Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1144

 

 

 

 

 

 

 

 “Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                         

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03814 дүгээр шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: “Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ц.Мишка, П.Батбилэг нарт холбогдох

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Должинсүрэн,

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Одонтунгалаг,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.Энх-Эрдэнэ,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мишка нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжид орших 010876 тоот гэрчилгээтэй, 18644312530054 нэгж талбарын дугаар бүхий, 450 м.кв талбай бүхий газар эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ барилга барих үүднээс иргэн П.Батбилэгтэй 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Ц.Мишка нь барилга барих хөрөнгөгүйн улмаас тухайн газар дээр барилга барих, баригдсан барилгыг хуваан өмчлөх, хуваан өмчилж байгаа хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах талаар манай компанитай харилцан тохиролцож, эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Ц.Мишка, П.Батбилэг нар нь тэдгээрийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, оронд нь эрх шилжүүлэх гэрээний дагуу “Баянгол мед” ХХК, “Баянмонхор констракшн” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор констракшн” ХХК нар хөрөнгө оруулалт хийж, барилгыг барьж, зоорийн давхарыг тавь, тавин хувиар, 1, 2, 5, 6, 9, 10 дугаар давхарыг “Баянгол мед” ХХК, 3, 4, 7, 8, 11, 12 дугаар давхарыг “Баянмонхор констракшн” ХХК өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Баянгол Мед” ХХК барилгын ажилтай холбоотойгоор 744 587 256 төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэтэл Ц.Мишка, П.Батбилэг нар нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Баянгол Мед” ХХК-ийн өмчлөлийн 900 сая төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгын 900 м.кв талбай бүхий хэсгийг 80 сая төгрөгөөр худалдан авахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус тусдаа өмчлөх эрхийг ноцтой зөрчөөд байна. Уг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу огт төлбөр хийгдэж байгаагүй болно. Иймд Ц.Мишка, П.Батбилэг нар нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд “Баянгол мед” ХХК-ийн өмчлөлийн 900 сая төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгын 900 м.кв талбай бүхий хэсгийг 80 сая төгрөгөөр худалдсан мэтээр хуурамч гэрээ байгуулсан нь бодитоор хийгдээгүй дүр үзүүлсэн гэрээ байх тул 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Батбилэг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Мишка нь П.Батбилэгийг гэрээгээр халхавчилж залилан мэхэлсэн гэж анх Баянзүрх дүүргийн прокурорын газарт гомдол гаргасны дагуу П.Батбилэгт холбогдуулж 201301023085 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэргийг шалгаад, шат шатны прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан боловч Ц.Мишка нь өмгөөлөгч Н.Анхбаярын хамт Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдлыг үндэслэж, Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №1/11 тоот хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай тогтоолоор эрүүгийн хэргийг сэргээж шалгасан. Энэхүү хэрэгт хариуцагч Ц.Мишка нь хохирогчоор тогтоогдон, оролцож байгаад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Мөн “Баянгол мед” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Ц.Мишка, П.Батбилэг нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044057 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн №000222502 тоот гэрчилгээ олгосныг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Ц.Мишка, П.Батбилэг нар нь гуравдагч этгээдээр татагдагдан оролцож явах явцад 2016 оны 3 сарын 23-нд тус шүүхэд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах иргэний хэрэг үүссэн үндэслэлээр захиргааны хэргийг түдгэлзүүлсэн. Ц.Мишка нь Ц.Батбилэгтэй анх ярилцаж, тохирсон бүх л зүйл, гэрээ, хэлцлээсээ буцаж, хуульд заасан байж болох бүхий л арга хэрэгслээр эрүү, иргэн, захиргааны журмаар өргөдөл, гомдол гаргаж, П.Батбилэг нь хохироосон мэтээр жүжиглэж байгаа энэхүү үйлдлээс болж П.Батбилэг болон орон сууц захиалагчид, тухайн орон сууцыг барихад зориулж, барилгын бараа материал нийлүүлсэн бэлтгэн нийлүүлэгч нарыг давхар хохироож, энэхүү маргаан 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК нь гэр бүлийн компани бөгөөд нэхэмжлэлд гарын үсэг зурсан компанийн гүйцэтгэх захирал С.Буянт нь хариуцагч гэж бичсэн Ц.Мишкагийн төрсөн охин юм. Ц.Мишка нь анх П.Батбилэгт барилга барих зөвшөөрөлтэй, хоосон газарт хөрөнгө оруулж, орон сууцны барилга барихыг санал болгосон, явцын дунд мөн Ц.Мишкагийн санал болгосоноор “Баянгол мед” ХХК-ийг барилга барихад оролцуулсан. Гэтэл одоо бүгд нийлж, нэг бол хохирогч, нэг бол нэхэмжлэгч, гуравдагч этгээд, эцэст нь нэгийгээ хариуцагч болгож, шаардлага гаргаж байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Бодитоор хийгдээгүй дүр үзүүлсэн гэрээ гээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах гээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслээд улсын бүртгэл хийгдээд, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцлоо гэхэд улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байгаа. Иргэний хуулийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байгаа. Иймд “Баянгол мед" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Мишка шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Мишка би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13880/, Токиогийн гудамжинд орших, №010876 тоот гэрчилгээтэй, 18644312530054 нэгж талбарын дугаар бүхий 450 м.кв талбайтай газар эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ барилга барих үүднээс иргэн П.Батбилэгтэй 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Миний бие барилга барих хөрөнгө байхгүйн улмаас тухайн газар дээр барилга барих, баригдсан барилгыг хуваан өмчлөх, хуваан өмчилж байгаа хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах талаар “Баянгол мед” ХХК-тай харилцан тохиролцож, эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 5 сарын 25-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу П.Батбилэгтэй байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, оронд нь эрх шилжүүлэх гэрээний дагуу “Баянгол мед” ХХК, “Баянмонхор констракшн” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 5 сарын 29-ний өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор констракшн” ХХК нар хөрөнгө оруулалт хийж, барилгыг барьж, зоорийн давхарыг тавь, тавин хувиар, 1, 2, 5, 6, 9, 10 дугаар давхарыг “Баянгол мед” ХХК, 3, 4, 7, 8, 11, 12 дугаар давхарыг “Баянмонхор констракшн” ХХК өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Баянгол мед” ХХК барилгын ажилтай холбоотойгоор 744 587 256 төгрөгийн хөрөнгө оруулсан нь үнэн болно. Миний бие П.Батбилэгтэй 2013 оны 10 сарын 07-ний өдөр 900 сая төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгын 900 м.кв талбай бүхий хэсгийг 80 сая төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд жинхэнэ өмчлөгч болох “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор констракшн” ХХК-д огт мэдэгдээгүй болно. 2013 оны 10 сарын 7-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгөө тусдаа салгаж бүртгүүлэхийн тулд хуурамчаар гэрээ хийсэн болж, нотариатаар батлуулан бүртгэлийн байгууллагад өгсөн бөгөөд гэрээний дагуу огт төлбөр хийгдээгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Батбилэг, Ц.Мишка нарт холбогдуулан гаргасан 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь 2 өөр утга агуулгатай, ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... П.Батбилэг нь хэлцлийн үндсэн дээр 900 м.кв талбай бүхий дуусаагүй орон сууцыг Ц.Мишкад шилжүүлснийг хөрөнгө оруулалтын гэрээний 2.3-т заасан “Баянгол   мед” ХХК-ийн   эзэмших1, 2, 5, 6, 9, 10 дугаар давхаруудыг худалдсан, мөн өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн, гэрээг дүгнэх боломжгүй болгосон гэж үзэхээргүй байна” гэж үндэслэснээс үзэхэд хөрөнгө оруулалтын гэрээг дүгнээд байгаа юм шиг мөртлөө дараагийн өгүүлбэртээ “хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээг дүгнээгүйг дурдах нь зүйтэй" гэж 2 өөр дүгнэлт хийснийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй байна. Хэрвээ шүүх хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэсэн бол П.Батбилэг, Ц.Мишка нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тодорхой байгаа. Учир нь Ц.Мишка, П.Батбилэг нар нь 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хэдий ч хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас санхүүжилт хийж хөрөнгө оруулан улмаар барилгын гүйцэтгэл нэмэгдэн хөрөнгө оруулалтын гэрээний 2.3-т заасны дагуу өмчлөхөөр тохиролцсон байхад хөрөнгө оруулалт хийгээгүй 2 иргэн нэг нь нөгөөдөө  зарсан мэтээр хэлцэл хийсэн нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Мөн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөд байгаа талаар дурдаад байхад тус гэрээг дүгнээгүй гэж байгаа нь хэрэгт ач холбогдол бүхий баримтыг үнэлээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Хариуцагч Ц.Мишка, П.Батбилэг нар нь барилгад ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, харин “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор” ХХК-иудын хөрөнгө холилдсон байхад үүнийг анхаарч үзээгүй. Хариуцагч нар хөрөнгө оруулалт хийгээгүй байж бусад компаниудын  хөрөнгө холилдсон барилгыг нэг нь нөгөөдөө  худалдах эрх байхгүй.  2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь 80 сая төгрөгийг хүлээж аваагүй, худалдан авагч нь гэрээний дагуу бодитойгоор хөрөнгө хүлээж аваагүйгээ хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Нөгөөтэйгүүр компанийн хөрөнгө оруулалт хийгдсэн 900 м.кв талбай нь хэзээ ч 80 сая төгрөгөөр үнэлэгдэхээргүй хөрөнгө байсан нь тодорхой юм. Үүнээс дүгнэхэд дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхээр байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ бол 2 иргэн дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, түүнийгээ барьцаанд тавьж зээл авах зорилгоор компанийн эрх ашгийг уландаа гишгэж хууль зөрчин, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 56.6-д заасан үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт дурдсан өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 иргэн нэг нь нөгөөдөө шилжүүлсэн гэж үзэхээргүй нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хохироосон хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК нь хариуцагч П.Батбилэг, Ц.Мишка нарт холбогдуулж орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.Батбилэг эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч П.Батбилэг, Ц.Мишка нар 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч П.Батбилэг нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороололд байрлах 900 м.кв үйлчилгээний зориулалттай орон сууцыг худалдаж, худалдан авагч Ц.Мишка нь 80 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дээрхи орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл, уг хэлцлийн зүйл нь нэхэмжлэгчийн өөрийнх нь өмчлөлийнх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж тодорхойлжээ.  /хх-ийн 1-2 дахь тал/

 

            Хариуцагч П.Батбилэг  энэ нэхэмжлэлийн үндэслэлд тайлбар өгсөн тул талуудын хооронд үүссэн маргааныг нэхэмжлэлд дурдсан  үндэслэлээр  хязгаарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

            Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас өмгөөлөгч оролцсон бөгөөд өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэмж өөрчлөх, өөрөөр тайлбарлах эрх олгогдоогүй байхад шүүх нэхэмжлэлд  байхгүй үндэслэл болох “хэлцлийг талууд ноцтой төөрөгдөж хийсэн, хууран мэхэлж болон хүч хэрэглэж хийсэн” гэж тодорхойлж нэхэмжлэгч уг үйл баримтыг нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

            Энэ зөрчил шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх замаар залруулах боломжтой гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 57, 58, 59, 60 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг шүүх шалгах шаардлагагүй байжээ.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.8 дахь заалтад заасан зохих этгээдийн  зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл  гэж тодорхойлсныг зөв гэж үзнэ.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохыг шаардах эрхийг олгоогүй, шаардах эрх нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар юм гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч нар дээрх гэрээг дүр үзүүлж байгуулсан, өмчлөгчийн зөвшөөрөлгүй компанийн өмчийг худалдсан гэжээ.

 

Нэхэмжлэгч  нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно

 

            Шүүх нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт хийж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тул үйл баримтад буюу хөрөнгө оруулалтын гэрээнд дүгнэлт өгөөгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА          

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                            

                                                                                       Г.ДАВААДОРЖ