Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0462

 

“Мл” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Мл” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 461 дүгээр шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Мл” ХХК-ийн төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...шүүхээс бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буюу үзэсгэлэн худалдаа эхний өдрөө л Бүгд Найрамдах Солонгос Улсын холбогдох байгууллагуудын зүгээс халдварт өвчин гарсантай холбоотойгоор хол хорионы бүсэд орж, битүүмжлэгдсэн бараа бүтээгдэхүүнээ авах боломжгүй болсон, тодорхойгүй хугацаагаар хаагдсан талаарх мэдүүлгийг анхаарч үзээгүй, Монгол Улсад бараа, бүтээгдэхүүнээ эргүүлэн аваагүй, борлуулах бараа бүтээгдэхүүн түгжигдсэн, үйл ажиллагаа зогссон талаар бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн гэрээний харилцааны дагуу үүссэн гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн иргэний эрх зүйн харилцаа, цалингийн өр төлбөр үүссэн маргааныг ялгаж чадаагүй. .... “хүндэтгэн үзэх шалтгаан байсан" гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг маргаанд хамаарахгүй мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчилж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын  хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн хуудсаар “Мл” ХХК-ийг “тус компанийн ажилтан Х.Нургуль, Б.Н, Э.Э, Э.Х, Ю.Т, Б.Б, О.С, И.М нарын 2019 оны 11 дүгээр сарын сүүл болон 12 дугаар сарын эхний цалинг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй” зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, гомдол гаргагч “Мл” ХХК-иас эдгээр ажилчдын цалинг одоог хүртэл олгоогүй болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ асуудлаар маргаагүй, харин мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас зөрчлийг тогтоох ажиллагааг хийхдээ “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэхийг шалгаагүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж заасны дагуу гомдол гаргагч “Мл” ХХК нь ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний[1] 2.2 дахь хэсэгт “ ... сарын эхний цалинг тухайн сарын 05-ны өдөр, сарын сүүл цалинг тухайн сарын 25-ны өдөр олгохоор” хугацаа тогтоосон байх боловч 2019 оны 11 дүгээр сарын сүүл цалинг тухайн сарын 25-ны өдөр, 12 сарын эхний цалинг тухайн сарын 05-ны өдөр тус тус олгоогүй болох нь тогтоогдсон, хариуцагчаас шалгалтын ажиллагааг явуулахдаа холбогдогчоос мэдүүлэг авч, оролцоог нь хангаж, гомдол гаргагчаас цалинг олгоогүй хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулж, хэрэв зөрчил гаргаагүй гэж үзвэл холбогдох үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа гаргах бололцоог олгосон байна.

Гэтэл гомдол гаргагчаас “цалинг олгохоор тогтоосон хугацаа болох 2019 оны 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд цалинг олгоогүй” хүндэтгэн үзэх шалтгаанаа “...Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод 2019 оны 12 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцохоор компанийн үйлдвэрлэсэн бүх барааг явуулсан боловч “Ковид-19” цар тахал гарсны улмаас бараагаа буцаан татаж чадаагүй, үүний улмаас компанийн орлого тасалдаж, цалин олгох боломжгүй болсон” гэж тайлбарласан нь үндэслэлгүй, цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэнээс хойш бий болсон үйл баримт байна.

Тодруулбал “Мл” ХХК нь ажилтнуудынхаа 2019 оны 11 дүгээр сарын сүүл цалинг 25-ны өдөр, 12 дугаар сарын эхний цалинг 05-ны өдөр гэхэд олгосон байх үүрэгтэй, энэ хугацаанд цалинг олгоогүй буюу хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон дээрх хугацаанд хамаарах хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй атлаа хариуцагчийг “хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тогтоогоогүй” гэж буруутган маргасныг хүлээн авах боломжгүй, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд тухайн компани ажилтнуудынхаа цалинг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас олгох боломжгүй байсан гэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүний “хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно” хэмээн тайлбарлаж буй үйл баримт нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хамаарч байх тул хариуцагчаас зөрчилд хамааралгүй “...Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод 2019 оны 12 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцохоор компанийн үйлдвэрлэсэн бүх барааг явуулсан эсэх, “Ковид19” цар тахал гарсны улмаас бараагаа буцаан татаж чадаагүй” эсэхийг шалган тогтоох шаардлагагүй төдийгүй “...компанийн үйлдвэр ажиллах боломжгүй болж, орлого тасалдах үндэслэл болсон” гэх “Ковид-19” цар тахлын улмаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө дэлхий нийтээр хөл хорио тогтоох, хязгаарлалтын арга хэмжээ аваагүй байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Иймд “Мл” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй” гэж заасан зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр “Мл” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Мл” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 


[1] Зөрчлийн хэргийн материалд авагдсан хөдөлмөрийн гэрээнүүд