Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1400

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүгдэгч Ч.Г, У.Т, тэдгээрийн өмгөөлөгч А.Туул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1906 02820 1215 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

3. Монгол Улсын иргэн, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Г, У.Т, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Амаржаргалын эзэмшлийн 347.056 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Таб-А” загварын таблетийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч У.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, эд мөрийн баримтаар түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Амаржаргалын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-9-16/, Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 347.056 төгрөгийн тайлан /хх-35-36/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58-61/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд У.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-63-66/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-50-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68, 82, 86/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69, 83, 87/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатааас Ч.Г, У.Т, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Амаржаргалын эзэмшлийн 347.056 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Таб-А” загварын таблетийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Ч.Г, У.Т, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Амаржаргалын эзэмшлийн 347.056 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Таб-А” загварын таблетийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Амаржаргалын хохирогчоор өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр пабаас хэдэн цагт гарснаа санахгүй байна. Би такси барьтал цагаан өнгийн Тоёота маркийн машинд 3-н залуу суучихсан байхаар нь би тэр таксинд Сансараас суугаад Тэнгэр плаза оръё гэтэл тэр хөдлөөд Тэнгэр плазагийн наана ирээд зогссон. Би 8.000 төгрөг гарсан тээ гэтэл жолоочийн эсрэг талд сууж байсан залуу бууж ирээд миний хамар руу цохиод цус гарсан. Би цохиод байхаар нь айгаад цүнхнээс таб гаргаж ирээд мөнгөө шилжүүлье гэтэл миний Хаан банкны дансны нууц дугаарыг асуугаад би нууц дугаараа хэлтэл миний данснаас 8.000 төгрөг хаашаа ч юм шилжүүлсэн. Би таб цүнхэндээ хийгээд замын нөгөө талаас такси барих гэтэл Тоёота маркийн саарал өнгийн пруис 20 маркийн автомашинтай нөгөө 3-н залуу ирээд намайг машинд суу гэхээр нь би суугаад Тэнгэр плаза орьё гэтэл Кино үйлдвэр лүү явчихсан. Намайг Кино үйлдвэр дээр буулгаад утсыг чинь аваагүй гэж хэлсэн. Би машинаас буутал миний таб байхгүй байсан. Миний табыг хэн авсаныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-9-16/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 347.056 төгрөгийн тайлан /хх-35-36/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Гийн яллагдагчаар өгсөн “...Ингээд Бандихүү дээр очиход машины арын суудал дээр хохирогч Амаржаргал сууж байсан. Амаржаргалыг өмнө нь таньдаггүй байсан. Ингээд би хохирогчийн хажууд сууж Тогтохбаяр жолоочийн хажууд сууж явсан. Тэгээд юу болсныг асуухад Бандихүү энэ хүн таксины мөнгөө өгөхгүй байна гээд хохирогч урдаас нь янз бүрийн юм яриад баярхах шинжтэй болсон. Тэгтэл Бандихүү машинаа хөдөлгөөд холдолгүй зогсоод Тогтохбаяр уг залуутай мөнгө өг гэж маргаад улмаар эргэж хараад нэг цохиод, машинаас буугаад дахин нэг цохиж, нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хүн мөнгөө шилжүүлнэ энэ тэр болоод учраа олж нэр усаа мэдэлцсэн юм. Интернэтээр мөнгөө шилжүүлнэ гээд чадахгүй байсан ба Бандихүүд нууц кодоо хэлээд Тогтохбаярын утсаар нь интернэт банкаар нь орж кодыг нь солиод таксиныхаа мөнгийг авсан. Тэгээд цааш хөдлөөд Сансарын түнелийн автобусны буудал дээр буулгачихаад хөдлөхөд Бандихүү та хоёр хувцсаа солиод юмыг нь авчих гэхээр нь Тогтохбаяр яах юм бэ гэж асуухаар нь яасан ч яахав гээд хохирогч дээр эргэж очоод суулгасан. Хохирогч угаасаа такси барих гээд гараа өргөөд замын хажууд зогсож байсан юм. Ингээд таксинд суухаар нь хөдлөөд 4-н замаар эргээд Жуков өнгөрч кино үйлдвэрийн автобусны буудлын наахан талд зогсоод таксины 2.000 төгрөг болсон гэхэд хохирогч түрүүвч байгаа олохгүй байна гэхэд Тогтохбаяр цүнхийг нь аваад түрүүвчийг нь олж өгөхөд 2.000 төгрөгөө өгсөн. Тэгээд Бандихүү машинаас буулгаж өгөөд автобусны буудал хүргэж өгөөд эргэж ирсэн. Тэр үед таблетыг нь Тогтохбаяр авчихсан байсан. Ингээд бид гурав хоол идэхээр болж Шөлөндө явах үед таблет авсаныг нь мэдсэн. Тэгээд Шөлөндө хоолны газарт орж Тогтохбаяр хоол захиалах гэж яваад Бандихүү бид хоёр хүлээж сууж байхад би интернэт банкны кодыг нь мэдэж байгаа, дансанд мөнгө байгаа гээд ороод 110.000 төгрөг байна гээд мөнгийг нь ямар данс руу хийх үү гэхээр нь би өөрийнхөө 560704735 дансанд “ахаас нь” гэж бичээд хийсэн. Тэгээд Тогтохбаяр хоол захиалж ирэхэд нь мөнгө авсан гэдгээ хэлсэн. Гэртээ харьж таблет нь Бандихүүгийн машинд үлдээд Бандихүү форматлана гээд маргааш нь аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-58-61/,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У.Тын яллагдагчаар өгсөн “...2019 оны 05 сарын 10-ны шөнө 00 цаг Гантөмөр бид хоёр гарахад Бандихүү өөрийнхөө машинтай ирчихсэн машиных нь арын суудалд хохирогч Амаржаргал сууж байсан юм. Тэгээд би урд талын суудал дээр сууж Гантөмөр арын суудал дээр суугаад яасан гэж асуухад Бандихүү таксины мөнгөө өгөхгүй байна гэж арын суудал дээр сууж байсан хохирогчийг хэлсэн юм. Тэгэхээр нь би мөнгөө өгөөч гэхэд миний урдаас “...би наад таксины чинь мөнгийг өгчихнө одоо надад бэлэн мөнгө алга Айфоне Х байна маргааш дахиад нэгийг авна” гээд том том яриад байхаар нь тэгвэл чи мобайлдчих гэхэд дата байхгүй гэхээр нь би гар утсаа гэрт орж авч гарж ирээд дата асаахад болохгүй байсан. Миний утсаар шилжүүлэхээр болоод нууц кодоо хийгээд чадахгүй байсан юм. Тэгтэл Бандихүү утас аваад нууц кодоо хохирогч хэлээд Бандихүү кодыг нь сольж өгөөд таксины мөнгөө авсан. Дараа нь хохирогчийг Сансарын түнелийн тэнд буулгаад доошоо гэр лүү явах гэж байтал Бандихүү та хоёр хувцсаа сольж байгаад саяны залуугийн таблетыг нь авчих юм уу гэхээр нь нэг нэгэн рүүгээ хараад за, за гээд эргээд хохирогчийн байгаа газарт нь очоод машинд суулгасан. Тэгээд тэр залууг хаашаа явах юм гэхэд Баянзүрх гэхээр нь 4-н замаар эргээд кино үйлдвэрийн хавьд очиж зогсоод таксины мөнгө 2.000 гэж Бандихүү хэлэхэд нөгөө залуу цүнхэд мөнгө байгаа гээд цүнхээ ухаад түрүүвчээ олохгүй байсан. Тэгэхээр нь би цүнхийг нь аваад түрүүвчийг нь олж өгөхдөө цүнхэнд байсан таблетыг нь аваад сандал дээр тавьсан. Тэгтэл Бандихүү буулгаж өгчихөөд буцаж ирээд бид гурав хоол идье гэж яриад Сансар орж Шөлөндө орсон. Тэгээд хоол захиалаад зогсож байхад Бандихүү над дээр ирээд миний утсыг аваад явсан ба би хоолоо захиалчихаад ширээн дээр очиж суухад данснаас нь 100.000 төгрөг авчихлаа гэсэн. Ингээд бид гурав хоолоо идчихээд гэртээ харьж унтаад өглөө нь Бандихүү гараад явсан ба таблет Бандихүүгийн машинд байсан юм. Тэгтэл өдөр нь цагдаагаас сургууль дээр ирж барьсан. ” гэх мэдүүлэг /хх-63-66/,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн “ ...Би 2019 оны 05 сарын 09-ний орой 83-16 УНҮ дугаартай пруис-20 машинаар таксинд явж байтал Тэнгис кино театрын урд талаас 23 цаг өнгөрч байхад архи уусан хоёр согтуу залуу суусан юм. Ингээд тэр хоёр гайгүй бааранд орох юм хүргээд өгчих гэхээр нь би хороолол руу явъя гэж бодоод хөдлөөд явсан юм. Тэгээд хороололын Номин электроникс дэлгүүрийн урд зогс гэхээр нь зогссон. Тэгтэл нэг залуу нь машинаас бууж шээсэн юм. Тэр хугацаанд үлдсэн нэг залуу нь намайг Багануур хүргээд өгчих 100.000 төгрөг өгнө гэхээр нь тэгье гээд тохирсон. Тэгтэл нөгөө залуу нь машинд буцаж орж ирээд надтай Багануур явна гэсэн залууг үгээр идээд байсан юм. Тэр хоёр бааранд орохоо болино гээд Сансарын колонк явахаар болоод би Сансарын колонк дээр очиход таксины 8.000 төгрөг гарсан юм. Тэгээд 8.000 төгрөг болсон мөнгөө өг гэхэд нөгөө Багануур явна гэсэн залуу өгөх гээд байгаа юм шиг мөртлөө өгөхгүй байсан. Тэгээд тэр хоёр намайг дарамтлах аястай үг хэл гаргаад байсан ба тэр хоёр машинаас бууж тамхи татах гээд буухаар нь би өөрийн найз болох Тогтохбаярыг утсаар дуудсан. Удалгүй Тогтохбаяр, Гантөмөр хоёр хамт ирсэн. Ингээд Багануур явна гэсэн хохирогч Амаржаргал машины арын суудал дээр орж ирээд суучихсан байсан ба нөгөө залуу нь гадаа утсаар яриад зогсож байсан. Ингээд бид гурав тухайн залууг аваад шууд хөдлөөд Тогтохбаярын гэрийн ойролцоо Сансарын колонкийн орчимд зогсоод одоо мөнгөө өг гэхэд өгөх гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг болоод бэлэн мөнгө байхгүй интернэт банкаар хийнэ гээд байсан юм. Тэр үед Тогтохбаяр миний хажууд сууж байсан би тухайн хохирогчтой мөнгө өг өгч чадахгүй бол гэсэн маргаан үүсэхэд хохирогч би ширэн бээлийд явдаг гэх мэтчилэн урдаас том, том үг яриа хэлсэн. Тэгтэл Тогтохбаяр нэг удаа нүүр хэсэг рүү нь цохиод машинаас буугаад дахин нэг өшиглөж нэг цохисон юм. Тэгээд хохирогч Тогтохбаяр эвлэрч таксины мөнгөө өгөхөөр болоод Тогтохбаяр өөрийнхөө утсаар интернэт банк орох болсон. Тэгээд хохирогч интернэт банкныхаа нууц кодоо хийж чадахгүй буруу хийгээд байсан учраас би кодыг нь асуухад болохгүй байхаар нь регистерийн дугаараар нь сольж өгөөд таксины мөнгө гээд 16.000 төгрөг авсан юм. Ер нь бол өөрөө нэг нугалаад ав гэсэн юм. Ингээд бид гурав Сансарын түнелийн зам дээр буулгачихаад цааш хөдөлсөн юм. Явах замдаа буцаж очиж таблетыг нь авъя гэж ярилцаад эргэж очиж зам дээрээс машинд суулгасан юм. Тэгээд 4 зам уруудаж Кино үйлдвэрийн наана таксины зогсоол дээр очоод 2.000 төгрөг болсон өг гэхэд цүнхэнд түрүүвч байгаа гээд түрүүвчээ олохгүй байна гэсэн юм. Тэр үед Тогтохбаяр цүнхээс нь түрүүвчийг нь гаргаж өгөх явцдаа таблетыг нь авчихсан юм. Ингээд бид гурав Сансарын Шөлөндө орж хоол идэхээр явсан. Тэр үед би дансанд нь 100.000 төгрөг байгаа гэхэд Гантөмөр нууц кодыг нь мэдэх билүү гэхээр нь би мэднэ гэсэн чинь миний дансруу 100.000 төгрөгийн “ахаас”  нь гэж бичээд шилжүүлсэн. Тэгтэл Тогтохбаяр хоолоо захиалчихаад ирэхээр нь мөнгө авсан гэдгээ хэлсэн. Тэгээд Тогтохбаяр Гантөмөр хоёрын гэрт нь очиж хоноод маргааш нь таблетынх нь нууц кодыг гаргуулаад авч явж байтал цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-50-56/,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Г, У.Т, Б.Б нарыг булэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.  

Прокуророос шүүгдэгч У.Тыг булэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэн түүнд ял шийтгэл оногдуулах  нь үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хэргийн 134 дүгээр хуудас дахь бичгийн баримтаар нотлогдож байх тул тэдгээрийнг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Г, У.Т, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруу дээр маргахгүй байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргахгүй байгаа болон хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар тус бүр 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.