Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1105

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.Н, О.А, тэдгээрийн өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Н, Шадав овогт О.А нарт холбогдох 1808050981136 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

үүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 34 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Утаат болор” ХХК-д өрмийн мастерийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, монел .. дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Н /РД:/...../,

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ю” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, .... оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын ...... тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Шадав овогт О.А /РД:ЕЮ83030118/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч О.А нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнийн 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элсэн цаг” караоке дотор иргэн Т.Мыг хажууд сууж байсан эмэгтэйгээ унагаалаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар Б.Нтай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнийн 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элсэн цаг” караоке дотор иргэн Т.Мыг найз О.Аыг цохиж унагаалаа гэх шалтгааны улмаас ууж байсан пивоныхоо шилээр толгойн тус газар нь цохиж улмаар О.Атай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан: “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элсэн цаг” нэртэй караокед 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнийн 02 цагийн үед үл таних хүнд зодуулсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 11х/,

2. Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ах Дашдаваатай гадаа 5 шил пиво хувааж уугаад “Элсэн цаг” караоке орж 4 шил 0.5 литрийн пиво захиалж уугаад ах Дашдаваа гэртээ харилаа гээд гараад явсан. Тэр үед хажуу ширээн дээр зүс таних Одгэрэл танихгүй найзын хамт сууж байсан. Би тэр ширээн дээр очиж цуг суугаад Одгэрэл найзынхаа хамт гэртээ харилаа гээд байсан би явуулахгүй гээд барьцалдаад маргалдаад байж байхад хажуу ширээн дээр сууж байсан /сүүлд нэрийг нь мэдсэн/ Анхбаяр над руу хүрч ирээд гараараа нүүрэнд нэг удаа цохиод авахаар нь би босож ирээд түүнийг заамдаж дээр нь гарч сандал дээр дарж унасан байхад араас пивоны шилээр /сүүлд нэрийг нь мэдсэн/ Насанбаяр хоёр удаа цохих үед би ухаан алдаж унасан. Тэр үед баарны зохион байгуулагч нь цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд Анхбаяр, Насанбаяр хоёр явчихсан байсан. ...дагзны хуйханд шарх гэмтлийг Насанбаяр пивоны шилээр цохиж байхдаа, уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийг Анхбаяр гараараа цохиж байхдаа учруулсан гэмтэл байгаа юм. Эмчилгээнд баримтаар ойролцоогоор 2.000.000 төгрөг болсон түүнийг бүрэн барагдуулж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19х, 189-190х/,  

3. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард Элсэн цаг караокед сууж байхад танил Мөнхбаатар орж ирээд хажуу талын ширээнд сууж байгаад надтай мэндлээд манай ширээнд суугаад юм яриад байж байсан. Тэгээд Өлзийнэмэх бид хоёр явах гээд боссон чинь Мөнхбаатар намайг жоохон суугаач гээд татаад суулгасан. Энэ үед Өлзийнэмэх намайг явъя гээд хажууд босоод зогссон чинь Мөнхбаатар явуулахгүй гээд татаад байсан. Тэгээд үл таних хүн Мөнхбаатарын нүүрэн тус газар нь цохисон чинь ард талаас нь нэг залуу толгой руу нь шилээр цохисон. Тэгээд Мөнхбаатарын толгойноос цус гараад эхэлсэн. Цагдаа дуудаад цагдаа ирэхээс өмнө Мөнхбаатарыг цохисон хүмүүс явсан. Т.Мыг нэг нь урдаас нь цохингуут нөгөөдөх нь араас нь шилээр цохисон. Т.М бид нар муудалцаагүй, маргалдаагүй. Т.М намайг цохиогүй, түлхэж унагасан эсэхийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56х/,

4. Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сард өдрийг нь сайн санахгүй байна, Одгэрэл эгчтэй Хуучин давхрын орчим нийтийн караокед орж пиво уугаад сууж байхад Одгэрэл эгчийн танил Т.М гэх залуу манай ширээнд ирж суугаад хэсэг юм ярьж байгаад Одгэрэл эгч бид хоёр явъя гэсэн чинь нөгөө залуу явуулахгүй гэж Одгэрэл эгчийг татаж суулгаад байсан. Тэгэхээр нь би араас нь цүнхээ авчхаад явъя гээд наад талд нь зогсож байхад нөгөө залуу явуулахгүй гээд байсан учраас цүнхээрээ нэг удаа савж цохисон чинь хажуу талын ширээнээс цагаан цамцтай залуу босч ирээд Т.Мтай зодолдсон. Тэгтэл араас нь нэг залуу гарч ирээд зодолдсон. Тэнд байсан хүмүүс дундуур нь орж салгаад зууралдсан чигээрээ сандал дээр бужигнаад байхаар нь хэсэг холдоод буцаад салгах гэж очиход салахгүй зууралдаад байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад хэсэг байж байгаад би түрүүлээд гараад явсан. Тухайн үед Т.Мыг шилээр цохисон эсэхийг хараагүй, зодоон болсны дараа Ц.Одгэрэл эгч түүнийг шилээр цохиулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59х/,

5. Гэрч Х.Ү мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Би заримдаа охиныхоо ажилд тусалж Элсэн цаг караокед ажилладаг юм. 2018 оны 11 сард байсан өдрийг нь санахгүй байна. Манайхаар зарим үед орж ирдэг тогтуун зантай бид нар Шар /хохирогч Т.М/ гэж дууддаг залуу орж ирсэн сууж байгаад нэг харсан чинь Шөнийн зах дээр ажилладаг 2 хүүхэнтэй нэг ширээнд суусан байсан. Энэ үед хохирогч Т.Маас нэлээн сүүлд түүнийг зодсон гэх залуучууд орж ирэхээр нь хүүхнүүдийн сууж байсан мухарын ширээнд шахаж суулгасан. Ингээд удаагүй тэкен дээр дуугаа хийгээд зогсож байсан нэг нь цаана чинь бөөн юм болоод байна гэж хэлэхээр нь гүйгээд очсон чинь хохирогч Т.М мухарын ширээнд сууж байсан хоёр залуугийн нэг залууд нь шилээр цохиулсан гэсэн толгойноос цус гарсан байсан. Цохисон залуу нь гартаа шил барьсан байж байсан учраас юу болсныг асуухад хамт явсан найзыг цохисон тэгэхээр нь өмөөрч шилээр цохисон гэж хэлсэн. Т.М хамт байсан эмэгтэй хүнийг цохиод унагаачихаар нь нөгөө залуу нь өмөөрч цохисон гэж хэлсэн. Тэгтэл хамт явсан эмэгтэй нь намайг цохиж унагаагүй, намайг цохиогүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86х/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13308 дугаартай:

 “...Т.Мын биед дагзны хуйханд шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25х/,

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...цагаан цамцтай залуу Т.Мыг гараараа нүүр рүү нь цохиход  Т.М нь ширээн дээр сууж баруун хөлөөрөө цагаан цамцтай  залуугийн нүүр рүү өшиглөж газар унагаж байгаа харагдана. Цагаан өнгийн цамцтай залуу сууж байсан ширээнээс улаан өнгийн цамцтай  залуу босож Т.М руу дайрч баруун гартаа барьсан  пивоны  шилээр 2 удаа цохиход ойр орчимд байгаа хүмүүс салгаж буй байдал тогтоогдов.” гэх /хх-ийн 37-41х/,

 

8. Шүүгдэгч Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 71х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 72х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73х/,  хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-81х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 99х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 128х/,

9. Шүүгдэгч О.А-ын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 88х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 90х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 91х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 92х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93-98х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 82х/,

10. Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой найз Насанбаярын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элсэн цаг нэртэй караоке бааранд орж бид хоёр пиво захиалж ууцгааж байтал хажуу талын ширээнд нэг эрэгтэй хүнд сүүлд нэрийг нь мэдсэн Мөнхбаатар хоёр эмэгтэйн хамт нэг ширээнд сууж байснаа нэгийг нь явуулахгүй гээд цамцнаас нь татаад суулгаад байхаар нь би Мөнхбаатарт хандан чи болиоч гэж хэлтэл миний үгийг тоохгүй байсан. Ахиад хартал нөгөө эмэгтэйг газар түлхээд унагаах үед хамт байсан эмэгтэй нь цүнхээрээ Мөнхбаатарын мөрөнд цохиод авахаар нь би Мөнхбаатар дээр явж очоод би “чамайг болиоч, эмэгтэй хүнийг яагаад байгаа юм” гэж хэлээд гараа атгаж байгаад урууланд нь нэг удаа цохиод автал намайг Мөнхбаатар түлхээд унагаах үед би босож ирээд Мөнхбаатар луу дайрч ахин гараараа биед нь цохиж байхад цаанаас найз Насанбаяр хүрч ирээд гартаа барьсан пивоны шилээр Мөнхбаатарын толгойг цохиж авах үед тэнд байсан эмэгтэй нар бид нарыг салгасан. Дээрх гэмтлийн  уруулд цус  хуралт, зөөлөн эдийн  няцрал гэмтлийг би  гараараа цохиж байхдаа учруулсан гэмтэл байгаа юм. Харин дагзны хуйханд  шарх гэмтлийг Насанбаяр пивоны шилээр  цохиж байхдаа учруулсан юм...” гэсэн мэдүүлэг хх-ийн 192-193, 204х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

11. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой найз Анхбаярын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элсэн цаг нэртэй караоке бааранд ороход тэнд дүүрэн хүнтэй байсан тул бид хоёрыг булангийн ширээнд хүмүүстэй хамт суулгасан. Тэгээд бид хоёр пиво захиалж ууцгааж байтал хажуу талын ширээнд /сүүлд нэрийг нь мэдсэн/ Мөнхбаатар хоёр эмэгтэйн хамт нэг ширээнд сууж байснаа нэгийг нь явуулахгүй гээд цамцнаас нь татаад суулгах үед найз А М-т хандан чи болиоч гэж хэлэхээр нь би Анхбаярт хүний асуудал бидэнд хамаагүй гэж хэлчихээд хамт нэг ширээнд сууж байсан хүмүүстэйгээ юм яриад авсан пивоо ууж байтал Анхбаяр нөгөө ширээнд оччихсон газар бөгсөөр унаж босож ирээд Мөнхбаатар луу дайрч байхаар нь би А М зодож байна гэж ойлгоод түүнийг өмөөрч ууж байсан пивотой шилээрээ Мөнхбаатарын толгой руу хоёр удаа цохиж авахад тэнд байсан эмэгтэй нар салгасан. Тэр эмэгтэй нарыг танихгүй бид хоёр тэндээс гараад шууд явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 194-195, 209х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнийн 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элсэн цаг” караоке дотор шүүгдэгч О.А нь “эмэгтэй хүнтэй зохисгүй харьцлаа” гэх шалтгаанаар иргэн Т.Мын уруулан тус газарт  2 удаа цохиж, шүүгдэгч Б.Н нь найз О.А-ыг өмөөрч иргэн Т.Мын толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, бүлэглэж зодсоноос хохирогч Т.Мын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Т.Мын мэдүүлэг /хх-ийн 17-19х, 189-190х/, гэрч Ц.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 55-56х/, гэрч Д.Өлзийнэмэхийн мэдүүлэг /хх-ийн 58-59х/, гэрч Х.Үүрийнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 85-86х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13308 дугаартай дүгнэлт /хх-ийн 25х/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-41х/ болон шүүгдэгч Б.Н, О.А нарын үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр тус тус өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч Т.М-ын биед учирсан “...дагзны хуйханд шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.А нь түүний уруул тус газар гараараа цохиж, шүүгдэгч Б.Н нь Т.Мын дагз руу нь пивоны шилээр 2 удаа цохисноос тус тус үүссэн  хөнгөн гэмтлүүд байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.А, Б.Н нар нь бүлэглэж хохирогч Т.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Хэргийн шүүгдэгч О.А, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Т.М нь нийт 1.914.793 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн /хх-ийн 148-165х/ байх ба “шүүгдэгч О.А, Б.Н нараас 2.000.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, баримт гаргаж өгсөн /хх-ийн 190, 166х/ байх тул шүүгдэгч О.А, Б.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр дүгнэлтийг,

шүүгдэгч О.А, Б.Н нарын өмгөөлөгч Г.Хандсүрэн “шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулж гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болгосон, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдүүдтэй, эхнэрүүд нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд зааснаар торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал,

шүүгдэгч нар нь “... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бага ял шийтгэл оногдуулж өгнө үү”  гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.А, Б.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал түүнд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байдал, О.А, Б.Н нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,  тэдгээрийн цалин хөлс, орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.А, Б.Н нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.А, Б.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.А, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Н, Шадав овогт О.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Н, О.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, О.А нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, О.А нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Н, О.А нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Н, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.АЛТАНЦЭЦЭГ