Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1429

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, хохирогч Б.Батсайхан, шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906040021735 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Г

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Э.М нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна иргэн Б.Батсайхныг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батсайхан мэдүүлэхдээ: “...Э.Мын найз нь надаас 2 пивоны мөнгө нэхсэн. Би пиво уудаггүй гэсэн чинь миний толгой руу цүнхээрээ цохисон. Тэр үед Э.М миний хажууд байсан. Намайг цохих гэж оролдсон. Тэр үед нөгөө залуу нь бүр онгироод пивоны шилээр намайг цохих гэж оролдсон. Би пивоны шилийг нь аваад газар тавьсан. Тэгээд Мөнх-Очир намайг боож хавирч унагаасан.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Батсайхны хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-6, 14-15/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Тэмүүлэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 16-18/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Ариунболдын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8493 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мөнх-Очрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 41-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, хохирлын баримтууд /хх-н 34-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс шүүгдэгч Э.М нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Генерал” баарны гадна иргэн Б.Батсайхныг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Э.Мыг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Батсайханыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батсайханы өгсөн: “...01 цагийн орчимд “Генерал” гэх бааранд хүн харахаар орсон. Буцаж гараад ирэхэд нэг залуу намайг цүнхээрээ цохиж, хэл амаар доромжилсон. Тэгээд хамт явсан залуу нь намайг хоолойноос боож байгаад уг залуу намайг үүрээд шидчихсэн. Унаад босоод ирэхэд тойгны яс хугарчихсан байсан. Би алхаж чадахгүй өөрөө 103-т дуудлага өгч, түргэнээр гэмтлийн эмнэлэгт ирсэн. Тэр залууг уг баарны хамгаалагчид таниад байсан." гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тэмүүлэнгийн өгсөн: "...Би ажил дээрээ ажлаа хийж байхад манай хамгаалагч нэг залууг өргөөд ороод ирсэн. Яасан юм бэ гээд асуутал өвдөг мултарсан юм шиг байна гэсэн. Ингээд камерийн бичлэгийг утсан дээрээ бичиж авсан, намайг камер шүүж байхад манайхаар үйлчлүүлж байсан. Тэгээд 4, 5 залуучуудтай муудалцаж байгаад унах шиг болсон..." гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ариунболдын өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 02 цаг 20 минутын үед 3 залуу үйлчлүүлж байгаад гарахдаа үл таних 2 залуутай манай баарны үүдний хэсэгт маргалдсан. Ингээд тэр хэд зодолдож, цохилцсон юм байхгүй. Харин 1 залуу нөгөөгөө тонгороод унагаасан бөгөөд унасан гэх залуугийн өвдөг нь гэмтсэн. Ингээд цагдаа, түргэн ирээд аваад явсан." гэх мэдүүлэг /хх-н 19/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8493 дугаар,

          1. Б.Батсайхны  биед баруун тойг ясны далд хугарал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 23/,

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

          Иймд шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Мт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч шүүгдэгчээс нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан 374.200 төгрөгийн баримт байгаагаас шүүгдэгч 430.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Өөрөөр хэлбэл бодитоор гараагүй байгаа зардал болох 4.625.000 төгрөгийн баримтыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, харин хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхиж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.