| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/16910/И |
| Дугаар | 210/МА2026/00896 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00896
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05380 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,790,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлыг хянаад хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан учирсан гэм хорын хохиролд 8,790,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. ******* болон ******* нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдаж, гэрээгээр даатгагч ******* нь даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөр төлөх, даатгуулагч ******* нь ******* улсын дугаартай toyota crown-S210 маркийн тээврийн хэрэгслийг 46,000,000 төгрөгөөр даатгуулж, даатгалын хураамжид 1,150,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 14/
3.2. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн хойд замд 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******ы жолоодон явсан ******* улсын дугаартай, тoyota prius XW20 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* нь даатгуулагч *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай тoyota crown-S210 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ослын улмаас *******ийн тээврийн хэрэгсэлд хохирол учирснаар даатгалын тохиолдол бий болсон.
3.3. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-гаар тoyota crown-S210 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн капут чихэгдэж нугарч цүлхийн гүлзайсан, капутны 2 ширхэг тэслэгч, капутны никел эмжээр сэнж хугарч, зурагдсан, дээд болон доод нүүр сетка хагарсан, цуурч хугарсан, зүүн урд сетканы босоо никел хугарсан, буферны арын хуванцар хаалт хагарч цуурсан, зүүн урд гэрэл чихэгдэж 3 ширхэг сэнж хугаран тасарч цоорсон, улсын дугаар нугарч хонхойсон, урд буфер цуурч будаг халцран зурагдсан, будаг халцарсан гэж эвдрэл хохирлын үнэлгээг тухайн өдрийн ханшаар 8,200,000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 12-14/
3.4. Талууд даатгалын гэрээгээр жолоо шилжүүлсэн үеийн эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувь даатгаж, нөхөн төлбөрийг олгохоор тохирсон байна. Зам тээврийн осол гарснаар даатгалын тохиолдол бий болж, даатгуулагч *******ийн даатгуулсан ******* улсын дугаартай тoyota crown-S210 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирч даатгалын эрсдэл бий болсон.
3.5. Нэхэмжлэгч ******* нь даатгалын гэрээний дагуу даатгуулагч *******ид үнэлгээний тайлангаар үнэлсэн 8,200,000 төгрөг, даатгуулагчаас хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөрт 590,000 төгрөг, нийт 8,790,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт төлсөн байна. /хх-ийн 19/
4. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээ ...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчид гэм хорыг нөхөн төлснөөр шаардах эрх манай байгууллагад шилжсэн, хариуцагч ******* нь даатгуулагчийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хохирол учруулсан тул гэм хорын хохирлыг нэхэмжилнэ гэж, хариуцагч ******* нь ...даатгуулагчийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг жолоодож явсан учраас даатгалын хамгаалалтад хамаарах этгээд тул нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, нөхөн төлбөрийг нэхэмжлэгч даатгалын гэрээний дагуу төлсөн нь даатгалын эрсдэлд хамрагдсан тохиолдолд хамаарна, буцаан нэхэмжлэх эрхгүй гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан.
Даатгуулагчийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ осол гаргасан этгээд даатгалын гэрээгээр хамгаалагдах нь эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт ...даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус зохицуулсан. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан этгээд нь даатгалын компани, эсхүл даатгуулагчтай аливаа гэрээний харилцаа үүсгээгүй гуравдагч этгээд байна. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхэд даатгуулагч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдол ихэнхдээ даатгуулагч ба гуравдагч этгээдийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гуравдагч этгээдийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой буюу үүргийн зөрчилтэй холбоотой байдаг. Энэ үед даатгагч даатгуулагчид хохирлыг төлж, шаардах эрхийг гэрээ болон хуульд зааснаар шилжүүлж авдаг.
5.1. Хариуцагч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр даатгуулагч *******ийн ******* улсын дугаартай toyota crown-S210 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *******ы ******* улсын дугаартай, toyota prius XW20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж *******ийн тээврийн хэрэгсэлд 8,200,000 төгрөгийн хохирол учруулсан, үүний улмаас нэхэмжлэгч *******-аас даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч *******ид төлснөөс үзвэл хариуцагч ******* буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан, улмаар учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
5.2. Түүнчлэн, талууд даатгалын гэрээгээр замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүдийг даатгахдаа жолоо шилжүүлсэн үеийн эрсдэлийг даатгасан байна. Даатгалын гэрээгээр даатгагч ******* даатгуулагч ******* тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг түүний өмнө хүлээсэн байна. Харин жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл нь даатгуулагчийн зөвшөөрөлтэйгөөр жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл болохоос гуравдагч этгээд жолоо барьж явах үеийн хохирлыг хариуцах талаар тохирсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн зөвшөөрлөөр хариуцагч тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа хохирол учруулсан нь түүнийг хохирлыг нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.3. Даатгагч ******* нь даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Иймд хариуцагчийн ...тээврийн хэрэгсэл 100 хувийн даатгалтай байсан тул нэхэмжлэгч байгууллагаас даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүрэгтэй болохоос нөхөн төлбөрийг гуравдагч этгээдээс нэхэмжлэх эрх үүсгэхгүй, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь заалт зөвшөөрөлтэй жолоочид хамаарахгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн хариуцагчаас 8,790,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн ...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ