Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00715

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/01010 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 68,241,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ХХЗЕГ/24 дугаартай ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээний 4.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу олгосон хүү 36,214,816 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Тус компани нь *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ******* эрхлэлтийг дэмжих газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий урилга, удирдамжийг хүлээн авч, ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи /финтек/ ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох тендерт журмын дагуу оролцон шалгарсан. Улмаар *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр "гэрээ байгуулах эрх олгох" талаар мэдэгдэл ирүүлсэн. Талууд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан "******* эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын 5.13, 5.14-т заасныг тус тус үндэслэл болгон ******* нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан ******* эрхлэлтийн үйлчилгээ арга хэмжээг 2022-2023 онд зохион байгуулах нэгдсэн удирдамж"-ийн 3.14, мөн ******* халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны тоот тушаалаар батлагдсан "Богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи /финтек/ ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох" арга хэмжээний зөвлөмж удирдамжийг баримтлан ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи /финтек/ ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээ-г байгуулсан. Гэрээний 3.3 болон 4.3-т зааснаар зээлийн хүүгийн зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгохоор тохиролцсон тул зээлийн хүүгийн үлдэгдэл 68,241,558 төгрөгийг хариуцагч *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан ******* эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, *******, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар тушаалаар батлагдсан ******* эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн удирдамжийн хүрээнд технологи ашиглан цахим хэлбэрээр богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагааг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ******* ХХК-тай 2023 оны тоот гэрээ байгуулан ажилласан.

Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газраас хийсэн аудитаар гэрээний дагуу 36,214,816.67 төгрөгийг хүүгийн зардалд төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасантай нийцэхгүй тул 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэхийг даалгасан тул гэрээний дагуу хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон *******,******* болон ******* ХХК хоорондын "******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээ" нь жижиг зээл олгох харилцааг зохицуулаагүй ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т зааснаар хүүтэй, жижиг зээлийг заавал банкаар дамжуулж олгохоор заасан тул энэхүү гэрээгээр санхүүгийн дэмжлэг олгох харилцааг зохицуулсан байна. Гэтэл Санхүүгийн дэмжлэгийн гэрээний 3.3-т зээлдэгчид олгох зээлийн хэмжээ, хүүг заасан атлаа гэрээний 4.2-т зээлийг хүүгүй, барьцаагүй олгоно гэж заасан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 56.1.9 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.6-д хүү гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, зээлийг авч ашиглаж байгаа тал нөгөө талдаа хүү төлөх журамтай атал хөрөнгийн эх үүсвэрээ ашиглуулж буй тал хүү төлж байгаа нь хууль зөрчсөн хэлцэлд хамаарахаар байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1, 12.2, Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 340 дугаартай тогтоолын хавсралт "******* эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын 5.12, 5.13, 5.14 дэх хэсэг, *******, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "******* эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг 2022-2023 онд зохион байгуулах нэгдсэн удирдамж"-ийн 3 дугаар хэсгийн 3.14 дэх хэсэгт "сонгон шалгарсан санхүүгийн байгууллагатай *******,******* гэрээ байгуулж, хяналт тавин тайлан, мэдээллийг нэгтгэн дээд шатны байгууллагад тайлагнаж ажиллана." гэснийг тус тус үндэслэл болгон гэрээг байгуулсан байх бөгөөд эдгээр хууль, журамд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хүү олгох зохицуулалт байхгүй. Гэрээний 4.3-т "Энэхүү гэрээний 3.3-т заасан зээлийн хүүгийн зардлыг ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгоно." гэсэн нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.1, ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1, 23.3 дахь хэсгийг тус тус зөрчиж байна. Мөн Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 340 дугаартай тогтоолын хавсралт "******* эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын 5.12, 5.13-т зааснаар финтек ашиглан иргэдэд олгох санхүүгийн дэмжлэг нь хүүгүй байна гэснийг зөрчиж байна. Иймд Санхүүгийн дэмжлэгийн гэрээний 4.3 дахь хэсгийг Иргэний хуулийн 61.1, 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.5-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчид урьд олгосон хүү 36,214,816 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Нийслэлийн 9 дүүргийн 8980 иргэнд, Дархан-Уул аймагт 2698 иргэнд хүүгүй зээл олгосон. Гэрээний 3.3-т хүүгийн зардлыг хэрхэн тооцох хувь хэмжээг тодорхойлж, 4.3-т захиалагч буюу хариуцагч ******* халамж үйлчилгээний ерөнхий газар хүүгийн зардлыг манайд төлөх үүргийг зохицуулах тохиролцоо. гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: ******* эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар ******* ХХК болон *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой зөрчил илэрсэн. Тухайлбал, ******* эрхлэлтийн сангаас зориулалтын бус зарцуулалт буюу хүүгийн зардал гаргасан асуудал дээр төлбөрийн акт тогтоосон. 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 701,004,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 300,016,000 төгрөг, нийт 1 тэрбум гаруй төгрөгийг ******* ХХК-ийн дансанд байршуулж, зээлийг олгосон ба үүний эхний 3 сарын төлбөрт 36,2 сая төгрөгийн хүүгийн зардал гарсан байсан. Үүнийг ашиггүй зардал гэж үзсэн. Учир нь, энэхүү зээл зорилтот бүлгийн хэрэглэгчдэд хүрсэн гэдгийг нотлох баримтгүй. Мөн ******* эрхлэлтийг дэмжих сангийн төсвөөс зээлийн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй. гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 68,241,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д заасныг баримтлан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ХХЗЕГ/24 дугаартай ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээний 4.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу олгосон хүү 36,214,816 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 499,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан *******,******* болон ******* ХХК хоорондын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох байгууллагатай байгуулах гэрээ-г Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгох санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 52.2.2-т зааснаар хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж буй шинжтэй тул захиргааны гэрээ гэж үзэж байна.

7.2. Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах актыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч талаас уг актад гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр шийдвэр гэж үзнэ. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд дээрхи уг баримтыг хэрхэн үнэлж байгаа нь тодорхой байх ёстой гэж үзэж байна.

7.3. Гэрээний утгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг баримталж үгийн шууд утгыг анхаараагүй, хүсэл зоригийн илэрхийлэл гэсэн агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нэгэнт зээлийн хүүг нөхөж өөрсдөө тооцоолж нэхэмжилж байгаа тохиолдолд финтек гэрээний хүүтэй холбоотой заалтыг зардал байна гэж үзээд шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлгүй гэж үзэж байна.

7.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.22-т хариуцагч тооцооллын талаар маргаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч талаас удаа дараа нэхэмжлэгч талаас 68,241,558 төгрөгийн тооцооллоо Монголбанкны холбогдох ямар журмаар тооцсоноо тайлбарлаж шаардлагаа тодруулахыг шаардаж байсан.

Иймд хариуцагч талаас хүү нэхэмжлээд байгаа нь буруу бөгөөд гарсан зардлаа холбогдох баримтуудаа гаргаж жич нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ******* эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар тус сангаас иргэдэд олгох 1,002,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу финтек ашиглан цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хүүд жилийн 18 хувиар тооцож, 297,889,86.67 төгрөгийг төлөвлөсөн. Гүйцэтгэлээр 36,214,816.67 төгрөгийн хүүгийн зардал олгож, сангийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16.5.5, ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасантай нийцээгүй үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон. Тус шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн гэрээний хүү төлөх агуулгатай заалтыг гэрээний хариу төлбөр байсан буюу хүү гэх нэр томьёог ашигласан гэх байдлаар дүгнэлт хийсэн. Төрийн аудитын байгууллага нь аудитыг гүйцэтгэхдээ Төрийн аудитын олон улсын стандарт, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгодог бөгөөд тухайн сангаас зээлийн хүүд дээр дурдсан мөнгөн дүнгээр гүйлгээ гаргасныг гэрээний хариу төлбөр буюу үйлчилгээний зардал байсан гэж зөрүүтэй дүгнэлт гаргах нь боломжгүй, үндэслэлгүй юм.

8.2. Анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан гуравдагч этгээдийн эрхээ хэрэгжүүлэх, төлбөрийн актын талаарх үндэслэлийг тайлбарлах боломжийг олгоогүй, шүүхийн шийдвэрийн 7.17, 7.18, 7.19, 7.20 дахь хэсгүүд буюу гуравдагч этгээдийн зөвхөн нэг зээлдэгчид удаа дараа зээл олгож байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгод нийцээгүй гэсэн хэсгийг авч үзэж тайлбарласан. Хэдийгээр төлбөрийн актыг иргэний шүүхээс хянахгүй боловч гуравдагч этгээдээр оролцож буй этгээдийн тайлбарыг бүрэн сонсох, улмаар тухайн байгууллага, салбарын хууль тогтоомжийн талаар тодорхой ойлголтыг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг авч үзэх ёстой байсан боловч үүнийг хэрэгжүүлээгүй. Мөн захиргааны асуудал ярихгүй гэх байдлаар тайлбар сонсоогүй боловч шүүхийн шийдвэр танилцуулах үед таны тогтоосон акт үндэслэлгүй байна гэх үгийг хэрэглэсэн.

Дээрхээс үзвэл анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг тал бүрээс нь, бодитой дүгнээгүй буюу явцуу дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан. Энэ хүрээнд байгуулж байгаа гэрээ учраас эхний гомдлын үндэслэл буюу захиргааны гэрээ гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд аудитын дүгнэлтийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй гэх гомдлын үндэслэл тодорхойгүй буюу хэрхэн үнэлэх ёстой байсан гэдэг талаар гомдолдоо дурдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. 1,002,000,000 төгрөгийн хөрөнгийг манай ББСБ-д байршуулаад гэрээнд заасны дагуу ББСБ нь аппликэйшнээр дамжуулан 8000 гаруй иргэнд зээл олгосон. Гэрээг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болгоод хийсэн ажлын тайлангаа хүлээлгэж өгсөн. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дүгнэсэн. Гэрээ дүгнэсэн актыг үндэслээд 36 сая төгрөг олгогдсон, талууд гэрээг 100 хувь гэж дүгнэсэн учраас үлдэгдэл төлбөр болох 68 сая төгрөгийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гэрээний заалтыг үгийн шууд утгаар авч үзэх юм бол төр манайхаар аппликэйшн захиалгаар хийлгүүлээд, тэр аппликэйшнээрээ хөдөлмөр эрхлэх санд бүртгэлтэй байгаа иргэдэд зээл олгох үйл ажиллагааг хариуцсан, хүүгийн төлбөрийг ажлын хөлсөнд авч байгаа. Эдгээр зээлдэгч нарыг ББСБ өөрөө сонгоогүй ******* эрхлэлтийг дэмжих сангаас зээл авах иргэдийн нэрсийг өгч, тухайн иргэдэд ББСБ зээл олгоод, эргэн төлөлтийг хүлээн авч, 1,002,000,000 төгрөгийн хөрөнгийг буцаан хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал 1.5-1.9 хувийн хүүг бидэнд төлөх ёстой байсан. Ажлын хөлсний хэмжээг хүүгээр тооцсон байгаа. Анхан шатны шүүх гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн үйл явц, гэрээ дүгнэсэн байдлыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Гуравдагч этгээдийн гомдлын хувьд төрийн байгууллагын аудитын дүгнэлт бол шалгуулж байгаа этгээддээ буюу *******,*******, ******* эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд чиглэж байгаа. Бидний хувьд бол хийсэн ажлын хөлс тооцож байгуулсан гэрээний дагуу хүүгийн зардлыг шаардаж байгаа. Монгол банкнаас ирүүлсэн иргэдэд зээл олгосон талаарх мэдээлэлд хүү тооцоогүй байгаа. Талуудын байгуулсан гэрээний зүйл нь сангаас өгсөн нэрсийн дагуу иргэдэд зээл олгох байсан. Зээлийн дагуу бидний хийсэн ажил тодорхойлогдоно. Тиймээс гаргасан зээлийнхээ хүүгийн хэмжээгээр ажлын хөлсөө тооцсон. Бид аппликэйшн ашиглан эдгээр иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 104 сая төгрөгийн орлого олохоос 36 сая төгрөгийг урьдчилан авсан, үлдэх 68 сая төгрөгийг төлөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцсон. Тайлбар гаргах боломж олгоогүй гэдэг гомдол үндэслэлгүй. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон бөгөөд өөрийн тайлбар, баримтаа гаргаад мэтгэлцэх бүрэн боломжтой байсан.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******,*******т холбогдуулан гэрээний үүрэгт 68,241,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 4.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулж 36,214,816 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Үндэсний аудитын газар нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон байна.

 

3. Хэргийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******,*******тай 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээ-г байгуулжээ.

Уг гэрээгээр хариуцагч нь санхүүгийн дэмжлэгийн 1,002,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх, зээлийн хүүгийн зардлыг 400,000-600,000 хүртэл төгрөгт сарын 1.9 хувь, 600,001-100,000,000 төгрөгт сарын 1.5 хувиар тооцон ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох, нэхэмжлэгч нь уг хөрөнгөөр Улаанбаатар хот болон Дархан хотын хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас ирүүлсэн жагсаалтын дагуу иргэдэд барьцаагүй, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн зээл олгох, гэрээний хугацаа дуусахад хариуцагчийн дансанд мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. /1-р хх-ийн 182-187/

 

3.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн жагсаалтын дагуу зорилтот бүлгийн 5408 иргэдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг олгосон болох нь талуудын тайлбар, Монголбанкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн лавлагаанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон. /1-р хх-ийн 44-45, 222-250, 2-р хх-ийн 1-76, 101-157/

 

3.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь 1,002,000,000 төгрөгийг хариуцагч *******, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дансанд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буцаан шилжүүлсэн.

 

3.4. Талууд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ажил хүлээлцэх, гэрээ дүгнэх актаар гэрээг дүгнэсэн ба уг актад ... ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлж санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэрийг гэрээнд заасан шаардлагын дагуу хүлээн авч зорилтот бүлгийн иргэдэд гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр олгож, сар тутмын ашиглалтын мэдээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухай бүр ирүүлэн гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлж, ... 1,002,000,000 төгрөгийг ******* эрхлэлтийг дэмжих санд 100 хувь төвлөрүүлсэн тул гэрээний биелэлтийг хангалттай гэж үзэн гэрээг дүгнэхээр шийдвэрлэв гэжээ. /1-р хх-ийн 191/

3.5. Хариуцагч *******,******* нь гэрээний дагуу хүүгийн зардалд 36,214,816.67 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдсон. /3-р хх-ийн 158, 159/

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын байгуулсан ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгох санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээ-г нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь оновчгүй, харин уг харилцааг нарийвчлан зохицуулсан ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг баримтлах үндэслэлтэй байна.

 

4.1. *******,******* нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгө болох 1,002,000,000 төгрөгийг ******* ХХК-аар дамжуулан Улаанбаатар хотын болон Дархан-Уул аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас тодорхойлсон зорилтот бүлгийн иргэдэд зээл хэлбэрээр олгохоор тохиролцсон нь ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Малчин, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалттай жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгох бөгөөд уг сангаас олгох жижиг зээлийг банкаар дамжуулан олгоно, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор батлагдсан ******* эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.13-т Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд шаардагдах богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэг болох барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй 1.0 сая хүртэл төгрөгийг санхүүгийн шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгож болно, 5.14-т Энэ журмын 5.13-т заасан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, тодорхой туршлага бүхий санхүүгийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж тус тус заасанд нийцсэн.

Ийнхүү хариуцагч санхүүгийн дэмжлэгийг олгохын тулд финтек буюу цахим технологийн тусламжтайгаар зээлийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, улмаар ******* ХХК-тай гэрээ байгуулсан нь ******* эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.16-д ******* эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилсон Ажлын хэсэг холбогдох удирдамжийн хүрээнд богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг дамжуулан олгох байгууллагыг сонгон шалгаруулна, *******, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан ******* эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг 2022-2023 онд зохион байгуулах нэгдсэн удирдамжийн 3.14-т "сонгон шалгарсан санхүүгийн байгууллагатай *******,******* гэрээ байгуулж, ... ажиллана" гэж заасанд мөн нийцжээ.

 

4.2. Дээрх гэрээний 3.3-т ... 400,000-600,000 хүртэл төгрөгийн зээлийн хүү сарын 1.9 хувь, 600,001-100,000,000 хүртэл төгрөгийн зээлийн хүү сарын 1.5 хувь байна, 4.3-т Энэхүү гэрээний 3.3-т заасан зээлийн хүүгийн зардлыг ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгоно гэж тус тус заасан.

Хариуцагч нь гэрээний 4.3 дахь заалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, ******* эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.13-т заасныг зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд малчин, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих үйл ажиллагаа хамаарч байна.

Хариуцагч нь уг үйл ажиллагааны хүрээнд сонгон шалгаруулалт явуулж, хамгийн бага хүүгийн санал ирүүлж хамгийн сайн тендерээр шалгарсан үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар нэхэмжлэгчид 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн. Анхан шатны шүүх сонгон шалгаруулалтын урилга, удирдамж, санхүүгийн байгууллагад тавигдах шаардлага, бүрдүүлэх материалд санхүүгийн дэмжлэгийг финтек хэлбэрээр дамжуулан олгохоор шалгарсан санхүүгийн байгууллагад олгох эх үүсвэрт тооцох хүүгийн нөхцөл тусгагдсан талаар Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн зөв дүгнэсэн.

Иймээс ******* эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцсэн санхүүгийн байгууллага болох нэхэмжлэгч нь зорилтот иргэдэд уг санхүүгийн дэмжлэгийг финтек ашиглан барьцаагүй, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй зээл хэлбэрээр дамжуулан олгох, хариуцагч нь хүүгийн зардлыг гэрээнд заасан хэмжээгээр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон нь ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т ******* эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

Мөн ******* эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.13-т санхүүгийн дэмжлэгийг хүүгүй олгохоор заасан хэдий ч энэ нь хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай зохицуулалт юм.

Талуудын дээрх тохиролцоо нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарахгүй тул гэрээний 4.3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчид өмнө олгосон хүү 36,214,816 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй.

 

4.3. Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын актад хариуцагч гэрээний дагуу 36,214,816.67 төгрөгийг хүүгийн зардалд төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь талуудын байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан эсэх асуудал нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй.

 

4.4. Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын гаргаж өгсөн жагсаалтын дагуу иргэдэд зээлийг хүүгүйгээр олгох, хариуцагч нь гэрээгээр тохирсон хүүгийн зардлыг нэхэмжлэгчид төлөх үүргийг гэрээний 3.3, 4.2, 4.4-т зааснаар хүлээсэн ба нэхэмжлэгч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хүүгийн зардлыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд олгосон зээлийн хүүнд нийт 68,241,558 төгрөг шаардсаныг хариуцагч өөрийн зүгээс тооцоолол хийж маргаагүйгээс гадна уг үнийн дүнг няцаасан баримтыг гаргаагүй байх тул хариуцагчаас гэрээний үүрэгт 68,241,558 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүх хуралдаанд зохигч талууд болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон бөгөөд өөрийн тайлбар, татгалзлаа илэрхийлж, мэтгэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримталсныг ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/01010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 189 дүгээр зүйлийн 189.5 ... гэснийг ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Б.АЗБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ