Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1412

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч /томилолтоор/ Э.Гэрэлмаа, шүүгдэгч Ч.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03609 1706 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Н, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ч.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 24-556 тоот хашааны гадаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Бурмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Нмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.

            Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Бурмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-15, 16-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Нивгүнсэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7302 дугаартай дүгнэлт /хх-н 27/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 35/, мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 45-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Ч.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 24-556 тоот хашааны гадаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Бурмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.       

            Шүүхээс шүүгдэгч Ч.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Бурмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Бурмаагийн "...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ны өдөрт шилжих шөнө би бэрүүдтэйгээ хамт нэг газар сууж байгаад жаахан оройтоод 01:00 цагийн орчим гэртээ иртэл, гэрийн гадаа Улаанаа гэх манай нөхрийн танил дүүгийн машин дотор манай нөхер Намхайнямбуу, Улаанаа, Анхаа гурав архи уугаад сууж байсан. Би тэр гурав дээр очоод, машинд нь орж суугаад том савтай хэдэн ширхэг пивийг тэр гуравтай хамт хувааж уусан. Яг хэдэн ширхэг, ямар нэртэй пиво ууснаа одоо бол сайн санахгүй байна. Тэгээд бид дөрөв пиво уунгаа ярьж сууж байгаад Улаанаа бид хоёр маргалдсан. Тэгсэн манай нөхөр Намхайнямбуу Улаанаа гэх танил дүүгээ өмөөрөөд надтай хэрүүл маргаан хийж байснаа машин дотор миний толгойн тус газар баруун гараараа 2-3 удаа цохичхоод машинаас буугаад явчхаар нь би бас машинаас буугаад Намхайнямбууд цохиулсан, зодуулсан уурандаа араас нь чулуу аваад шидтэл Намхайнямбуу уурлаж, буцаж надруу хүрч ирснээ миний нүүрэн тус газар гараараа нэлээн хэдэн удаа цохисон, тэр үед миний хамарлуу яг цохиж таараад миний хамраас цус гарсан. Яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Миний хамраас цус гараад унахаар нь би доошоо хараад газар суутал, намайг Нахайнямбуу хөлөөрөө өшиглөж газар унагаагаад, миний толгойн тус газар нэлээн олон удаа хөлөөрөө дэвссэн..., Манай нөхөр өмнө намайг зөндөө олон удаа зодож байсан. Нэг удаа зодох үед нь цагдаад мэдэгдэж, шүүх эмнэлэгт үзүүлэх гэж байгаад, би өөрөө Шүүх эмнэлэгт үзүүлэлгүй, цагдаагаас өргөдлөө буцааж авч байсан. Манай нөхөр Намхайнямбуу бид хоёр анх 2010 онд танилцаж, 2012 онд нэг гэртээ орсон. 2012 онд анх намайг жирэмсэн болох үеэс л манай нөхөр Намхайнямбуу намайг зодож эхэлсэн. Анх зодож эхлэхдээ бараг долоо хоног бүр зоддог байсан. Харин 2016-2018 он хүртэл намайг зодоогүй байж байгаад 2018 оны сүүлээс авахуулаад намайг дахиад зодож цохиод эхэлсэн. Эхэндээ 3-4 cap болоод л нэг зодож байсан бол сүүлийн 3 сарын хугацаанд 7-14 хоногт нэг удаа заавал зоддог болсон. Манай нөхөр бид хоёр хууль ёсны баталгаатай гэр бүл мөн. 2016 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Манай нөхөр бид хоёр дундаасаа 3-6 насны 3 хүүхэдтэй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна." гэх мэдүүлэг /хх-н 21-22/;

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7302 дугаартай:

  1. Б.Бурмаагийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ооч, нуруу, бүсэлхийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 27/

                Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Нийн өгсөн: "...би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны баруун Жанжины 24-556 тоотын гадна эхнэр Б.Бурмаатай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохиж, эхнэрийг газарт унахаар нь хөлөөрөө нуруун тус газар нь 1-2 удаа өшиглөн зодож тухайн гэмтлийг Б.Бурмаагийн биед учруулсан. Надаас өөр манай эхнэр Бурмааг зодож, цохиж, гар хүрсэн хүн байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно.." гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

                шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

 

                Иймд шүүгдэгч Ч.Н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Б.Бурмаа нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ч.Н ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.