Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1068

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2016/01068

Орхон аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-16 тоотод оршин суух Мянгат овгийн Цэрэндагвын Дамдинжав /АВ:63113011/ 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 35-01 тоотод оршин суух Боржигон овгийн Түвшинжаргалын Очир-Эрдэнэ /ФБ:88070817/

450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Дамдинжав, хариуцагч Т.Очир-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Дамдинжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 27-нд өөрийн өмчлөлийн унаж хэрэглэж байсан Соната-5 маркын 21-23 ОРО машинаа Очир-Эрдэнэтэй ярьж түүний унаж явсан Сузуки кэй маркийн 07-36 УБЧ машинаар солихоор тохирч гэрээ байгуулаад машинуудаа солилцсон. Гэтэл түүний надад өгсөн машины мотор нь муудсан, утаа хаяад болохгүй байсан тул миний бие 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр уулзаж, машинаа буцааж ав, би өөрийн машинаа буцааж авч уная гэтэл Очир-Эрдэнэ, ахаа би танд моторын үнэнд 300 000 төгрөг өгье, наймаагаа буцаахгүй гэж гуйгаад, энэ талаар бичгээр баталгаа хийж өгөөд явсан. Ингээд түүнээс 300 000 төгрөг авмагц машины бичиг баримтыг түүний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсон боловч, мөнгөө өгөхгүй явсаар миний машиныг шонгын мод мөргүүлээд, одоо засварт өгөөд аваагүй байгаа, мөнгө өгч чадахгүй гээд хөдлөхгүй байна. Өөрийнх нь надад өгсөн машин нь 2 жил үзлэгт ороогүй, эзэмшил нь Очир-Эрдэнэ дээр биш Мягмарсүрэнгийн Ганзориг гэж өөр хүний нэр дээр бичигдсэнээс гадна энэ хүн нь уг машиныг Улаанбаатар хотын Шинэ өрнөх бүтээмж компаний машины ломбарданд тавьсан байсан. Энэ бүгдийг нь хөөцөлдөхөд надаас нилээд их зардал гарсан. Иймд Очир-Эрдэнээс дараах хохирлыг нэхэмжилж байна.

                 а.Моторын  үнэ 300 000 төгрөг

                 б. Улаанбаатар хот явж машины өмчлөл шилжүүлсэн, машины торгууль, ирж буцсан унааны зардал зэрэгт 150 000 төгрөг, нийт 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Т.Очир-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн унаж байсан Сузуки-кэй маркийн машинаа Дамдинжав ахтай 21-23 ОРА соната-5 машинаар сольж уг машиныг солих үедээ ах машины ямар нэгэн гэмтэл гарсан үед сольсон бол сольсон өөрсдөө хариуцна гэж тохиролцсон. Харин сарын дараа мотор цохичихлоо гэж мөнгө нэхсэн тэгтэл би үгүй ээ гэж ярилцсан машинаа нэр дээрээ шилжүүлэн авах үед Дамдинжав ах өөрөө хот явах ажилтай тэгээд шижлүүлээд ирье гэсэн юм аа. Машинаа шилжүүлэн авахад асуудал болоогүй М.Ганзориг ахын нэр дээр байсан нь үнэн. Иймд энэ хүнд ямар ч мөнгө өгөхгүй, өгнө гэж тохиролцоогүй. Харин соната 5 машинаа Дамдинжав ахаас өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хүсэж байна гэжээ.

 

            Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Дамдинжав би хариуцагч Т.Очир-Эрдэнэтэй эвлэрч 2016 оны 10 дугаар сарын 05-ны дотор 150 000 төгрөг авч машиныг нь шилжүүлж өгөхөөр тохирч эвлэрч гэрээ байгуулав. Жич 300 000 төгрөгөөс татгалзаж, 150 000 төгрөгт эвлэрэв гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Дамдинжав нь хариуцагч  Т.Очир-Эрдэнэд холбогдуулан 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагийн 300 000 төгрөгөөс татгалзаж, 150 000 төгрөг болгосныг  хариуцагч Т.Очир-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 5 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 14 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Ц.Дамдинжав нэхэмжлэлийн шаардлагаа  300 000 төгрөгөөр бууруулж 150 000 төгрөг болгосныг  хариуцагч Т.Очир-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Т.Очир-Эрдэнээс 5 150 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ц.Дамдинжавд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ