| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/12203/И |
| Дугаар | 210/МА2026/00895 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00895
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01184 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* ХК-д тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээнээс *******,*******,*******,*******, 2 өрөө орон сууцанд хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт тус компани барьж буй******* нэртэй 128 айлын 16 давхар орон сууцны 10 дугаар давхарт 1008 тоотод байрлах 36.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 36,600,300 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон.
1.2. ******* ХХК нь захиалагчдад мэдэгдэлгүйгээр ******* ХК-аас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээл авахдаа зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн*******, Жаргалантын 1 дүгээр гудамж,од байршилтай 8,398 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан орон сууцны барилгыг бүхлээр нь барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг мэдсэн.
1.3. ******* ХХК нь барилгыг барихдаа гэрээгээр төлбөрийг 100 хувь төлүүлж барьсан барилгыг захиалагчдад мэдэгдэлгүй хууль бусаар бусдад барьцаалж зээл авсныг зөвшөөрөхгүй. ******* ХК нь бусдад зээл олгохдоо барьцааны зүйл орон сууцны барилга нь захиалгын гэрээгээр бусдад худалдагдсан эсэхийг шалгаагүй нь хууль зөрчсөн.
Иймд ******* ХХК болон ******* ХК-иудын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээнээс *******,*******,*******, 10 дугаар давхар, 1008 тоот, 2 өрөө орон сууцанд хамааралтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Банк зээлдэгч ******* ХХК-д *******,*******, , 128 айлын*******-1 төслийн орон сууцны барилгын санхүүжилтэд ашиглах зориулалтаар зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцны барилга болон эзэмших эрхтэй газрыг барьцаалуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. ******* ХК нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан шударга барьцаалагч тул зээлдэгч ******* ХХК-ийн дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж зээлийн төлбөр төлөгдөж дуусах хүртэл барьцааны гэрээний зарим хэсгийг нь хүчингүй болгох, банкны барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй, хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан банкны хууль ёсны эрх, эрх ашиг зөрчигдөх ёсгүй.
2.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь захиалагчдад мэдэгдэлгүй хууль бусаар бусдад барьцаалж зээлийн барьцаанд бүртгүүлсэнийг зөвшөөрөхгүй, мөн ******* ХК бусдад зээл олгохдоо барьцааны зүйлээ судалгаа хийгээгүй, дутуу судалсан нь хууль зөрчсөн. Банк зээл олгохдоо барьцааны зүйлд судалгаа хийгээгүй, дутуу судалсан нь хууль зөрчсөн гэсэн нь ямар хуулийг банк зөрчсөн болохыг нотлоогүй.
Нэхэмжлэгч нь барилгын хэсгээс худалдаж авсан тохиолдолд хууль ёсны эрх, эрх ашгаа хангуулахаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх байтал хийлгээгүй нь барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд барьцааны гэрээний зарим хэсгийг нь хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, банк нь уг барилга, газрыг барьцаалж зээлийг олгох үед тухайн 1054 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эзэмшигчээр, мөн 8398 м.кв талбайтай орон сууц үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд ******* ХХК нь бүртгүүлсэн байсан тул барьцааны гэрээ байгуулах үед тухайн 1008 тоот байрны өмчлөгч биш, дээр нь улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй захиалагчийн захиалгын гэрээг банк хянаж шалгах эрх, үүрэг хуулиар үүсээгүй буюу нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах үндэслэл байгаагүй. Хэрэв захиалагч ******* нь байрыг худалдан авч улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлийг хийлгэсэн бол зээл олгогдохгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдахгүй байсан.
2.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар 1008 тоот байрны өмчлөгчөөр тогтоосон нь ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээний хуулийн хүчин төгөлдөр байдал болон тус гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсгэхгүй. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр барьцаалж буй ******* ХК нь барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсны хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж буй этгээд түүнд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй. Банкны хувьд барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан шударга барьцаалагч тул зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд маргаан бүхий *******,*******,******* хотхоны 10 дугаар давхарын 1008 тоотод байрлах 2 өрөө 36.97 м.кв талбайтай орон сууцанд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ариунболд миний бие *******гийн нэхэмжлэлтэй танилцав. Манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй, харин шүүх хуралд оролцохгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ******* ХХК, ******* ХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай барьцааны гэрээний ******* 7-р хороо,******* 10-р давхар 1008 тоотод байрлах 2 өрөө, 36.97 м.кв талбай бүхий орон сууцанд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй учир барьцааны гэрээ байгуулж байгаа гэдгийг ******* ХК нь захиалагчид мэдэгдэх үүрэггүй... гэж дүгнэсэн. Харин барьцааны гэрээний нэг тал болох ******* ХХК-ийг хариуцагчаар татсан. Барилгын компанийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тайлбар гаргасан байхад шүүх хэргийг бүрэн гүйцэд хуульд нийцүүлэн хянахгүйгээр хэт нэг талын тайлбарыг үндэслэл болгосон. Мөн банкны тайлбарлаж буй урьдчилсан тэмдэглэгээ хийхэд хуулиар заавал ******* ХХК-тай хамтарч хүсэлт гаргахыг шаардсан боловч тус компаниас хүсэлт гаргаж бүртгүүлэх боломж олгоогүй нь ийнхүү нуун дарагдуулж хууль бус хэлцэл хийх санаачлага гэж харагдаж байна.
Түүнчлэн, ******* ХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны төслийг санхүүжүүлэх гэж байж зээлийн судалгааг дутуу явуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барыдааны тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2, 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгосон нь ******* ХК-ийн барьцааны эрхийг хөндөх үндэслэл байхгүй. Талуудын байгуулсан барьцааны гэрээ өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд энэ талаарх асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээг заавал хийлгэх шаардлагатай эсэх талаар тайлбарлаж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт барьж дуусаагүй барилгын эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж болно гэж заасан. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгаа хангуулж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол маргаан бүхий хөрөнгийг ******* ХК нь барьцаалахгүй, улмаар зээл олгохгүй байсан. Манай компани нь 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр барьцаалагчид зээл олгосон. Энэ асуудлын хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, Хаанбанк ХК-д тус тус холбогдуулан ******* ХХК болон Хаан банк ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээнээс *******, 07 дугаар хороо,*******, 10 дугаар давхар, 1008 тоот, 2 өрөө орон сууцанд хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч ******* ХК эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. ******* нь ******* ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн*******,******* үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхон,******* хаягт байрлалтай, 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж, 2020 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч ******* нь орон сууцны төлбөрт 36,600,300 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 7-11/
3.2. ,, хаягт байрлалтай, 8398 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр ******* ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх-ийн 16/
3.3. ******* ХХК нь Хаан банк ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Хаан банк ХХК-аас 2,900,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн*******, , 128 айлын*******-1 төслийн орон сууцны барилгын санхүүжилтэд ашиглах зориулалтаар зээлэхээр тохиролцсон. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн*******,, хаягт байрлалтай, 8398 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1054 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай газрыг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 41-47/
3.4. Үүний дараа ******* ХХК нь дээрх барилгын 100 хувийн гүйцэтгэлтэй болсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус компанид дахин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.
3.5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан *******, 07 дугаар хороо,******* орон сууцны барилгын*******, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 18,300,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгч алданги 18,300,150 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, *******,*******,******* орон сууцны барилгын*******, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 5-6/
3.6. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч нарыг *******,*******,******* хотхоны тоотуудад байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр тогтоох тухай албан бичгийг хүргүүлэхэд тус хөрөнгө ******* ХХК-ийн Хаан банк ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй хариу ирүүлсэн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоох шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэх хариуг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1231 тоот мэдэгдэх хуудсаар хариу өгчээ. /хх-12/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК болон Хаан банк ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээнээс *******, 07 дугаар хороо,*******, 10 дугаар давхар, 1008 тоот, 2 өрөө орон сууцанд хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.1. Учир нь худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжээгүй байх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй учраас нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
4.2. ******* ХХК-д ******* нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн, үүнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ,, хаягт байрлалтай, 8398 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр ******* ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг *******д шилжүүлээгүй, улмаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.
4.3. Талуудын хооронд ******* ХХК-ийн Хаан банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, маргаж буй орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгт Барьцаалуулагч дараах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 157.6.2-т Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэж заасан.
5.1.Хэргийн баримтаас үзвэл эхэлж нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, үүнээс 2 жилийн дараа ******* ХХК болон Хаан банк ХХК-ийн хооронд зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан, ******* ХХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгад захиалга авч иргэдтэй гэрээ байгуулж, төлбөр төлж байсан зэрэг нөхцөл байдал нь барилгыг бүхэлд нь барьцаалах эрхтэй байсан эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
5.2. Нөгөө талаар барьцаалуулагч ******* ХХК нь Хаан банк ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ,, хаягт байрлалтай, 8398 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахдаа гуравдагч этгээдийн шаардлага байгаа талаар барьцаалагчид мэдэгдээгүй байна.
Учир нь ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ болон нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөх талаар хариуцагч ******* ХХК-аас Хаан банк ХК-д мэдэгдэх үүрэгтэй юм. Иймд хариуцагч ******* ХХК нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч Хаан банк ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
6. Нэхэмжлэгч ******* нь Хаан банк ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний нэг тал болж оролцоогүй боловч хариуцагч ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний нэг тал байх тул түүний эрх ашиг хөндөгдсөн этгээд гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.
7. Давж заалдах шатны шүүх Хаан банк ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх учиртай.
Иймд Хаан банк ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан № тоот барьцааны гэрээнээс *******, 07 дугаар хороо,*******,******* хаягт байрлах, 36.97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, барьцаанаас чөлөөлж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хаан банк ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан № тоот барьцааны гэрээнээс *******, 07 дугаар хороо,*******,******* хаягт байрлах, 36.97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлсүгэй. гэж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 340,952 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 340,952 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ