Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00820

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2026/03635 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 1,350,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлээс 180,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. ******* нь ******* ХХК /*******/-тай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр зуучлагч ******* ХХК нь зуучлуулагчаас олгосон эрхийн хүрээнд *******,*******,******* хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээ байгуулах этгээдтэй холбож өгөх, төлөөлж хэлцэл хийж өгөх зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулах, зуучлуулагч ******* нь хөлс төлөхөөр тохиролцож, зуучлалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. /хх-ийн 8-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зуучлалын гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

3.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т зуучлагчийн ажлын үр дүнд зуучлуулагчийн хөрөнгийг түрээслэгч этгээдэд 6 хүртэл сараар түрээслүүлсэн бол эхний нэг сарын түрээсийн 90 хувийг, 6 ба түүнээс дээш сарын хугацаатай түрээслүүлсэн бол эхний нэг сарын түрээсийн төлбөрийн 100 хувиар тооцож төлбөрийн эхний хугацаанаас зуучлагч талд зуучлуулагч тал нь ажлын хөлс болгон төлөхөөр тохиролцсон байна.

 

3.3. Гэрээгээр тохирсны дагуу зуучлагч ******* ХХК /*******/ нь зуучлуулагч *******ыг *******тай холбож өгснөөр ******* болон ******* нарын хооронд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэг жилийн хугацаатай, сарын төлбөрийг 1,800,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон байна. Зуучлалын гэрээгээр тохирсноор орон сууц хөлслөх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан тул зуучлуулагч ******* нь ажлын хөлсөнд 1,800,000 төгрөгийг зуучлагч ******* ХХК /*******/төлсөн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

4. Гэтэл орон сууц хөлслөгч ******* нь 3 сарын дараа орон сууц хөлслөх гэрээг цуцалж *******д орон сууцыг хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан зуучлалын гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзах эрхтэй.

 

4.1.Хариуцагч нь гэрээний үүргийг зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, ажлын хөлсийг 1,620,000 төгрөгөөс тооцож, зуулчлалын хөлсийг 405,000 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэгчийн зуучлалын хөлсөнд төлсөн 1,800,000 төгрөгөөс зуулчлалын хөлс 405,000 төгрөгийг хасаж тооцоход 1,395,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,350,000 төгрөгөөр тодорхойлсон хэмжээнд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...нотлох баримтыг буруу үнэлсэн... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2026/03635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ