Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 01307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2016/01307

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-12-24 тоотод оршин суух Тэмээчин овогт Пунцагнамжилын Болд /ФЖ:66020614/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Болд,  гэрч Ж.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Болд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Болд нь 1989 оны 10 дугаар сард Булган аймгийн Өлзийт хорооны модны үйлдвэрт туслах ажилчинаар орж ажилласан. 1992 оны 07 дугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн ажилласан материал Булган аймгийн архивт байхгүй байгаа тул 1989-1992 оны 7 сар хүртэл Булган аймгийн Өлзийт хорооны модны үйлдвэрт ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тэмээчин овогт Пунцагнамжилын Болд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

П.Болд нь 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Өлзийт хорооны модны үйлдвэрт туслах ажилтан, мастераар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай Булган аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, 460551 дугаартай П.Болдын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Гоёцэцэгийн тодорхойлолт, түүний 325445 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ж.Батгэрэлийн мэдүүлэг, фото зураг зэрэг нотлох баримтаар тус тус батлагдаж байна.

Иймд Тэмээчин овогт Пунцагнамжилын Болдыг Булган аймгийн Өлзийт дахь гар хивс, модон эдлэлийн үйлдвэрт 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл Мод боловсруулах курсд суралцсан болохыг, 1990 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Өлзийт дахь гэр ахуй модон эдлэлийн үйлдвэрийн мод боловсруулах ангийн бригадын даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл мод боловсруулах цехийн суурь машинчаар, 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус үйлдвэрийн дамжлага хоорондын мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тэмээчин овогт Пунцагнамжилын Болдыг Булган аймгийн Өлзийт дахь гар хивс, модон эдлэлийн үйлдвэрт 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл Мод боловсруулах курсд суралцсан болохыг, 1990 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Өлзийт дахь гэр ахуй модон эдлэлийн үйлдвэрийн мод боловсруулах ангийн бригадын даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл мод боловсруулах цехийн суурь машинчаар, 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус үйлдвэрийн дамжлага хоорондын мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Болдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ