| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01386/И |
| Дугаар | 01298 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 01298
| 2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 142/ШШ2016/01298 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байр 13 тоотод оршин суух Тангууд овогт Бүдрагчаагийн Лхамсүрэн /ХЛ:61071504/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Лхамсүрэн, гэрч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Лхамсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-13 тоотод оршин суугч Бүдрагчаа овогтой Лхамсүрэн би 1961 оны 07 дугаар сарын 15-нд төрсөн. Орхон аймгийн Татварын хэлтэст ажилладаг. Би 1981 онд Санхүү Эдийн Засгийн Техникумийг Статистикч мэргэжлээр төгссөн. Архангай аймгийн Санхүүгийн хэлтэст хуваарийн дагуу Жаргалант сумын АДХ-ийн гүйцэтгэх захиргааны 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42 тоот захирамжаар тус сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор анх ажилд орсон юм. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрч материал бүрдүүлтэл хөдөлмөрийн дэвтрийн зарим бичилтүүдэд лавлагаа авах шаардлагатай болж Архангай аймгийн төв архиваас өөрийн биеэр очиж лавлагаа авсан. 1981-1987 оны бичилтүүдэд лавлагаа авах гэтэл миний ажиллаж байсан Жаргалант сумын захиргаа нь төв архивтаа материалаа шилжүүлээгүй байв. Материал хүлээлгэн өгсөн жагсаалтанд 1981-1989 оны бичиг баримт байхгүй байсан. Тус сумын удирдлага руу ярьж яагаад баримтаа шилжүүлээгүйг лавлахад нэгдэл захиргаа хоёр нэг байранд байсан. Архив нь нэг өрөөнд хамт байсан бөгөөд нэгдэл шатахад бүгд шатсан тул тэр үеийн баримт төв архивт шилжээгүй гэсэн тайлбарыг өгсөн. Иймд миний 1981-1987 онд ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тангууд овогт Бүдрагчаагийн Лхамсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Б.Лхамсүрэн нь 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор, тасгийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 036934 дугаартай 1984 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Лхамсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 411 дугаартай тодорхойлолт, гэрч Б.Лхагвасүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрчийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Санхүү эдийн засгийн техникумын 7004 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Жаргалант сумын Засаг дарга Ж.Цэрэннадмидын нягтлан бодогч Б.Лхамсүрэнгийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны мэргэжлийн түвшинг тодорхойлсон тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус батлагдаж байна.
Иймд Тангууд овогт Бүдрагчаагийн Лхамсүрэнг 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор, 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын санхүүгийн тасгийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тангууд овогт Бүдрагчаагийн Лхамсүрэнг 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор, 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын санхүүгийн тасгийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Лхамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ