт байрлалтай, 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулан захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч ******* нь орон сууцны төлбөрт нийт 177,400,000 төгрөгийг Цогзолбоо констракшн ХХК-д төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх-ийн 7-9/
4.1. Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны төлбөрт Голомт банкны өөрийн тоот данснаас Цогзолбоо констракшн ХХК-ийн Төрийн банкны тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 167,400,000 төгрөг, тус компанийн захирал Б.Цэгмидийн ХААН банкны тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, эхнэр Б.Наранцэцэгийн ХААН банкны тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 177,400,000 төгрөгийг төлжээ. /1-р хх-ийн 11-20, 2-р хх-ийн 127-135/
4.2. ******* болон УТҮГ-ийн байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.7-д орон сууц худалдан авах нэрсийн жагсаалтад багтаагүй ажилтантай УТҮГ-ын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулах, харилцан тохиролцож орон сууц худалдан борлуулахыг хориглосон. Гэтэл ******* нь УТҮГ-ын бариулж буй ажилчдын орон сууцнаас худалдан борлуулах зөвшөөрөл аваагүйгээс гадна гэрээ болон архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан 9 давхар орон сууц барих хэмжээг зөрчин 11, 12 давхарт гэрээнд зааснаас өөр этгээдүүдтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна.
Иймд ******* болон ******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр тус орон сууцны барилгын 11 давхар, 1104 хаягт байрлалтай, 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь хариуцагч УТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ, түүний хийж гүйцэтгэсэн ажил хууль зөрчсөн буюу холбогдох зөвшөөрөл авахгүйгээр хийгдсэн. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгыг 9 давхар байхаар төлөвлөсөн байхад хариуцагч нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн барилгын ажлын гэрээнд 10 давхар орон сууцны барилга гэж тусгаж, улмаар явцын дунд 12 давхар болгохоор тохиролцсон нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, мөн хариуцагч УТҮГ нь гэрээнд заасан захиалагчийн үүргээ биелүүлээгүй. Иймээс хариуцагч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл... гэж тайлбарласан.
5.1. Нэхэмжлэгч ******* нь УТҮГ болон *******-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болж оролцоогүй тул түүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд гэж үзэхгүй.
5.2. Мөн нэхэмжлэгч нь *******-ийн гүйцэтгэсэн орон сууцны 4 давхрын ажлыг гүйцэтгэлд нэхэмжлэгчийн 177,400,000 төгрөгийг зарцуулсан, УТҮГ-аас гэрээг цуцлан *******-ийн гүйцэтгэсэн 4 давхрын барилгын ажлыг бүхэлд нь УТҮГ дангаараа өмчилж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, аливаа гэрээнээс үүсэх үр дагавар зөвхөн тухайн гэрээг байгуулсан этгээдүүдэд л үүсэх бөгөөд ******* болон УТҮГ хоорондын гэрээгээр бий болсон ажлын үр дүнд холбогдуулан аливаа шаардлага гаргах эрх *******д олгогдоогүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт ийм агуулга тусгагдаагүй.
Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч УТҮГ-аас 177,400,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв.
6. Шүүх *******, ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх учиртай.
6.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэрээний шилжүүлэг хийх үүрэг үүсэхгүй учир хариуцагч *******-аас 177,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад нийцжээ.
6.2. Улмаар ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын 1-4 давхар, зоорины давхрын ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан нь тогтоогдсон. Нөгөө талаар, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг гэрээний харилцаанд оролцоогүй хариуцагч Төмөр замын газраас шаардсан нь үндэслэлгүй байх тул хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч ******* үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2022 оны 05 дугаар сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл 38 сарын хүү болох 53,929,600 төгрөг, 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл 30 сарын түрээсийн төлбөр 36,012,200 төгрөг, нийт 89,941,800 төгрөг гаргуулна гэж тусгасан.
7.1. Дээрх шаардлагаас хариуцагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 2025 оны 06 дугаар сар хүртэл 38 сарын хүү болох 53,929,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимтай нийцэж байгаа учир үүнийг буруутгахгүй. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрт 36,012,200 төгрөгийг төлсөн нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, хариуцагч *******-аас 36,012,200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул мөн талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 1,045,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ