Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1411

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч П.Болормаа, хохирогч Н.Чинбат, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Г, С.М нарт тус тус холбогдох эрүүгийн 1806 01462 0273 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, Ш.Г, 

2. Монгол Улсын иргэн, С.М, 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Г, С.М нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтыг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: “...2018 оны 2 сарын 12-ны өдөр 01 цагийн үед хохирогчийн гэр рүү орсон. Бүргэд хаалга нь онгорхой байсан. Вакум хаалга цойжтой байсан. С.М хаалганы цоожыг тавьдаг газрыг мэддэг байсан. Тэгээд хаалгыг онгойлгосон. Хоол идчихээд гарахдаа зурагт аваад гарсан. Ломбарданд тавих гэж явж байгаад эргүүлийн цагдаад баригдсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ш.Гтой таараад 01 цагийн үед хохирогчийн гэр рүү орсон. Бүргэд хаалга нь онгорхой байсан. Вакум цонхны түлхүүр шонгийн өлгүүр дээр байдаг газрыг мэддэг байсан. Тэгээд түлхүүр аваад вакум цонхыг онгойлгосон. 2 давхарын хаалганы түлхүүр 2 давхрын орны гудас нь доогуур байдаг. Хоол хийж идээд мөнгөний хэрэг гарсан тул яах учраа олохгүй байж байгаад, зурагт ломбарданд тавъя гэж ярилцсан. Учир нь Ш.Гомбын цалин удахгүй буух тул буцаагаад зурагтаа авна гэж бодож байсан. 100 айлын буудлын орчим байдаг ломбард ороод асуутал ломбардны эзэн үзэж харж байж болно гэсэн учир буцаж очоод зурагтаа үзүүлтэл 250.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Ломбарданд тавих гэж явж байгаад эргүүлийн цагдаад баригдсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Чинбат мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр уг хэрэг гарсан. С.М манай охины найз залуу. Манай охинтой үерхэж байгаад хүүхэдтэй болсон. Манай охин С.Мтэй гэрлээгүй. Манайд орж гараад явж байдаг байсан. Тухайн үед манай охин, эхнэр хоёр гэрт байгаагүй хөдөө байсан. С.М манайд манай охиныг байх үед  үе үе орж гараад явж байдаг байсан. Манай охиныг байхгүй үед манайд миний зөвшөөрөлгүй орж гарах ёсгүй. Манайх давхар хаалгатай. Тусдаа унтлагын өрөөнд гудсан дор түлхүүр байдаг гэдгийг С.М мэдэхгүй. Цонхны мөнгийг С.Мийн ээжид удаа дараа хэлж байсан. Хавтаст хэрэгт жилийн өмнө 45.000 төгрөгийн баримт өгсөн. Одоо цонхны мөнгө 75.000 төгрөг болсон. Яагаад гэвэл тэр үед би цонхны ханш судлаагүй байсан. 75.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол байхгүй.” гэв.

 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 11/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэ /хх-н 23-26/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чинбатын өгсөн мэдүүлэг /хх-н 28-32/, гэрч Б.Ялалтбаярын өгсөн мэдүүлэг /хх-н 33-34/, гэрч Х.Сумъяахүүгийн өгсөн мэдүүлэг /хх-н 35/, барьцаат зээлийн гэрээний баримт /хх-н 39-42/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 43-44/, мөрдөн шалгах ажиллагаанд С.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 76-77/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Гомбын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 67-68/, С.Мийн хувийн байдлыг тогтоосон баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79-97/, Ш.Гомбын хувийн байдлыг тогоосон баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 99-110/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Ш.Г, С.М нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтыг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Ш.Г, С.М нарыг бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтыг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чинбатын өгсөн: “...Би хоёр жилийн өмнө буюу 2017 онд “Арина” нэртэй электрон барааны дэлгүүрээс 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан 55 инчийн 3ди зурагтыг авч байсан баримт нь байгаа зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн баримт нь байгаа. Авсан үнээрээ үнэлж байна. Тэгэхдээ би хулгайд алдсан зурагтаа эргүүлж авсан байгаа. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед гэртэй иртэл байшингийн гаднах хаалга онгорхой дотор талд байдаг вакум хаалга онгорхой байсан. 2 давхарын өрөөнүүдийг үзэхэд унтлагын өрөөнд байсан Скайворд маркийн 55 инчийн Зди зурагт байхгүй байсан. Би хулгайд алдсан зурагтаа эргүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 27- 30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ялалтбаярын өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плаза” төвийн ард байрлах “Цамба” ломбарданд ажил дээр байж байтал залуухан 2 эрэгтэй хүн орж ирээд нэг гинж үзүүлэхэд хуурамч жинхэнэ эсэхийг шалгаад өгөөч гэсэн юм. Тэр хоёр хүүхэд хуурамч гинж авч явсан. 2-3 минутын дараа буцаж орж ирээд “манай эгчийн зурагт байгаа юм, мөнгө хэрэг болоод барьцаанд тавих гэсэн юм авах уу” гэж хэлэхээр “үзэж байж болъёо” гэхэд “гэрээсээ очоод аваад ирье” гээд явсан. Тэрнээс өмнө смарт интернэт ордог гэхээр нь 100 айлын “Жоби”-н ард байрлах байранд хүрээд ирээрэй гэсэн 30-40 минутын дараа таксигаар хүрч ирэхээр нь зурагтыг шалгахад асахгүй байсан. “250.000 төгрөгөөр барьцаанд авъя” гэхэд “тэгье” гэсэн. Эргүүлийн цагдаа таарч шалгахад хулгайн зурагт байсан. Манай ажил дээр интернэт кабел байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Гомбын яллагдагчаар өгсөн: “...С.М нь “би эхнэр хүүхэд рүүгээ явах хэрэгтэй байна. Мөнгө хэрэгтэй байна” гэж ярьж байгаад “энэ зурагтыг тавьчихая, тэгээд мөнгийг хувааж авч өгнө шүү” гэсэн. Тэгээд бид 2 тохиролцоод 100 айлын ломбарданд тавихаар болоод ломбард руу явж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мийн яллагдагчаар өгсөн: “...Надад байсан түлхүүрээр хаалга нээж ороод Ш.Г “хоёулаа энэ зурагтыг ломбарданд тавиад би ажил хийгээд мөнгө олоод буцаагаад аваад өгье” гэсэн. Бид 2 санал нэгдээд ломбард ольё гээд гарч 100 айлын тэнд ломбарданд ортол нэг эрэгтэй зурагт авна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-76-77/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-26/, Илтгэх хуудас /хх-12/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-13-14, 18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-43-44/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-18/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн “...Мөнхдэлгэр бол манай охины найз залуу байсан. Гэхдээ манай гэрт дураараа орох эрхгүй хүн. Манай охиныг гэртээ байх үед нь ирдэг байсан. Хэдийгээр манай охин Мөнхдэлгэр нарын дунд хүүхэд байгаа хэдий ч манай хүргэн бол биш. Хүргэн болж байгаагүй. Манай гэр бүлийн гишүүн биш. Одоо ч хүүхэдтэйгээ уулздаггүй.” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Г, С.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

Хохирогч Н.Чинбатад цонх хагарсаны төлбөр болох 45.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлбөр төлсөн, гэм буруу дээр маргахгүй байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ш.Г, С.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Г, С.М нар нь тус бүр 140 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон 140 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар тэдгээрт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан ба одоогоор 21 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүхээс шүүгдэгч нарт дээрхи хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан.” гэж зааснаар шүүгдэгч нар нь нас бие, эрүүл мэнд, ёс суртахууны хувьд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.